Мэргэжлийн үнэмлэхийг сургалтын сертификат орлох уу
Мэргэжлийн ажлыг сургалт дамжаа төгссөн нэгэн хийж байгаа асуудал манай улсад захаас аван байдаг. Гэтэл үүнд хариуцлага тооцдог, анхаардаг мэргэжлийн байгууллага алга гэхэд хилсдэхгүй. Үүний нэг тод жишээ нь “Тод Каннам” арьс гоо заслын эмнэлэг. Энэ эмнэлэгт өнгөрөгч оны гуравдугаар 26-нд өөх соруулах мэс ажилбар хийлгэсэн 29 настай эмэгтэй нас барсан байдаг.
Талийгаачид өөх соруулах хагалгаа хийх үеэр хүндрэл үүсэж улмаар зүрх нь тасалдаж эхэлжээ. Түүнийг Улсын төв нэгдүгээр эмнэлэгт яаралтай хүргэсэн ч эмчилгээ авалгүй дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нас барсан байдаг. Энэ хэрэгт холбогдох тус эмнэлгийн албан хаагчид нь мэргэжлийн биш, сургалтын сертификатаар нүүрээ дарсан эмч нэртнүүд байж.
Тус хэрэгт холбогдогч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /10.6 Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, 1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнд гэр бүлийн гишүүд нь гомдолтой байгаа юм. Учир нь “Тод Каннам” эмнэлгийн эмч нар мэргэжлийн бус хүмүүс байсан учир эмнэлгийн зөвшөөрлийг нь НМХЕГ-аас цуцалсан байна.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ. Яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагт товолжээ.
Энэ тохиолдолтой ижил олон хууль бус эмнэлэг нэртэй газрууд, эмч нэртэй суралцагч нар үйлчилгээ үзүүлж байгаа учир та бүхэн үйлчлүүлэх эмнэлгийн байгууллагаа сайтар судлаж, сонгох нь эрүүл мэнд, амь насаа хамгаалах, таны өөртөө оруулж буй томоохон хөрөнгө оруулалт гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
http://erennews.mn/article/29010
URL: