Тендер авчихаад ажил гацаадаг компаниудыг зарлах уу
Төрийн худалдан авах ажиллагаанд тогтмол оролцож, ямар нэгэн аргаар ялалт байгуулдаг, гэсэн атлаа төрийн ажлыг гацаадаг компаниуд байсаар байна. Уг нь ийм үйл ажиллагаа нь олон нийтийн эсрэг хийж буй “гэмт хэрэг” юм. Тэгвэл удахгүй нийслэлийн зүгээс тус компаниудыг цэгцлэх ажлыг хийх бололтой. Монгол Улсын хүн амын тэн хагас нь нийслэлд амьдарч байна. Тэгэхээр аливаа тендерийн үйл ажиллагаа төвөөсөө эхлэн цэгцэнд орох нь цаашдаа ч орон нутагт “халдварлана” гэж үзжээ. Эхний ээлжинд нийслэлээс тендерт байнга шахам шалгардаг, тэгсэн хэрнээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй компаниудын нэрийг олон нийтэд зарлах тухай яригдаж байна.
“Арын хаалга”-аар тендерийн ажил авчихаад, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийдэг тухайн компаниудтай хариуцлага тооцох цаг болсон уу гэвэл тийм. Аль нэг туслан гүйцэтгэгчид бүх ажлаа даатгаж эзэнгүйдүүлээд, эцэс сүүлд нь хариуцлагаас мултардаг ийм жишиг зарим газар тогтоод бараг хэвшил болчихлоо.
Энэ асуудлын цаана сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хөндөгдөж, дүүрэг, хороо, өрхийн эмнэлгийн засвар үйлчилгээ удааширч, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй, засвартай зам дээр иргэд цагаа үрж байна. Үнэндээ цаана нь юу болсон, ямар компани ажил цалгардуулсан, тэдэнтэй яаж хариуцлага тооцохоо олон нийт бараг мэддэггүйг нь далимдуулагсад улам бүр даварсаар л байдаг.
Тэгвэл одооноос ажил удаа дараа цалгардуулсан компаниудыг түмэн олонд зарлаж, “хар жагсаалт”-д орууах нь. Нэгэнт хариуцлагагүй компаниудын нэрс нь ил болсон хойно олон түмний хяналт ч нэмэгдэж, “Манай хорооны цэцэрлэгийн засварын ажилд нөгөө гайхал компани шалгарчихсан байх вий” гээд дараагийн удаад тендер зарлагдахаас нь эхлээд болгоомжтой хандаж, гүйцэтгэлийг нь хянахад иргэний үүрэг оролцоо ч бас нэмэгдэх буй за.
Тендерийн булхайтай тэмцэх, 10 хувийн “цавчаа”-г үгүй хийх, төсвийн мөнгийг үр дүнтэй зарцуулах, ажлын хяналт хариуцлагыг дээшлүүлэх үүднээс нийслэлийн бүх шатны худалдан авах ажиллагааг олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд ил тод, нээлттэй зохион байгуулж байхыг хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн жил үүрэг болгож, хэрэгжүүлж эхэлсэн нь эхнээсээ үр өгөөж өгч эхлэх нь.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: