НҮБ: Өмнөд Африкийн орнуудад 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй
Өмнөд Африкийн орнуудад 45 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй байгаагийн дийлэнхийг эмэгтэйчүүд, хүүхдүүд эзэлж байна гэж НҮБ-ын харьяа Дэлхийн хүнсний байгууллага мэдээлжээ.
Африкийн 16 оронд нүүрлэсэн өлсгөлөн нь ган, үер, эдийн засгийн хямралаас үүдэлтэй бөгөөд нөхцөл байдал цаашид улам дордох төлөвтэй байна гэж НҮБ-ын агентлаг пүрэв гарагт мэдээлсэн байна.
Дэлхийн хүнсний байгууллага Зимбабве, Замби зэрэг найман улсын 8.3 сая хүнд тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа аж. Зимбабве улсын нийт хүн амын тэн хагаст хүнсний тусламж шаардлагатай байгаа ажээ.
Уг тусламжийг үзүүлэхээр 205 сая ам.долларыг бүрдүүлсэн нь шаардлагатай хөрөнгийн тал хувьтай тэнцэж байгаа тул санхүүгийн дэмжлэг, хөрөнгө оруулалт хийхийг олон улсад уриалсан байна.
URL: