АНУ-БНХАУ: Худалдааны дайныг зогсоосон “түүхэн хэлэлцээр”

712-15798206885e2977c305464Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп, Хятадын Төрийн зөвлөлийн орлогч дарга Лю Хэ нар эхний шатны хэлэлцээрийн багц баримт бичигт гарын үсэг зурснаар дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орнууд болох АНУ ба БНХАУ-ын хооронд 2018 оны зунаас хойш үргэлжилсэн худалдааны дайн зогслоо. Хоёр тал 1 дүгээр сарын 15-ны өдөр тохиролцоонд хүрч чадсанаар “2020 онд дэлхийн эдийн засагт их хямрал нүүрлэнэ” гэсэн айдас болгоомжлол алгуур сарниж эхэлснийг ажиглагчид онцолж байна.

Талууд худалдааны маргааныг зохицуулах эхний шатны хэлэлцээрийг байгуулж чадах эсэх нь өнгөрсөн оны сүүлчээр маш эргэлзээтэй болж ирсэн билээ. Учир нь, Д.Трамп 12 дугаар сарын дундуур “Хонконг дахь хүний эрх ба ардчиллын тухай” хуульд гарын үсэг зурснаас гадна Хонконгийн цагдаа нарт тусгай хэрэгсэл нийлүүлэхийг хориглох шийдвэр гаргасан нь Америк-Хятадын 13 дахь удаагийн хэлэлцээг мухардалд оруулж тун болзошгүй байв.
“Түүхэн хэлэлцээр”
Гэвч хэлэлцээ тасалдсангүй, Трампын тодорхойлсноор “түүхэн” гэгдэх дээрх хэлэлцээрийн дагуу, Хятад улс ойрын 2 жилийн хугацаанд 2017 оны үнийн дүнгээс 200 тэрбум доллароор илүү их хэмжээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг АНУ-аас худалдан авахыг зөвшөөрсөн бол хариуд нь америкчууд Хятадын бараанд шинээр татвар ногдуулахгүй гэсэн амлалтыг өгчээ. Дашрамд, АНУ-ын Сангийн яам Хятад улсыг “валютын манипуляци хийгч улсуудын жагсаалт”-аас хассан нь тохиролцоонд хүрэхэд нөлөөлсөн гэдгийг дурдах нь зүйтэй.
Хятадын талын хувьд, Америкийн технологи болон компаниудын нууцыг хулгайлах явдлыг таслан зогсоох, валютын манипуляци хийхгүй байх, Америкийн хөрөнгө оруулалтын банкуудыг Хятадын зах зээлд нэвтрүүлэх, АНУ-аас газрын ховор металлуудыг худалдан авахаа сэргээх зэрэг үүргийг хүлээлээ. Үүнтэй холбогдуулан хэлэхэд, эхний шатны тохиролцоо нь Уолл-Стритийнхэнд ихээхэн хожоотой тусах нь харагдаж байна. Учир нь, Америкийн хөрөнгө оруулалтын банкууд 4 дүгээр сараас эхлэн 21 их наяд долларын багтаамжтай Хятадын аварга том хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж эхлэх ба Visa, Mastercard, American Express зэрэг компаниуд Хятадад төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх боломжтой болжээ.  Ингэснээр Америкийн бараа бүтээгдэхүүн, эрчим хүчний эх үүсвэр экспортлогч болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд их хэмжээний захиалгад дарагдаж, ашиг орлого нь өсөх нь тодорхой учраас тэдгээрийн хувьцааг худалдан авах нь оновчтой шийдэл болно.
Харин хамгийн “сонирхолтой” нь, Хятадын бараанд ногдуулсан татвараа Америкийн тал өөрчлөлгүй хэвээр үлдээсэн ба хятадууд хүлээсэн үүрэг амлалтуудаа биелүүлсэн тохиолдолд дээрх татваруудыг бууруулах, цуцлах тухай асуудлыг ярилцана гэж Трампын засаг захиргаа мэдэгдэж байна. Тодруулбал, Хятадын 250 тэрбум долларын бараанд ногдуулсан 25 хувийн татвар, мөн 120 тэрбумын бараанд ногдуулсан 7,5 хувийн татвар өөрчлөгдөөгүй гэдгийг АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер хэллээ. Эдгээр татварыг бууруулах, цуцлах эсэх тухай асуудал нь  хэлэлцээний 2 дахь шатанд америкчуудын барих гол хөзөр болох нь тодорхой. 1 дэх шатны гэрээ гарын үсэг зурснаас хойш нэг сарын дараа хэрэгжиж эхлэх бол 2 дахь шатны хэлэлцээний явцад Хятадын үйлдвэрүүдэд төрөөс татаас өгдөг тухай асуудлыг хөндөх бололтой.
Ерөнхийдөө бол, Трампын засаг захиргаа хэлэлцээний үр дүнд сэтгэл ханамжтай байгаа төдийгүй “худалдааны дайнд хятадуудыг яллаа” гэсэн өнгө аясыг цухалзуулж байна. Ерөнхийлөгч Д.Трамп 1 дэх шатны тохиролцоог “түүхэн” гэж тодорхойлсноос гадна Давост болж буй эдийн засгийн форумд оролцох үеэрээ Хятад, Мексик, Канадтай байгуулсан гэрээнүүдийг “худалдааны шинэ загвар” гэж нэрлэжээ.  Үүний сацуу тэрбээр хэлэхдээ “хэлэлцээний 2 дахь үе шат тун удахгүй эхэлнэ, гэхдээ Хятадын бараанд тогтоосон татварын ихэнх нь хэлэлцээний явцад өөрчлөгдөхгүй” гэсэн байр сууриа илэрхийллээ. Трампын хувьд, Хятадаар буулт хийлгүүлж чадсан нь айсуй сонгуулийн өмнө өөрийн имижийг үлэмж дээшлүүлсэн хэрэг юм.
Худалдааны асуудлаар бүрэн хэмжээний гэрээ байгуулахын тулд талууд хэд хэдэн үе шатны хэлэлцээ хийж магадгүй байна. Маргаантай асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Хятадын Төрийн зөвлөлийн орлогч дарга Лю Хэ, АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин нар хагас жил тутамд уулзахаар тохиролцсон боловч уг уулзалт нь хоёрдахь шатны хэлэлцээний явцад яригдах асуудлуудтай огт холбоогүй ажээ.
Стивен Мнучин, Лю Хэ нар 
Хятадууд буулт хийсэн шалтгаан  
Харин эхний шатны хэлэлцээрт гарын үсэг зурсан үйл явдлын талаарх Хятадын голлох хэвлэлүүдийн хандлага, байр суурь нь ерөнхийлсөн тогтуун өнгө аястай байна. ХКН-ын Төв Хорооны албан ёсны хэвлэл болох “Жэньминь жибао” сонинд бичсэнийг үзвэл “уг гэрээ нь хоёр улсын нийтлэг эрх ашигт нийцэж байгаа бөгөөд даян дэлхийн энхтайван, хөгжил цэцэглэлтэнд тус дөхөм болно. БНХАУ, АНУ хоёр түүх соёлын уламжлал, нийгмийн байгуулал, хөгжлийн зам зэргээрээ бие биенээсээ ялгаатай. Хамтран ажиллахын чухлыг гүнээ ухамсарлан ойлгох нь хоёр улсын хувьд цорын ганц зөв сонголт мөн” гэжээ. Мөн Хятадын Хөгжил, шинэтгэлийн хорооны төлөөлөгч Мэн Вэй мэдэгдэхдээ “АНУ-аас авах бараа бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх нь Хятад улсад ашигтай бөгөөд чанартай бараа, үйлчилгээг эрхэмлэдэг манай хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад тус дөхөм болно” гэжээ.
Харин шинжээчдийн сонирхлыг хамгийн ихээр татаж буй асуудал бол “Хятад улс яагаад америкчуудын тавьсан болзлуудын ихэнхийг нь зөвшөөрч буулт хийсэн бэ?”.
Ер нь бол, Хятадын талын хувьд, хамгаалалтын хатуу чиг шугамаа бариад, Америкийн эсрэг сурталчилгааны кампанит ажиллагаа өрнүүлж, холбоотон орнуудаа нэгтгэн цуглуулснаар дэлхий дээрх хоёр туйлт тогтолцоог үүсгээд явах боломж байсан. Гэвч энэ нь Хятадын эдийн засгийг зарим талаар тусгаарлагдмал байдалд оруулах эрсдэлтэй бөгөөд ингэснээр тус улсад төр засгийн тогтвортой байдлыг алдагдуулахад хүргэж болзошгүй.
Өнгөрсөн жил хагасын хугацаанд ач тач ширүүн сөргөлдөөн өрнөөгүй ч гэсэн хоёр тал гаалийн татвараа нэмэгдүүлсэн нь Хятадын эдийн засгийн өсөлтийг саарууллаа. 2019 онд өсөлт 6,1 хувьтай гарсан нь зарим улсын хувьд атаархам өндөр тоо боловч Хятадын хувьд сүүлийн 29 жилийн хугацаан дахь хамгийн доогуур үзүүлэлт юм. Өнгөрсөн онд аж үйлдвэрийн салбарын өсөлт 5,7 хувьтай байсан нь 2018 оныхоос 0,5 хувиар буурчээ.  Өнгөцхөн харахад, түгшиж сандрахаар зүйл юу ч болсонгүй. Гэвч худалдааны дайн удаан хугацаагаар ширүүн өрнөх аваас хилийн чанад руу чиглэсэн Хятадын олон талт төлөвлөгөө нурж, гадаад дотоодод хэрэгжүүлж буй мега төслүүдээ зогсоохоос аргагүйд хүрч магадгүй байв.
Америк-Хятадын тохиролцоо бусдад нөлөөлөх нь
Худалдааны дайны улмаас 2019 онд АНУ-БНХАУ-ын худалдааны эргэлт 14,6 хувиар буурч, 541 тэрбум доллар болсноос 418 тэрбум нь Хятадаас Америкт нийлүүлсэн барааны үнэ юм. Харин эхний шатны тохиролцоо ёсоор, хятадууд 200 тэрбумаар илүү хэмжээний бараа үйлчилгээг /2017 оны импортын дүнтэй харьцуулахад/ АНУ-аас нэмж худалдан авбал нийтдээ хоёр жилийн хугацаанд 576 тэрбумын импорт хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Америкаас авахаа ихэсгэж, бусдаас авахаа багасгана.
Дээрх хэмжээний импорт хийхийн тулд Хятадын тал Вьетнам, Энэтхэг, Аргентин, АСЕАН-ы орнууд, Орос зэрэг түншүүдээсээ худалдан авах барааны хэмжээгээ бууруулж магадгүй гэсэн болгоомжлол үүсчээ. Тухайлбал, худалдааны дайнаас өмнө хятадууд Америкаас жилд 18 тэрбум долларын газрын тос, хий худалдан авч байсан бол саяны тохиролцоогоор хоёр жилийн хугацаанд 52 тэрбумын эрчим хүчний эх үүсвэр авахаар болсон байна. Ингэснээр Хятад улс бусад зарим нийлүүлэгчээсээ татгалзах эсвэл импортоо багасгахыг үгүйсгэх аргагүй. Тодорхой хэлбэл, оны өмнөхөн ашиглалтанд орсон “Сибирийн хүч” хий дамжуулах хоолой бүрэн хүчин чадлаараар ажиллахгүйд хүрч мэднэ. Гэвч үүнд санаа зовох хэрэггүй бололтой. Учир нь, агаарын бохирдолтой идэвхтэй тэмцэж буй Хятад улсын хийн хэрэглээ 2020 онд гэхэд 8,6 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоог PetroChina компани хийсэн байна.
Түүнчлэн АНУ, Хятад хоёр худалдааны эвлэрэл тогтоосноор Европын Холбооны орнууд 11 тэрбум долларын экспортын борлуулалтын орлогоо алдана гэж Килийн дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн судалгаанд дурдсан байна. Ялангуяа Хятадад нисэх онгоц, автомашин, үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлдэг Герман улс илүү хохирол амсахаар байна.
Харин Хятадын Худалдааны яамны Гадаад худалдааны хэлтсийн дарга Ли Синзянь хэлэхдээ “Америкаас худалдан авах барааны хэмжээ нэмэгдэх нь бусад улсаас импортлох барааны хэмжээнд нөлөөлөхгүй” гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Гэхдээ ямартаа ч, АНУ, Хятад хоёр худалдааны маргаанаа зохицуулснаар бусад улсын хувьд Хятадын зах зээл дэх өрсөлдөөн өмнөхөөс улам ширүүсэх нь тодорхой.
Б.Адъяахүү
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих