Казинод “морилсон” гишүүд ба Д.Тогтохсүрэнгийн авлигын хэрэг
Төрийн албан хаагчдын сахилга хариуцлага улам суларч доройтсоор байна. Үндсэн хуулийн цэцийн дарга нь онгоцон дотор Солонгос бүсгүйн өгзөг илсэн хэрэг дэлхийгээр нэг шуугиан тариад дуусаагүй байтал УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан нарын зэрэг хүмүүс энэ оны нэгдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Австрали улсад айлчлах үеэрээ Сидней хотын казинод морилон саатсан дүрс бичлэг цахим сүлжээгээр тарж бөөн дуулиан дэгдэв. Манай улсын төрд ажиллаж байгаа хэн ч байсан казино тоглож болохгүй, харийн оронд зорчихдоо ёс журмыг хатуу сахиж явах учиртай. Хэрвээ казино тоглосон тохиолдолд ажлаас чөлөөлөх журамтай билээ.
Гэвч төр засгийн өндөр алба хашиж байгаа хүмүүс казино тоглох нь нэлээд эртнээс заншиж тогтсон гаж үзэгдэл буюу буруу дадал зуршил болоод байгаа юм. Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын зэрэг улс төрчид хэдэн жилийн өмнө Солонгосын казинод очиж тоглоод баахан мөнгөө алдаад ирсэн талаар тухайн үед дээр дооргүй шаагилдаад, ямар ч хариуцлага тооцолгүй өнгөрч байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Монголын түүхэн кино бүтээл хийдэг, “Болор цом” наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч, зохиолч, улс төрч гэхээсээ илүүтэй харин “Солонгосын казиночин” гэдгээр нь сайн мэдэх жишээтэй. Хамгийн сүүлд …нарыг казино тоглосон асуудлаар нь ажлаас чөлөөлсөн. Иймд өнгөрсөн оноос төрийн албаны ёс зүйг чангатгах үүднээс гадаадын казинод очиж тоглосон албан тушаалтанг нэн даруй ажлаас хусах журмыг батлаад байгаа. Д.Тогтохсүрэн нарын энэ удаагийн казиногийн хэрэг явдал бусад хөндлөнгийн гэрчүүдээр давхар нотлогдох юм бол тэдний УИХ-ын гишүүн байх эсэхийг хэлэлцэн шийдэж таарна. Нэг үгээр хэлбэл, ёс суртахууны тийм доголдол гаргасан хүний толгойг урьдын адил илээд өнгөрч яагаад ч болохгүй. Учир нь гэвэл Монгол төрийн хуларч доройтож буй бүх шалтгаан энэ мэт ёс жудаггүй улс төрчдөөс л болоод байгаа юм.
Харин Сидней хотын казинод зочилсон гэх Д.Тогтохсүрэн энэ тухайгаа тайлбарлахдаа “Би зүгээр л үзэж сонирхох гэж казинод орсон. Анх удаагаа ийм газарт орж үзлээ” гэсэн юм. Мөн Д.Эрдэнэбат гишүүн “Казинод ороод байх үед миний зургийг татаж авсан байна лээ. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан нь би мөн. Бид мөрийтэй тоглоогүй, тоглох ч шалтгаан байгаагүй. Ороод сонирхоод гаръя гэж л орсон. Бидний дунд мөнгөтэй гишүүн ч байхгүй. Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байхав дээ” гэсэн юм. Харин Д.Лүндээжанцан гишүүн “Сая Австралийн Канберра хотод болсон Олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын нэр бүхий гишүүдтэй оролцоод ирлээ. Энэ үеэр казино ямар байдаг юм, манайд энэ тухай хуулийг батлах шаардлага байна уу, үгүй юү гэдгийг судалж үзэж, сонирхохоор тэнд орж танилцсан юм. Эндээс Монголд казиногийн хуулийг батлах цаг нь болоогүй юм байна гэдэг итгэл үнэмшил маань улам баталгаажсан” гэв.
Гэлээ гэхдээ Д.Тогтохсүрэн гишүүний хувьд анх 2016 оны сонгуулиар Өвөрхангай аймгаас сонгогдон УИХ-д орж ирэхээсээ эхлээд хэл ам, хэрүүл шуугиан дагуулж яваа эр. Түүний авлига хээл хахуулийн хэргүүдээс нутгийн иргэд нь өнгөрсөн оны дундуур Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа нь хараахан дуусаагүй байна. Тэрээр 2016 оны сонгуулиас өмнө Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хувийн компаниудыг тендерт шалгаруулах нэрээр зуучлагчаараа дамжуулан 70 сая төгрөгийн авлига авсан гэдгийг тэрхүү авлигын мөнгийг нь өгсөн иргэн өөрөө илчилж, Авлигатай тэмцэх газарт хандан өргөдөл гомдолоо гаргасан бөгөөд үүнийх нь мөрөөр мөрдөн шалгаж байгаа юм. Тухайн иргэнээс дээрх авлигын мөнгөө авсныхаа дараагаар Д.Тогтохсүрэн нь түүнийг элдвээр дарамтлахыг оролдсон тул тийнхүү гомдол гаргахад хүрсэн тухай ч нутгийнх нь хүмүүс одоо айж эмээлгүй ярьдаг болсон нь үнэний ортой болов уу. Харин энэ талаар мань эр тайлбарлахдаа “Тийм зүйл огт болоогүй. Би хэн нэгнээс авлига, хээл хахууль аваагүй” гээд жишимч үгүй тас гүрийгээд ахлаж яваа ажээ. Тэгвэл түүнд авлига өгсөн хүн нь өөрөө уг хэргийг илчилжээ. Ийм тохиолдол урьд нь бараг гарч байгаагүй. Тиймээс авлига өгснөө үнэн зөвөөр хэлж, хуулийн байгууллагад хандсан тухайн хүнийг харин ч сайшаан дэмжүүштэй. Гэтэл Авлигатай тэмцэх газрынхан тухайн иргэнд ёс суртахууны урамшуулал үзүүлэх талаар санаачлага гаргахгүй байгаа нь бас гайхалтай юм. Авлига өгсөн хүн нь буруугаа хүлээгээд ирэхээр түүнийг буруутгадаг хуулийн гажиг тогтолцоотой улс орон манайхаар өөр бараг үгүй болов уу. Хэрвээ тэр иргэн Д.Тогтохсүрэнд 70 сая төгрөгийн авлига өгснөө хэлээгүй бол төрийн өндөр албан тушаалтнуудын авлига улам гаарах нь зүйн хэрэг. Энэ утгаараа авлига өгсөн нь хэргээ хүлээсэн бол өршөөл үзүүлээд авлига авсныг нь хатуу шийтгэдэг болвол энэ төрлийн гэмт хэрэг тодорхой хэмжээгээр буурч л таарна гэдгийг дээрх гишүүдийн казинод орсон тухай мэдээлэлтэй цуг хачир нэмэн хэлэхэд илүүдэхгүй биз ээ.
О.Баяр
Шуурхай.мн
URL: