Харри, Меган нар язгууртны хэргэмээсээ татгалзлаа
Ханхүү Харри, түүний гэргий Меган Мэркл нар язгууртны хэргэм зэргээсээ татгалзаж, санхүүгийн хувьд бие дааж амьдрах гэрээ байгуулсан тухай Букингэмийн ордноос Бямба гарагт мэдээлжээ.
“Харри, Меган, Арчи нар үргэлж миний гэр бүлийн хайртай гишүүд хэвээр байх болно. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэдэнд тулгарсан бэрхшээлүүдийг би ойлгож, хараат бус амьдралаар амьдрах хүслийг нь дэмжиж байна” гэж хатан хааны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Тэд Уиндсорын шилтгээний ойролцоох гэртээ засвар хийхэд Британийн татвар төлөгчдийн мөнгийг ($3.1 сая орчим) зарцуулснаа буцааж төлөхөөр болсон байна.
Мөн одооноос эхлэн Британийн төсвөөс ямар ч санхүүжилт авахгүй аж.
Энэ сарын 8-ны өдөр хатан хааны гэр бүлээс салж, бие дааж амьдрах шийдвэрээ зарлаж байв.
Тэд Канадад шинэ амьдралаа эхлэхээр төлөвлөж байна. Хосууд 2018 оны тавдугаар сард Уиндсорын шилтгээнд хуримлаж, жилийн дараа Арчи нэртэй хүүтэй болсон юм.
URL: