Тойргоо булаацалдсан гишүүн Н.Оюундарь, Д.Өнөрболор нарын хэрүүл нэг юм дуулгана шүү!

86f5dedd6e29b7592065b49bcd4413f2Өнгөрсөн сонгуулиар Сэлэнгэ аймагт МАН-аас Н.Оюундарь ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. Тэрээр Сэлэнгэ нутгийн хүн биш ч гэлээ өргөмөл өвөг эцгийнхээ нэрийг ашиглан нутгийн иргэд­ийн итгэлийг хүлээсэн байдаг.

Харам­салтай нь тэрээр дөрвөн жил чуулганы танхимд суухдаа Сэлэнгэ аймгийг хөгжүүлэх дорвитой ажил хийгээгүй. ЖДҮХС-гаас хүүгийнхээ нэр дээр нэг тэрбум төгрөг орчим төгрөгийн зээл авсан нь илэрч, бөөн дуулиан болж байсан. Ууччлал гуйхын оронд “Мэдээлэл ойр байснаараа олж авсан, тэгээд яадгийн” гэж хэгжүүрхсэн хатагтай.

ЖДҮХС-гаас зориулалтын бус зээл авсан тэрээр энэ зээлээ буцааж төлнө гэж томорсон ч өнөө хэр төлсөн эсэх нь тодорхой бус. Уг нь өөртөө авсан тэрбум орчим төгрөгөө тойргийнхоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд боломж олгосон бол өнөөдөр тэрээр нэр дэвшсэн тойрогтоо очиход нүүр бардам байх байлаа. Гэтэл газар тариалан голдуу эрхэлдэг жижиг дунд үйлдвэрлэл өсөн нэмэгдэх бүрэн боломжтой энэ аймгийнхан өнөөдөр төр, засгийн дэмжлэг байхгүйн улмаас жижиг дунд үйлдвэрлэл нь төдийлөн хөгжихгүй яваа юм. Улсын төсөвт суулгасан ганц нэг ажлаа “Би хийсэн, би өгсөн” хэмээн цээжээ дэлдэж яваад нь сонгогчид нь тун бухимдуу байна.

Гэвч үүнээс илүүтэй хааяа нэг тойргоо эргэхээр очиход нь бүр их бухимдуулж байгаа нэг “дайсан” бол “Сөүл” группийн Д.Өнөрболор аж. МАН-ын гишүүн, хоёр жилийн өмнө Барилга хот байгуулалтын сайдад нэр нь дэвшиж явсан Д.Өнөрболор сүүлийн нэг жил Сэлэнгэ аймагт “амьдарч” байгаа. Н.Оюундарийг бодвол Сэлэнгэ нутгийн унаган охин тэрээр энэ жил болох УИХ-ын сонгуульд төрж, өссөн нутгаасаа нэр дэвшихээр ийнхүү жилийн дөрвөн улиралд жим гартал яваа. Хоёр жилийн өмнөөс “Бидний цөөхөн монголчууд” хэмээх төслийг санхүүжүүлж, Сэлэнгэ аймгийнхаа бүх сумдаар тойрсон байдаг.

Энэ үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Сэлэнгэд тосч уулзаад өөрийнхөө санаа бодлыг сэмхэн шивнэчихсэн гэдэг. Ийнхүү гараагаа эхэлсэн тэрээр бага багаар барьцаа ахиулан, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ аймаг дахь Эмэгтэйүүдийн зөвлөлийн даргаар сонгогдож, бүх сумдаа тойроод байна. Сум болгонд “Өөдлөн дэвжих цаг” хэмээх чуулганыг зохион байгуулж, сумын эмэгтэйчүүдтэй тун дотно харилцаа үүсгээд байгаа.

Тэр ч байтугай өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг эмэгтэйчүүдэд өөрөөсөө багагүй хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлж эхэлжээ. Харин энэ бүхэн нь УИХ-ын гишүүн Н.Оюундарьд таалагдаагүй бололтой. Очсон сум болгонд нь Д.Өнөрболор аль хэдийнэ очоод ажиллачихсан, иргэдэд үг үйлдэл нь хүрчихсэн “Манай Өнөрөө” гээл ярьсан нь түүний уур унтууг ихэд хүргэсэн гэнэ. Тэр ч байтугай нэг суман дээр уулзалт нь нэг өдөр таарахад тэрээр уулзалта цуцалж, өөр сум руу явсан аж. Ийнхүү МАН-ын хоёр эмэгтэй гишүүн бие биеэ үзэж чадахгүй хонь чоно болсон сурагтай. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хувьд энэ жилийн сонгуульд өрсөлдөх эсэх нь тун бүрхэг байгаа.

ЖДҮХС-гаас мөнгө хуссан хэрэгт нэр холбогдсон гишүүдээ МАН нэр дэвшүүлэхгүй чиглэл барьж байгаа. Хэрвээ энэ шийдвэр нь албан ёсоор баталгаажвал Н.Оюундарь нэр дэвших эрхгүй болно. Үүнийг анаж буй Д.Өнөрболорт том боломж гарч, тэрээр өрсөлдөгчгүй шахам ялалт байгуулна. Иймд бусад намаас нэр дэвшигчтэй биш, нам дотроо бие биеэ хэмлэж унагаах нь тэдний тэмцлийг улам хурцатгаж байна.

Нэгнийхээ орсон сумаар яг араас нь орж баллуурдан, хийсэн ярьсныг нь үгүйсгэн бие биеэ няцаж буй тэдний тэмцэл ойрд бүр ширүүсч, бие төлөөлөгч нар нь муудаж эхэлсэн гэнэ. Уулзалт болох сумын соёлын төв, сургуулийн заалаа хүртэл булаалдаж, бие биеийнхээ уулзалт хийх боломжуудг хүртэл хааж эхэлжээ. Сонгууль хүртэл энэ байдлаараа тэмцэлдэх юм бол тэд хоёулаа шившгээ хутгаж мэдэхээр байна.

Эх сурвалж: Хориотой сонин


URL:

Сэтгэгдэл бичих