У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр малын квотын наймаанд оролцсон уу

0834c98489134d627d96a757279bf87bMалаар баян орон боловч төр засгийн толгойд заларсан цөөн хэдэн хүний шуналаас болоод махных нь үнэ сүүлийн үед тэнгэрт хадаж, малын гаралтай түүхий эд нь ашиглаад хаясан ноолийн цаас шиг үнэгүйдэн хог болчихоод байна.

Гэтэл энэ бүхнийг хар толгойгоороо хариуцна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын суудлыг зайдагнасан Ч.Улаан болон түүний хамсаатнууд Хятад руу малыг амьдаар нь тууж гаргахаас эхлээд зүсэн бүрийн хорлонтой наймаа хийгээд салахаа больжээ. Өнгөрсөн оны намар Ч.Улааны эхнэрийн төрсөн дүү О.Даваасүрэн гэгч нь Замын-Үүдэд хятадуудтай хамтран “Бээжин интосикейшн интернейшнл трейд” компанийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллан,  300 га газарт томоос том хашаа хатгаад малыг бөөн бөөнөөр урагш нь  гаргаж байсныг иргэд зад шүүмжилж, арай ядан болиулаад байлаа. Гэвч Ч.Улааныхны шунал бүрэн дарагдаагүй байсан юмсанж. Тус компанийн жинхэнэ эзэн Хуанг Мин гэдэг хятад нь Эрээн хотод амьдардаг бөгөөд тэндээ мах боловсруулах үйлдвэртэй том гарын наймаачин тул сүүлийн үед Монголоос Хятад руу мах экспортлох квотын арилжаа руу ханцуй шамлан оржээ.

Уг нь манай улс 140 гаруй махны  үйлдвэртэй гэж байгаа. Гэвч тэдгээрээс арав хүрэхгүй хувьд нь тэрхүү квотыг олгох журам баталсан Ч.Улааны балагаар Хуан Мин гэгч хятад эр одоо жинхэнэ туйлж байна. Тэрээр Ч.Улааны хүмүүстэй хуйвалдан уг квотыг нь хямдаар аваад  зогсохгүй Хятадынхаа арваад компанийн эздэд олгуулж амжсан байх юм. Харин манай үндэсний үйлдвэрлэгчдээс дөнгөж гуравхан компанид тэрхүү квотоос нь оногджээ. Мөн Ч.Улааны хүмүүс квотоо Хуан Мин гэгчээрээ дамжуулан авлигаар өгдөг бөгөөд мах экспортлох квот авч чадаагүй Хятад, Монголын махны үйлдвэрүүд нь тэдгээр квот авсан цөөн хэдэн компанийн нэр дээр мал, махаа арваад боомтоор хил давуулдаг зүй бус аргад шилжин, хоорондоо алалцах нь холгүй болоод байна. Тэгвэл Ч.Улааны эхнэрийн дүү О.Даваасүрэн, Хуан Мин нар нь болохоор амьдаар нь хилээр гаргах малаа зөвхөн Сүхбаатар аймгаас маш хямдаар худалдаж аваад  Замын-Үүд дэх өөрсдийнхөө компанийн уг байр руу тээвэрлэн хүргэж, тэндээ хэд хоног хашиж, бордож байгаад хилээр гаргадаг болжээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж саяхан “Ч.Улаан Хятадын махны компаниудад мах экспортлох зөвшөөрөл олгосон. Нийтдээ махны квот авсан 12 компанийн ес нь Хятадын компаниуд юм. Дотоодын гурван компани нь манай сайд дарга нарынх бөгөөд квотын наймааанд Ерөнхий сайдын дүү оролцсон. Ингэж Хятадыг илүү их дэмжсэн Ч.Улааныг огцруулах ёстой” гэсэн юм. Тийнхүү квот гэсэн нэрээр давуу эрх эдэлж, Хятад руу мал, мах экспортолж байгаа дотоодын компаниудын нэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаярынх болж таараад байгаа аж. Эрх мэдэлтэнгүүд ингэж хуйвалдан, Хятадуудыг үхэн хатан тэтгэхийн хажуугаар өөрсдийнхөө ах дүү нарыг хөлжүүлж суудаг юм байна.

У.Давхарбаяр нь Эрдэнэт үйлдвэрт яг Ц.Нямдоржийн хүү Анхбаяр, хуурай дүү Анхбаяр нар шиг шахаа хийдэг байсан төдийгүй ахынхаа нэр сүрээр далайлган ЖДҮХС-аас зээл авч, эгэл жирийн бизнес эрхлэгчдийг хөлдөө чирэн туйлж  байжээ. Тэрбээр 2014 онд буюу анхынхаа Шадар сайд байх үед өөрийнхөө “Тэнгэр суудал” компанийн нэр дээр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнтэй эрчим хүчний багаж, тоног төхөөрөмж шахах гэрээ хийж, тус үйлдвэрээс 353 мянга 250 ам.доллар авсан байв. Энэ нь тэр үед долларын ханш 1900 төгрөг байсан гээд бодвол ойролцоогоор 671 сая төгрөг юм байна. Мөн түүнчлэн “Жаргалант мах импекс” компанийн нэрээр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээл аваад зогсохгүй УБЦТС төрийн өмчит компанид вакум таслуур нийлүүлэх нэрээр 78 сая төгрөгийг өөрийнхөө  “Тэнгэр суудал” компанийн данс руу шилжүүлсэн байв. Харин тэрхүү  “Жаргалант мах импекс”  компанийг үүсгэн байгуулсан Ч.Батмагнай гэгч нь У.Давхарбаярын төө зайгүй найз бөгөөд тэд Ч.Улааны дээрх Хятад компаниудыг тэтгэх квотын наймаанд идэвхтэй оролцож, тийнхүү мал, махыг бөөнөөр нь хил давуулан наймаалахаар улайрч байжээ.

О.Баяр

Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих