Шийдвэр төгс арга хэмжээ: В.Путин өнгөт хувьсгал гарахаас сэргийлж байна

zms2Оросын Засгийн газар гэнэт огцорсон явдал бол ард түмнийхээ дургүйцлийн хариуд шийдэмгий үйлдэл хийх чадвартай гэдгээ харуулах гэсэн Владимир Путины оролдлого юм. Энэ бүхэн 20 жил засгийн эрхийг барьж байсны дараа улс оронд өнгөт хувьсгал гарахаас сэргийлж байгаа хэрэг мөн гэдэгт Шведийн “Свенска дагбладет” сонин итгэлтэй байна.

***     ***     ***

Оросын Засгийн газар гэнэт огцорсон явдал бол ард түмнийхээ дургүйцлийн хариуд шийдэмгий үйлдэл хийх чадвартай гэдгээ харуулах гэсэн Владимир Путины оролдлого юм. Энэ бүхэн 20 жил засгийн эрхийг барьж байсны дараа улс оронд өнгөт хувьсгал гарахаас сэргийлж байгаа хэрэг юм.

Энэ мэдээ гэгээн цагаан өдөр тэнгэр ниргэхтэй адил байсан хэдий ч нөгөөтэйгүүр ингэх болов уу гэсэн хүлээлт ч бас байсан. Хүн амын хамгийн ядуу зүдүү давхаргын амьжиргааг сайжруулахын тулд арга хэмжээ авахаар төлөвлөж байна хэмээн нэгдүгээр сарын эхээр хэлж, нэгдүгээр сарын 15-д Холбооны хуралд тавих жил бүрийн илгээлтдээ ямар нэг мэдэгдэл хийхээ Оросын Ерөнхийлөгч амласан билээ.

Авах арга хэмжээний нэг нь Дмитрий Медведевийн тэргүүлсэн оросын засгийн газрыг огцруулж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлттэй холбогдуулан улс орон даяар санал асуулга явуулах явдал гэж хэн ч төсөөлөөгүй нь мэдээж.

Сарын цалин нь хүрэлцдэггүй жирийн орос хүмүүсийн аж амьдралыг чухамхүү эдгээр арга хэмжээ амар амгалан болгож чадахгүй ч байж болох юм. Гэсэн хэдий ч ерөнхийлөгчийн албан тушаалыг анх хашиж эхэлснээс хойш 20 жилийн дараа Владимир Путин оросын нийгмийг зөв замд оруулахын тулд эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн үзжээ. Хэлсэн үгэндээ тэрээр ядуурал, нийгмийн шударга бус байдлын талаар их ярьж, олон хүүхэдтэй гэр бүлд олгох шинэ нөхөн олговорын талаар зарлан тунхагласан.

Сүүлийн жилүүдэд орос хүмүүсийн олонхийн амьдрал эрс муудаж доройтсон. Газрын тосны (газрын тос бол оросын экспортын нэн чухал бараа) үнэ буурч, Орос улс Крымыг эзэлсэний дараа барууны улс орнуудын тавьсан хориг арга хэмжээнүүд эдийн засаг болон сүүлийн таван жилийн турш зөвхөн унасаар л байгаа өрхийн орлогод нөлөөлсөн.

Өнөөдөр хүн амын 12 хувь болох 17,5 сая орчим хүн ядуугийн үзүүлэлтээс доогуур, өөрөөр хэлбэл сарын 1500 кроноос бага (10 мянга гаруйхан рубль-орч. тайлбар.) орлоготой амьдарч байна. Энэ тухай оросын эрх баригчид мэдээлж байна. Оросын статистикийн товчооны мэдээгээр хоёр хүүхэдтэй дөрвөн өрх тутмын нэг нь ядууд хамаарч, өрхийн 80 орчим хувь нь дөнгөн данган өл залгуулж байна.

Орос улс хүн амын давхаргын хоорондох эдийн засгийн зааг ялгаагаар дэлхийд хамгийн өндөр улс орны тоонд ордогийг үүн дээр нэмэх хэрэгтэй. Энд улс орны эдийн засгийн нөөцийн бүхэл бүтэн 60 хувь нь баячуулд ногдож байна. Их Британид энэ үзүүлэлт 24 хувь байдгийг харьцуулж болох юм.

Москвагийн элитийнхний хэрхэн амьдардагийг байнга үзэж харж байгаа ядуусын хувьд мөнгөний гачаал зовлонг давж туулах үнэхээр хэцүү бэрх. Олигархуудын олонх нь Путины өмнөх Борис Ельцины үед хамтын өмч хөрөнгийг зарж үрсэн хар бараан ажил хэргийн үр дүнд өөртөө маш их ашиг олз хүртсэнийг тэд ялангуяа онцгой харгалзаж үздэг.

Шударга бус явдал газар авах тусам нэр хүнд нь унаж байгааг ажигласан Владимир Путин энэ бүгдийг ойлгож байгаа нь гарцаагүй. Өнгөрсөн жил оросуудын дөнгөж 31 хувь нь ерөнхийлөгчдөө итгэдэг хэмээн хариулжээ. Энэ бол 13 жилийн дотор Путиныг дэмжсэн хамгийн бага рейтинг юм.

Үүнээс гадна “Левада” хэмээх бие даасан аналитик төвийн судалгааны баримтаар бол хэдийгээр оросын цагдаа нар сүүлийн жилүүдэд эсэргүүцэл илэрхийлэгчдийг баривчлан саатуулж, зодож нүдэж байгаа боловч дөрвөн орос хүний нэг нь Путиныг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцох боломжтой ажээ. Оросуудын 30 хувь өөрсдийнх нь амьдарч байгаа хотуудад олныг хамарсан эсэргүүцэл гарах “магадлал тун их” хэмээн мэдэгджээ.

Украин мэтийн улс орнуудад гарсан “өнгөт хувьсгал” хэмээн нэрлэгдсэн үйл явдлыг айдастайгаар ажиглаж байсан Путины хувьд иймэрхүү хариултууд хар дарсан зүүд мэт санагдана. Тэдгээр улс оронд “өнгөт хувьсгал”-ын үр дүнд ард түмэн авилга, хээл хахуульд идэгдсэн засгийн эрхийг устгасан билээ.

Ийм суурь дэвсгэр дээр ерөнхийлөгч Путины хувьд шинэ засгийн газар болон санал асуулга бол үгүй ядахдаа тийм ч хамгийн том асуудал биш биз ээ.

Тересе Ларссон Хультин (Therese Larsson Hultin)

Орчуулсан Д.Энхээ  

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих