О.Хангай харцагын хэлсэн үнэн бол шээс солигддог нь баттай юм байна

5c3b1a1046883Улсын харцага О.Хангай допингийн асуудалтай холбоотойгоор эсэргүүцлээ ил тодоор илэрхийлж байгаа цөөн бөхчүүдийн нэг. Учир нь тэрбээр өнгөрсөн 2019 оны   улсын баяр наадмын тавын даваанд Д.Цэрэнтогтох начинд өвдөг шороодсон. Гэтэл тэр бөхөөс нь допинг илэрсэн  учраас машид гомдолтой байгаа. Тиймээс ч энэ өв соёлоо цаашид цэвэр ариун байгаасай хэмээн хүсдэг талаараа илэрхийлсээр байгаа юм.

Тэрбээр өчигдөр zarig.mn сайтад ярилцлага өгөх үеэрээ нэгэн ноцтой зүйл ярьсан нь анхаарал татлаа. О.Хангай харцага  “Би нэрийг нь хэлэхгүйгээр нэг зүйл ярья.  2017 онд Улсын наадамд шөвгөрөөд би допингийн шинжилгээ өгсөн. Тэгэхэд нэг хүн шээсээ сольж байгаад баригдсан. Миний хажууд тэр хүнийг Допингийн холбооныхон загнаж байсан. Тэгэхэд нь би энэ жилийн наадмаар нэг хүнээс допинг илрэх нь дээ гэж бодож байтал чимээгүй өнгөрсөн. Тэгэхээр би дотроо хардаж л байгаа.  Допингийн холбоог ч тэр.” хэмээсэн юм.

Түүний  энэ ярианаас дүгнэвэл,  Э.Оюунболд аваргын мэдэгдэл хийгээд байгаа шээс сольдог, сольсон байх магадлалтай гэдэг нь үнэн юм байна. Хоёрдугаарт,  2017 онд шээсээ солих гэж байгаад баригдсан нөхрөөс допинг илрээгүйгээс харахад,  допингтой бөхийн шинжилгээг дардаг бололтой. Шээсээ солих гэж байсан хүнийг допингийн төвийнхөн загнаж,  дахиж шээлгэчихээд байхад тэр бөхөөс допинг илрээгүй гэдэг нь их сонин.

Э.Оюунболд аварга үнэхээр шээс нь солигдчихоод, хохироод, хэлмэгдээд яваад байгаа юм биш биз дээ. Допингийн эсрэг үндэсний төв, шинжилгээ авдаг эмч нар нь бүгд хээл хахуульд автаад, “ялзарчихсан” байгаа юм биш биз. Энэ асуудал нэг тийшээ шийдэгдэхгүй бараг хагас жилийн нүүр үзээд байгаагийн учир шалтгаан юунд байна вэ. Шээс сольдог,  хольдог гэх эмч нарыг АТГ-аас шалгаад байгаа гэсэн. Но-той ноцтой асуудал тэнд бугласан байсан учраас шалгалтын ажиллагаа ингэж удаашраад байна уу. Одоо яг хэнд нь итгэх ёстой вэ. Э.Оюунболдод уу, Допингийн эсрэг үндэсний төвд үү. Хэн нь асуудалтай юм бэ.

Ер нь энэ монгол бөх гээч хаашаа л яваад байна даа. Монголын үндэсний бөхийн холбоо ажлаа яаж хийгээд байгаа юм бэ. Монгол бөхөө аварч үлдье гэж бодож байгаа л бол допингчин бөхчүүд, допингчингуудаас хахууль авч шээсийг нь сольдог гэх эмч нарынхаа учрыг олсон дээр байгаа.

http://www.zaluucom.mn/read/434h98f2c


URL:

Сэтгэгдэл бичих