АРДЧИЛСАН НАМ БАС НЭГ ФРАКЦТАЙ БОЛЛОО

Эвслийн засгийн газрын эсрэг байр суурьтай байсан гишүүд Ардчилсан намын дотор шинэ фракц байгуулж буйгаа албан ёсоор зарлалаа.

Монголын ардчилсан хүчний холбооноос үүдэлтэй гэх эл фракцын нэр нь «Шонхор». Шударга ёс, эрх чөлөө, хүний эрх, хууль бус бүхний эсрэг тэмцэх гэж зорилгоо тодорхойлсон «Шонхор» фракцыг УИХ-ын гишүүн З.Энхболд толгойлж буй юм.

Эрхэм гишүүн фракцынхаа өнөөгийн бодлого байрь суурийг тодорхойлохдоо, “2008 оны дөрөв­дүгээр сард орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай цуг явуулахаар хуульчилсан.

Үүнийг бид дэмжиж байгаа. Ийм байдлаар байр сууриа хувиргахгүй ажиллах нь чухал. Түүнээс бид даргын суудлын төлөө фракц байгуулаагүй” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Фракц гэдэг бол үзэл баримтлалын асуудал. Улс төрийн намуудад фракц байх нь энгийн, эрүүл үзэгдэл юм. Фракцуудын дунд  үзэл бодлын тэмцэл үүссэнээр бодлого илүү бодьтой болдог.

Эрс шинэчлэлийн нийгэм хүсэн хүлээж буй энэ үед Ардчилсан намд үзэл баримтлал нь ойлгомжтой улстөрчид хэрэгтэй” гэснээс үзвэл  фракцдаа ашиг сонирхолын бус үзэл санааны улс төрчдийг нэгтгэхийг зорьж буй нь анзаарагдсан юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ албан ёсны мэдэгдлээс үзэхэд хатуу барууны үзэлтнүүдийг нэгтгэх нь уг фракцын гол зорилго тодорхой харагдсан бөгөөд, энэ утгараа социал демократ үзэл баримтлалыг номлож асан одоогийн зарим удирдлагуудтай үзэл баримтлалын хувьд шууд тулгарах нь ойлгомжтой болж байна.

Фракцад одоогоор ямар ямар олонд танигдсан улс төрчид хамаарагдаж буй талаар тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд, ямартай ч УИХ-ын гишүүн Д.Одхүү, Г.Баярсайхан нар уг нэгдэлд хамаарч буйгаа илэрхийлэн үзэл бодлоо илэрхийлж байсан юм.

Я.Баяраа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих