Бантагнуулсан ажлаа баллуурдахыг оролдсон Эрүүгийн хуулийн өөрчлөлт
УИХ өнгөрсөн долоо хоногт Эрүү, Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эцэслэн батлав. Энэ парламентын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд дээрх хуулиудад хоёр дахь удаагаа гар хүрч буй нь энэ. Тодруулбал, өмнөх парламентын эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд 2015 онд шинэчлэн найруулсан Эрүү, Зөрчлийн хуулийг өнөөгийн эрх баригчид 2017 онд өөрчилсөн.
Тухайн үед “Эрүү, Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх гол процессын хуулиудыг УИХ ёсчлоогүй, эдгээрийг дагалдаж гарах ёстой 80 гаруй дүрэм журам батлагдаагүй, үүний улмаас бэлтгэл ажлууд хойшилсон, хуулийг хэрэгжүүлэх суурийг бэлдэх сургалт хийгээгүй” гэх мэт шалтаг тоочсоор 2015 оны хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж байв. Тэгээд “Зорчих хэсэг хязгаарлах гэх мэтийн зарим шинэ төрлийн ял шийтгэлийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, манайхан бэлэн болоогүй тул өөрчилье” гэсэн. Тэгснээ “Эдийн засгийн гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого хэт сул, зарим томьёолол нь гэмт хэрэгтэнд ял завшуулах боломж үүсгэснийг чангалах хэрэгтэй” хэмээгээд цөөнгүй заалт өөрчлөх томоохон төсөл оруулж ирсэн. Чингэхдээ хөөн хэлэлцэх хугацаа хэмээх дуулиант өөрчлөлтийг хэнд ч анзаарагдахгүй шургуулж орхисныг нь олон нийт саяхан мэдсэн билээ.
2015 онд батлагдсан хуульд гэмт этгээд хуулийн байгууллагад шилжихэд хөөн хэлэлцэх хугацааг зогсоохоор заасан байсан. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолох, ингэснээр гэмт хэрэгтнүүд ямар нэг аргаар хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж, ял завших асуудал үгүй болох ач холбогдолтой заалт байсан юм.
Гэтэл 2017 оны өөрчлөлтөөр дээрх заалтыг хасаж, Эрүүгийн хуулийн нэгдүгээр зүйлийн 10-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж өөрчилсөн. Үр дүнд нь авлига, албан тушаалын томоохон хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэсэн тайлбартайгаар ямар ч шийтгэлгүй үлдсэн.
Их хэмжээний мөнгөн дүн яригддаг, албан тушаал, авлигын хэргүүд ар араасаа хэрэгсэхгүй болсноор уг өөрчлөлтийг олон нийт сая анзаарсан билээ. Ардын хүүхдүүд, албан тушаалтнууд, авлигачдад өөр өөрөөр үйлчилдэг, шударга бус зохицуулалт сонгуулийн жилд эрх баригчдад барцад дагуулж мэдэх тул өмнөх алдаагаа засаж, өөрчилсөн нэр зүүхээс аргагүй болсон биз. Энэ удаагийн Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хамгийн тод харуулахыг зорьсон заалт нь хөөх хэлэлцэх хугацааны тухай байв.
Эрүү, Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүд “Хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах хүртэл тоолох шинэ зохицуулалт тусгасан” хэмээн амаа цангатал ярив даа.
Үүнээс гадна, өмнө нь Зөрчлийн тухай хуульд байсан малын хулгай, гүтгэх, мөрийтэй тоглох, биеэ үнэлэхтэй холбоотой заалтуудыг Эрүүгийн хуульд оруулсан. Тухайлбал, олон нийтийн сүлжээгээр хүний нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан гэж үзвэл гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, торгох гэх мэтийн ял онооно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр хүндэд халдсан худал мэдээлэл цацсан нь тогтоогдвол зургаан сарын хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах юм. Энэ заалтыг Эрүүгийн хуульд оруулсан нь үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх суурь эрхэд сөргөөр нөлөөлөх, томоохон ухралт хийсэн алхам гэж үзэх хүн байгаа. Харин хууль батлагсад “Үг хэлж, хэвлэн нийтэлсний төлөө хорих заалт байхгүй. Мөн төрийн байгууллага, улстөрчтэй холбоотой мэдээлэлд дээрх заалт үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага, улс төрийн нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардсан, сэрдсэн мэдээлэл нь энэ зүйлд хамаарахгүй” гэж байгаа. Энэ мэтийн анхаарал татахуйц цөөнгүй өөрчлөлт Эрүүгийн хуульд орлоо. Онцлох өөрчлөлтийг тоймлоё.
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ ХҮРТЭЛ ТООЛНО
-Татвараас төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байх ба гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл хугацааг тоолно.
-Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт үйлдэж энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бол тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно.
БИЕЭ ҮНЭЛЭХИЙГ ЗОХИОН БАЙГУУЛБАЛ 5-12 ЖИЛ ХОРИНО
-Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААВАЛ ТОРГОХ, НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ, ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛТАЙ
-Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
-Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Тайлбар: Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардсан бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй. Мөн төрийн байгууллага энэ гэмт хэргийн хохирогчид тооцогдохгүй.
МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ
-Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
-Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсвэл ажиллуулсан бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
БЭЛГИЙН ДУР ХҮСЛЭЭ ЁС БУСААР ХАНГАХ НЬ НАЙМ ХҮРТЭЛ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛТАЙ
-Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсвэл хүч хэрэглэхээр заналхийлж, эсвэл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нь хүчиндэх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-Энэ гэмт хэргийг 14-өөс дээш, 18 насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГЭЭ ТӨЛӨХГҮЙ БОЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
Эрүүгийн хуульд дээрх өөрчлөлтүүд орсон бол Зөрчлийн тухай хуульд мөн тодорхой нэмэлт, өөрлөлт оруулсан. Тухайлбал,
-Бусдад ажил, албан тушаал, нэр, төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны үйлдэл хийх сэдлээ илэрхийлсэн бол, мөн хүүхдийн тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах,
-Энгийн хог хаягдлын торгуулийн хэмжээг багасгаж, аюултай хог хаягдлын торгуулийн хэмжээг нэмэх,
-ФАТФ-ын шаардлагын хүрээнд Банк бус санхүүгийн тухай хууль, Санхүүгийн үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх асуудлын зөрчлийн торгуулийн хэмжээнд өөрчлөлт оруулах,
-Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулан холбогдох зөрчлийг тусгах,
-Хүүхдийн эрхийг зөрчих асуудлыг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон салбар хуулиудын зохицуулалттай уялдуулах, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд тусгасан байна.
Үндэсний шуудан
URL: