Генетик нөөц ашиглалтаас жилд 2.5 их наяд төгрөгийн үр ашиг хүртэх боломжтой
/МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг өчигдөр буюу энэ сарын 17-нд зохион байгуулав.
Монгол Улсын Засгийн газраас Генетик нөөцийн тухай хуулийн төслийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм байна. Хуулийн төслийг баталснаар генетик нөөцийн үнэ цэнэ нь өсөн , ашиглалтаас бий болох үр шимийг Монгол Улс, эзэмшигчид хүртэх нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн биотехнологийн ололт амжилтад тулгуурласан судалгаа, үйлдвэрлэл хөгжих, технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээл дээр гарах боломж бүрэлдсэнээр эдийн засгийн бодит эерэг үр дүн гарах талаар БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого,төлөвлөлтийн газрын дарга Т.Булган танилцуулгадаа дурдав.
Ургамал, амьтан, бичил биетний болон бусад гаралтай удамшлын функционал нэгж агуулсан аливаа материалыг генетик материал гэх бөгөөд уг материал дундаас бодит болон боломжит үнэ цэц бүхий хэсгийг генетик нөөц гэж үздэг байна. Тодруулбал, хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болох хоол хүнс, эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүний тодорхой хэсгийг генетик нөөцөөс гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлэн хэрэглэж байна. Генетик нөөц ашигладаг салбаруудын дэлхийн чиг хандлагаас үзвэл ирээдүйд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 50 хувь, эм үйлдвэрлэл 15 хувь, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн 7 хувь, биотехнологийн үйлдвэрлэл 15 хувиар тус тус өснө гэсэн судалгааг гаргасан байна. Тухайлбал, АНУ-ын Хүнс Эмийн хорооноос баталгаажуулсан эмийн 60 хувь нь генетик нөөцөөс гаралтай байна. Манай улсад ч өөрсдийн дотоод нөөц бололцоог бүрэн ашиглаж, үндэсний эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал эдийн засгийг төрөлжүүлж, хөгжүүлэх боломжтой бөгөөд генетик нөөц ашиглалтаас жилд 2.5 их наяд төгрөгийн үр ашгийг хүртэх, бий болгох бололцоотой. Монгол Улсын байгалийн амьд нөөц нь нэг талаас хүний хөдөлмөр шингээгүй, нөгөө талаар үйлдвэрлэлд ихэвчлэн түүхий эд байдлаар орц болж ашиглагддаг. Боловсруулалт хийгдээгүй биологийн түүхий нөөц нь генетикийн нөөцийг өөртөө агуулдаг. Уг нөөцийг дотоодын хэрэглээнд хүнс, амьжиргааны эх үүсвэр байдлаар ашигладаг. Харин ихэнх хэсэг нь гадагшаа хараа хяналтгүй урссаар байгаа юм. 2012-2017 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан, ургамал, бичил биетний гаралтай зүйлийг давхардсан код, нэрээр нийт 1450 удаа хилээр гаргажээ. Улсын хилээр гарч байгаа ургамал, амьтан, бичил биетний эдийн засгийн ач холбогдол нь олон сая ам.доллараар хэмжигдэх бололцоотой бөгөөд эдгээр генетик нөөцийг ашиглан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгааг тооцох боломжгүй юм. Манай орны ургамал, амьтны ховордлын гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомсдол доройтлоос үүдэлтэй байна. Иймд байгалиа хамгаалж ирсэн уламжлалт мэдлэгээ ахуйн соёлдоо шингээж өвлүүлж ирсэн ард түмний хувьд энэ байдлаа баталгаажуулах, генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалтыг хуулиар зохицуулах нь чухал ач холбогдолтой гэдгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэлсэн онцлов.
Хэлэлцүүлэгт оролцогч эрдэмтэн судлаачид хуулийн төслийн нэр томьёог ойлгомжтой болгох, бусад салбарын эрх зүйн баримт бичгүүдтэй уялдуулах, үйлдвэрлэл эрхлэгчид болон салбар бүрийн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын дунд дахин хэлэлцүүлэг зохион байгуулах тал дээр анхаарч ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд хэлж байлаа. Мөн төсөлд байгаа зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох шаардлагатай. Тухайлбал, уламжлалт мэдлэг эзэмшигч гэж хэнийг ойлгох, генетик нөөц ашигласны төлбөр хураамжийг захиран зарцуулах эрх мэдлийг тухайн орон нутагт нь өгч болох эсэх, хяналт, шалгалтыг зохион байгуулалтыг тодорхой болгох зэрэг асуудлыг тусгах талаар байр сууриа илэрхийлж байлаа.
URL: