О.ЧУЛУУНБАТ: ЗАСГИЙН ГАЗАР ЖИЖИГЛЭНГИЙН НАЙМАА ХИЙЖ БАЙНА

УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд Засгийн газрыг шаардлагагүй зүйлд бонд гаргаж байна гэж шүүмжилж байна.

Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар энэ онд 300 тэрбумын бонд арилжих эрх олгох асуудлаар Төсвийн байнгын хороо өчигдөр хэлэлцсэн юм. Манай улсын төсөв улирлын чанартай байдаг учир эхний улиралд хөрөнгө мөнгө орж ирдэггүй байна. Иймээс эхний гурван сарын тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс, Хүний хөгжлийн сангийн мөнгө зэргийг олгох ажлыг хэвийн явуулахын тулд дээрх хэмжээний бонд гаргах аж. Гэхдээ бондыг зөвхөн төсвийн алдагдлыг нөхөхөөс өөр зориулалтаар бонд гаргадгийг зогсоох хэрэгтэй гэж байнгын хорооны гишүүд сануулж байна. Засгийн газар 503 тэрбумын бондыг төсвийн бус зориулалтаар арилжаалснаас Зоос банканд зориулж 100, Орон сууцны зээлд 137, ноос ноолуур, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 200 гаруй тэрбумын төгрөгийн бонд гаргаад байгаа юм. Үүнээс Зоос банкны найдваргүй зээлийн авлагын асуудал шүүх, цагдаагаар шалгагдаж байгаа бол нөгөө хоёр нь хуваарийн дагуу эргэн төлөгдөж байгаа аж.

Байнгын хорооны хурлын үеэр О.Чулуунбат гишүүн, ноос ноолуурын салбарт зээлийг төсвөөс өгөх ёсгүй. Хэдийгээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нь зөв ч арилжааны банкууд бүх бизнест адилхан зээл өгч байгаа. Газар тариалан, ногоо, арьс шир, цайны газрынхан ч дотоодын үйлдвэрлэл эрхэжл байна. Тэд бүгдээрээ төсвөөс зээл авна гэнэ шүү дээ. Орон сууцны санхүүжилтын 137 тэрбум төгрөг байна. Уг нь арилжааны банкууд дээр байгаа мэргэжлийн зээлийг Засгийн газар худалдаад авчихья гэсэн санаагаар анх оруулсан чинь шал өөрөөр шийд гарч, төсвөөс ганцхан компанид өгдөг, нөгөө компани нь баахан барилгын компаниудтай хэлэлцээр хийж худалдаж авч байна. Дараа нь Засгийн газар төсвийн ямар ажилтанд зээл өгөх вэ гэдгийг ярьдаг. Засгийн газар ингэж жижиглэнгийн наймаа хийгээд явж байна. Ингэж ажилладаг Засгийн газар дэлхий дахин байхгүй. Дээрх гурван зээл уг нь төсвийн өр байхааргүй байсан юм.

Шинэ Сангийн сайд ийм явдал дахин гаргаж болохгүй. Ингэж хувийн салбаруудад төсвийн мөнгийг тавиад байх юм бол яаж Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх юм бэ? хэмээн сануулж байлаа.  Тэгвэл ноос, ноолуурын салбарын 300 орчим тэрбум төгрөгийн бондын арилжаагаар олгогдсон зээл жинхэнэ эзэндээ очсон уу гэдэгт хяналт тавих хэрэгтэй хэмээн Ц.Сэдванчиг гишүүн хэлж байсан юм.

Энэ зээл орон нутгийн бизнес эрхлэгчдэд биш, арилжааны банкны танилуудад очсон гэсэн гомдол орон нутгаас гишүүнд ирж байгаа гэнэ. Харин Д.Загджав гишүүн заавал бонд гаргалгүй шийдэж болох боломж байгааг энд хэлж байлаа. Тэрбээр, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр дутагдалтай болоод бонд гаргах гэж байгаа. Гэтэл энэ нь нөгөө талдаа тийм биш харагдаж байна.

Гаднаас бага хүүтэй зээл өгөх гээд байхад авахгүй, арилжааны банкны хадгаламж эзэмшигчдийн эрдслийг Засгийн газар хүлээж байгаа зэргээс харахад багтаж ядсан мөнгө байгаа юм шиг харагдаад байна. Ийм байхад бонд гаргахын оронд тэр эрсдэл даагаад байгаа мөнгөөрөө санхүүжүүлээд явбал яасан юм гэсэн саналтай байв. Түүнчлэн арилжааны банкууд өндөр хүүтэй бонд авдагийг болиулж, ил тод хөрөнгийн бирж болон олон улсын пүүс компаниудад бага /4-5 хувийн/ хүүтэй авахыг санал болгох хэрэгтэй гэж гишүүд үзэж байгаагаа хэлж байсан юм.

Хамгийн сүүлийн бондыг Монголбанкны бодлогын хүү буюу 11 хувийн хүүтэй борлуулсан байна. Гишүүдийн хэлж байгаа дээрх асуудалтай холбогдуулан Сангийн сайд Д.Хаянхярваа, бага хүүтэй гадаадын зээлийн хоёр гурван ч банкны санал бий. Үүнийг Засгийн газарт танилцуулахаар бэлдэж байна. 2008-2009 оны хямралын үед хоёр ч банк дампуурсан.

Үүнтэй холбоотой хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хууль гаргаж эрсдлийг нь төр даахаар болсон. Энэ хуулийн хугацаа дуусч байгаа. Үүнтэй холбоотой хадгаламжийн даатгалын хуулийг өргөн барих гэж байгаа гэлээ.

Ш.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих