Тавантолгойн асуудлыг ойлгохын тулд 10 толгойтой байх хэрэгтэй

УИХ-ын 39 дүгээр тогтоолд зарим нэг өөрчлөлт оруулахаар уг тогтоолын төсөлд тусгасан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй олгохыг 20 хүртэлх  хувь болгон нэмэгдүүлэх, мөн аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр зарах 10 хувийг хүчингүй болгохгүй байхаар тусгасан гэх.

Тогтоолын төслийг санаачлагч Батж.Батбаяр гишүүний хэлснээр, 180 градус өөрчлөгдөж үндсэн агуулгаа хадгалж чадахгүй болсон тогтоолын төсөл дээр ярих зүйл их байгаа гэсэн. Ямартай ч эрхэм гишүүн “Иргэдэд 20 хувийг үнэ төлбөргүй өгнө гэвэл нэг сая төгрөгөө 1072 ширхэг хувьцаандаа хуваагаад нэгж хувьцааны нэрлэсэн үнийг УИХ тогтоочихож байгаа юм. УИХ компанийн хувьцааны нэрлэсэн үнэ тогтоодог болчихсон юм уу, УИХ-аас тогтоол гаргаад нэрлэсэн үнээр өгнө гэхээр хууль зөрчиж байна. Нэрлэсэн үнийг хөрөнгийн бирж дээр зах зээлийн зарчмаар тогтоодог” гэж уцаарласан. Харин С.Бямбацогт гишүүн Тогтоолын төсөл дээр хувьцааны нэрлэсэн үнийг тогтоосон ямар нэг үг өгүүлбэр байхгүй. Иргэдэд 20 хүртэлх хувийг үнэгүй эзэмшүүлж, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр 1,5 сая төгрөгийг өгөх ажлын хүрээнд шийдвэрлэхийг Засгийн газарт даалгаж байгаа” хэмээн тайлбарладаг.

Тавантолгойн ордыг ашиглах үзэл баримтлалыг УИХ-аас 2010 оны долдугаар сард 39 дүгээр тогтоолоор шийдэж өгсний дагуу ажил явж байсан ч аж ахуйн нэгжид өгөхөөр шийдсэн байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн 10 хувь, асуудал үүсгэсээр…

Уг нь бол төрийн өмчит компанийн асуудлаар шийдвэр гаргах дээд байгууллага бол УИХ. Аж ахуйн нэгжид өгөх байсныгаа иргэддээ нэмж өгөөд дараа нь иргэдээс худалдаж аваад, дахиад аж ахуйн нэгждээ худалдах уу гэдэг нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж аваад, нэрлэсэн үнээр нь аж ахуйн нэгжид худалдаална гэсэн ойлголт мэргэжилтнүүдийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүртэж буйг анхаарахгүй өнгөрч боломгүй. Нэрлэсэн үнэ гэдгийг шууд нэг сая төгрөгтэй дүйцүүлээд бодвол зах зээлийн зарчим, хөрөнгийн биржийн шаардлагуудтай нийцэхгүй. Олон улсын болон дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах төлөвлөгөөнд асар том саад учруулна гэсэн үг л дээ.Өөрөөр хэлбэл асуудлуудыг цэгцэлж байж IPO хийх хэрэгтэй. Тиймээс нэрлэсэн үнэ гэдэг томьёоллыг маш болгоомжтой хэрэглэх ёстой болчихоод байгаа юм.

Нөгөөтэйгүүр олон улсын биржүүд тодорхой шаардлага тавьдаг. Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж эхлэхээс зургаан сарын өмнө, эсвэл хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаална гэж өргөдлөө өгөхөөс дөрвөн долоо хоногийн өмнө компанийн хувьцаатай холбоотой ямар нэг хөдөлгөөн хийхгүй байх ёстой гэхчлэн олон дүрэм бий. Эдгээр дүрэмтэй манайхны яриад буй 10 хувиа иргэддээ өгөөд Засгийн газар худалдаж аваад, ААН-үүддээ зарна гэхчлэн яриад буй хөдөлгөөнүүд огт нийцэхгүй. Мань нөхөд хүлээж авахгүй гэсэн үг. Угаасаа нэрлэсэн үнэ гэдэг нь ямар ч компанид маш багаар тогтоогдож, компанийнхаа бүртгэлд бүртгэгдээд зах зээлийн зарчмаар буюу тухайн компани ямар ашиг олох вэ, ямар ирээдүйтэй байна гэдгийг тооцож байж хэдэн 10, 100 дахин өсдөг. Монголын болон олон улсын бүх компаниуд ийм л зарчмаар явдаг юм байна билээ. Тэр ч утгаараа улстөрийн амлалттай холбогдуулан нэг сая төгрөгтэй дүйцүүлэн нэрлэсэн үнийг тогтоохыг буруутгаад байгаа хэрэг.

Энэ янзаараа бол сонгуулиас өмнө буюу 2012 оны тавдугаар сард багтаж IPO гаргана гэсэн төлөвлөгөө тасалдах нь. Амжуулъя гэхээр компанийн хувьцааны эзэмшилд нь өөрчлөлт оруулахаа болих хэрэгтэй. Эсвэл хурдхан шиг өөрчлөлт оруулаад олон улсын биржүүдийн шаардлагад нийцсэн хувилбараар IPO хийх шаардлагатай. За ямартай ч Засаг болоод парламент ирээдүйн ашиг хоножоо эх орон, ард түмэнд оногдох үр ашиг гэхээсээ илүүтэй 2008 оны оны сонгуулийн амлалт болох эх орны хувь хишгийн асуудлыг л чухалчлаад байгаа нь ил болчихлоо.

Тавантолгой дашийн шог болж, таны бас миний бас бидний үр хүүхдийн ирээдүйн баталгаа болох хувьцааны учрыг олох гэвэл тав биш, бүр 10 толгойтой байх хэрэгтэй юм шиг байна даа.

З.Сүхээ


URL:

Сэтгэгдэл бичих