Худлаа амладаг хүн худалч байдгийг, сайхан ярьдаг хүн хуурамч байдгийг бид өнгөрсөн 4, 8, 12 жилүүдэд хангалттай харсан

Сонгуулиар хэнийг сонгох вэ? Бас нэг нам сурталчилсан нийтлэл гэж битгий бодоорой

Би өөрөө нам бус төдийгүй улс төрийг төдийлөн сонирхож үздэггүй. Гэхдээ одоо дараагийн 4 жил эх орны минь жолоог хэн барих вэ гэдэг асуулт яах аргагүй тулаад ирлээ. “Улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно” гэж нэг алдартай үг байдаг. Тэр мөч нь хаяаанд ирсэн байна. Сонгууль дөхөхөөр улс төрчид хөдөлгөөнд орж зурагтаар гарч сурталчилгаагаа ил далдаар хийж эхлэдэг. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр хамгийн түрүүнд ингээд эхлэсэн улс төрчдийг сонгох нь буруу гэж нийтлэгч би бодох юм. Хийсэн бүтээсэн юмтай улс төрчид 4 жилд хийсэн бүтээснээ сонгогчиддоо тайлагнаад дараагийн 4 жилд юу хийхээ танилцуулаад сонголтыг бидэнд үлдээхэд л хангалттай. Тэрний оронд нөгөө нэг шоучин эрхэм гарч ирээд л зогсоо зайгүй зурагтаар гараад ярилцлаганд ороод сайхан сайхан пан гөрөөд эхлэнэ. Энэ бол тархинд хоногших гэсэн сурталчилгааны хуучны далд мэх гэдэгийг санууштай. Санаж байна уу санлайтаар угаагаад л ийм сайхан өнгөлөг болгоод гялалзуулчихлаа гэсэн өгүүлбэрийг? Тэр бол тухайн үеийнхээ мундаг арга байсан юм. Энэ текстийг чихэнд хоногштол явуулаад яг дэлгүүрт ороод бараа сонгох үед нөгөө л текст чихэнд хангинаж өгнө. Бусдыг нь танихгүй нөгөө санлайт бол нүдэнд шууд тусна. Гэтэл бид нар санлайт гэдэг нь хэр чанартай юм нээрээ сайн юм уу? Муу юм уу? Мэддэггүй байсан биз дээ? Хийсэн зүйлтэй бүтээсэн ажилтай хүмүүсийг бид бүхэн сурталчигаатай сурталчилгаагүй таньдаг болсон байдаг. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд манай хэсгээс сонгогдсон эрхмүүд юу хийснийг нь мэдэхгүй юм. Тайлагнаж байсан эсэхийг нь ч мэдэхгүй юм.

Дараагийн сонгохгүй байх ёстой эрхмүүд бол худлаа амлагчид. Танд амлалтууд нь хичнээн сайхан хичнээн гайхамшигтай санагдлаа ч гэсэн бодит байдал дээр бүтэхгүй гэдгийг та өөрөө битгий хэл дөнгөж сургуульд орсон хүүхдүүд хүртэл мэдэж байгаа шүү дээ. Тэдэнд итгэх хэрэг байна уу? Тогос үнэг хоёр л өд, сүүлээрээ хулхиддаг биз дээ?

Тэрний дараагийн үл бүтэх эрхмүүдийн манлайг бэлэн юм амлагчид орно. Хүнд зүгээр л бэлэн юм өгөөд байх боломж манайх шиг ядуу улсад байхгүй шүү дээ. Харин ч тийм бодлогоор ажиллаж гадны төрийг унагадаг олон жишээг бид нар дэлхийн түүхэн дээрээс харж байсан. Эцсийн эцэст Үнэгүй бяслаг хулганы хавханд л байдаг юм гэдэг бас нэгэн алдартай зүйр цэцэн үгийг санууштай. Мэргэн ухаантай хүмүүсийн хэлсэн үг зарим үед голд ортол орж ирдгийг санахаар хоосонгүй үг гэдэг нь эргэлзээгүй мэт. Хүнд зүгээр мөнгө өгөөд байхаар ажилгүй, арчаагүй, амьдралаа авч явах чадваргүй болдог гэдгийг бид кино шийнээс эхлүүлээд амьдрал дээр хүртэл зөндөө харсан шүү дээ. Өнөөдрийн Монголчуудыг хар 21 хэн мянган төгрөгний төлөө 4 хоног очерлож байна гэнэ. Та бодоод үз дээ 4 хоног юу юу хийж бүтээж болох вэ? Амьдралын ямар их урт хугацаа вэ? Гэтэл тэр хугацаанд нөгөө хүн маань зүгээр л мөнгө тэнгэрээс унаж ирэхийг хүлээсэн байх юм. Ажилтай байсан бол тэр мөнгөний төлөө тэгэж зогсохгүй ажилаа хөөцөлдөө амьдралаа гялалзуулаад ирэх байсан байх. Бэлэн юм тараахын үр дүн ингэж л гардаг.

Үүний дараа ажлаа мэддэггүй улс төрчид орно. Манай улс төрчид худаг барих, шийд зоох гэх мэт жижиг ажлаас эхлээд өрхийн эмнэлэг спорт заал гээд сонгууль дөхөхөөр бүтээн байгуулалтыг хийж өгнө. Энэ бол ёстой буруу ажил. Барилгачид байшин барьж, хороо өрхийн эмнэлэг худаг тоглоомын талбай зэргийг хийж бүтээх ёстой болохоос биш улс төрч гэдэг эрхэм мэргэжилтэй хүн тийм ажлыг хийж үзүүлж байгаа нь нөгөө л хэдэн хүний санал татчих гэсэн оролдлого. Эдгээр улс төрчид нэртэнгүүдээс бас л хол байх хэрэгтэй. Уул нь улс төрчид гэдэг хүмүүс маань ажиллах амьдрах таатай орчинг бүрдүүлж хүнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж байдаг хэсэг бүлэг нийгмийн шилдэг шигшмэлүүд байх ёстой шүү дээ. Гэхдээ чингэхдээ хууль батлах нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэх мэт ажил үүрэг гүйцэтгэх ёстой байтал өөрсдөө хөрөнгө мөнгө гаргаад, олоод бүтээн байгуулалт хийх юм.

Тэгвэл энэ нөхөр чинь одоо хэнийг сурталчилах гээд байна гээд та яг одоо толгойдоо орсон эрхмүүдийг ээлж дарааллан тоолж буй байх. Зөвхөн нийтлэлч миний бодлоор та бидний төрөө бариулах эрхэм хүндэт хүн бол нэгдүгээрт бидэнд инээсэн зурагтай ханын цаг, аяга, хуанли илгээхийн оронд ягштал төлөвлөсөн, 4 жилийн турш хийх гүйцэтгэх ажлуудаа сайн танилцуулсан мөрийн хөтөлбөртэй байвал бид тэр эрхэмд итгэж болох юм. Тэрнээс биш тэрний царайтай цаг аяга, магтаалаар дүүрэн ном сониноор бид золигоо хийх вэ? Тэр их мөнгөөрөө хэдэн ч хамаагүй хуудас дүүрэн мөрийн хөтөлбөрөө илгээг. Тэгэж чадаж байвал бид түүнд нэг боломж олгох ёстой. Ядаж л бусдыгаа бодвол хийх зүйлээ төлөвлөөд бичсэн байна. Бичнэ гэдэг хийхийн тал хувь гэдэг байхаа? Дараагийн ээлжинд бид түүний мөрийн хөтөлбөртэй иргэний үүргээ ухамсарлаж сайтар танилцах хэрэгтэй. Арай дүүрэн бүтэшгүй амлалт, бэлэн мөнгө, намынхаа хөтөлбөрөөс хуулаад тавичихсан текстүүд байгаа юм биш биз? Дахиад тарвага шиг хошхорохгүй тулд мөрийн хөтөлбөртэй сайн танилц. Үнэхээр хийе гэсэн хүн сэтгэлээсээ бодьтой хийж болох зүйлсийг ганц хоёр гэнэн сайхан мөрөөдөлтэй хамт бичсэн байх нь дамжиггүй. Бидэнд мөрийн хөтөлбөрөөс нь анхаарч харах зүйлсүүд нь маш тодорхой.

  1. Хамгийн чухал салбар болсон ирээдүйг боловсруулагчдын салбарт юу хийх нь вэ?
  2. Энэ бөөн хэрүүл уруул болоод байгаа олон уул уурхайн ордуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?
  3. Ард иргэдийн хамаг муу муухайн зүйлийг бий болгох гол хүчин зүйл болсон ажилгүйдлийг яана гэсэн байна? Эцсийн эцэст бидэнд чинь сарын 1,5 саяын цалин хэрэгтэй болохоос биш ганцхан удаа авах 1,5 сая төгрөг хэрэггүй шүү дээ?
  4. Түүнчлэн үйлдэрвлэлийг хэрхэн дэмжинэ гэсэн байна? Манай улс шиг нэг ширхэг хадаас үйлдэрвлэж экспортолдоггүй хэрнээ түүхий эдээ хямд үнээр гадагш нь цувуулдаг улс байхгүй. Бидэнд бизнес эрхлэх таатай орчин, ажиллаж амьрдрах итгэл урам зориг хэрэгтэй болохоос биш бэлэн мөнгө түй ч хэрэггүй.

Гэх мэтчилэн та бидний санаа зовох зүйл тоймгүй их. Гэхдээ нийтлэлч би мөхөс ухаанар харвал зохистой гэж бодсон хэдэн зүйлээ энд сийрүүллээ. Худлаа амладаг хүн худалч байдгийг, сайхан ярьдаг хүн хуурамч байдгийг бид өнгөрсөн 4, 8, 12 жилүүдэд хангалттай харсан. Яг одоо та бидний өмнө сонголт хийх эрх ирээд байна. Эх орныхоо өмнө хүлээсэн иргэний үүргээ биелүүлж сайн судалж сонжиж ухамсартайгаар сонгуульд оролцоцгооё! Сайхан амьдралыг хэн ч ярьж чадна харин хийх хэцүү, 4 жилд ганцхан удаа болох сонгиулдаа идэвхитэй оролцож мэргэн ухаалаг сонголт хийж чадвал бид дараагийн 4 жил амаа барихгүй, бослого гаргахгүй, ажил төрлөө тайван эрхэлж, амжилт бүтээлээр дүүрэн байж, аз жаргалаар бялхаж, улс эх орон маань хөгжин дэвшиж АНУ байтугай улсын дайтай улс болно.

Уншигч авхай мэдээж өөрийн гэсэн олон санал бодолтой гэдэг нь мэдээж хэрэг юм. Та ч гэсэн бичиж нийтлэх чөлөөт орон зай болсон интернэтийн энэ хэсэгт өөрийн санал сэтгэгдлээ үлдээж болно шүү дээ. Гол нь нэг нэгэндээ соёлтой хандаарай гэж хүсье.

Бичсэн Очир Санжаадорж


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих