Шонхрууд бол хатуу байр суурьтай гишүүдийн фракц гэв
Ардчилсан хүчний холбоо өнгөрсөн баасан гаригт анхдугаар чуулганаа хийж, АН-ын харьяалалтай УИХ-ын гишүүд “Шонхор” фракц байгуулснаа зарласан. Анхдугаар чуулганаар ямар асуудал хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболд, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Д.Одхүү нар өчигдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, тус холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэ эхлээд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Ардчилсан хүчний холбоо байгуулагдаад хоёр жил болохдоо улс төрийн холбогдолтой мэдэгдэл, акц гаргаагүй. Зөвхөн Монгол Улсаа хөгжүүлэх эрхэм зорилготой ардчиллын төлөө эрмэлзэлтэй иргэдийг нам харгалзалгүй нэгтгэсэн Төрийн бус байгууллага хэлбэрээр ажиллаж ирсэн” гэв. Ардчилсан хүчний холбоог зөвхөн АН-ын нэг фракц гэсэн буруу ойлголт түгээмэл байдгийг үүгээр няцааж, олон мянган гишүүнтэй үндэсний хэмжээний том фракц гэдгээ энэ үеэр зарласан юм. Түүнчлэн тус холбооны эрхэм зорилго нь шударга ёс, Монгол Улсаа шинэчлэхийн төлөөх хүчнүүдийн нэгдэл хэмээн тайлбарлаж байлаа. Холбооны дүрмээр гишүүд аль ч нам дотор бүлэг, фракц, клуб байгуулах эрхтэй тул энэ дагуу АН доторх “Шонхрууд” мэндэлснээ ийн зарлав.
УИХ-ын гишүүн, тус холбооны ерөнхийлөгч З.Энхболд “Шонхор” бол хатуу үзэл бодолтой гишүүдийн фракц гэдгийг хэлээд барууны үзэлтнүүд дундаа хатуу байр суурьтай гишүүдийг “шонхрууд” гэдэг болохыг тайлбарлав. Тэд анхнаасаа АН-ыг хамтарсан Засгийн газарт орохыг эсэргүүцэж байсан гэдгээ ч мэдэгдэв. Цаашдаа ч аль ч нам сонгуульд ялсан Засгийн газарт хамтарна гэж үздэг АН-ын зарим гишүүдийг эсэргүүцэж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Ардчилсан хүчний холбооноос Хөгжлийн шинэ стратеги гаргаж, хүн амын 70-аас доошгүй хувийг дунд давхаргынхан болгох ёстой” гэв. Харин Г.Баярсайхан гишүүн хэлэхдээ “Манай фракц таван Э-гийн бодлого барьж ажиллана. Монголд гадаадын орнуудын экологийн колоничлол, экологийн терроризм үйлдэгдэж байгааг эсэргүүцэж, уул уурхайн баялгаас орж ирэх хөрөнгийн нэг хувиар экологийн сан бүрдүүлж, экологид ээлтэй үйл ажиллагааг дэмжиж, экологийн шинэ стандарт нэвтрүүлж, экологийн засаглал тогтоохыг таван Э гэж нэрлэж байгаа юм. Мөн Монгол орныг аж үйлдвэрийн, экологийн тэргүүлэх бүс гэсэн хоёр чиглэлээр хөгжүүлэх болно” гэв.
Ийн мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-АН-ын ҮЗХ-ны хурлаар танай фракц намын дарга Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хөндөх үү?
УИХ-ын гишүүн З.Энхболд: -Нэг хүн солих, нэг хүнтэй тэмцэх нь хамгийн амар ажил шүү дээ. Дарга солихоос илүү ардчиллыг үзэл бодлоороо дэмждэг байх нь чухал. Манай бодлого бол Монгол Улсаа шинэчлэхэд анхаарч ажиллана.
-Танай холбоо анхдугаар чуулганы хурал дээрээ МоАХ-ны мэдэгдлийг дэмжиж цагаан морин жилийн хувьсгалыг дахин хийхийн төлөө тэмцэнэ гэсэн. Тэмцэл хийнэ гэдэг нь ямар утгатай юм бэ. МоАХ тусдаа нам болно гэсэн яриа гарах боллоо. Танай холбоо тэдэнтэй нэгдэж АН-аас гарах уу?
УИХ-ын гишүүн З.Энхболд: -Өнгөрсөн 22 жилд таван удаа сонгууль хийсэн. Үүнийг тэмцэл гэж нэрлэж болно. МоАХ бол манайх шиг ТББ. Олон намын гишүүдээс бүрдсэн. Тараад нэг нам байгуулах амархан. Гэхдээ тэгэхгүй. МАН дотор “Ардчилал” фракц байгуулагдсан. Тэд Ардчилсан хүчний холбооны гишүүн болох боломжтой.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Бид 1990 онд тайван замаар ардчилсан хувьсгал хийсэн. Цагаан морин жилийнх шиг тэмцэнэ гэдэг нь нийгэмд тайван замаар, сонгуулийн зарчмаар тэмцэл хийе гэсэн үг. Монгол төрийн алтан жолоо цулбуурыг зөв хүмүүст атгуулъя гэж байгаа. Энэ ажил тайван замаар явна. Харин шаардлагатай бол гудамжинд гарахад бэлэн гэв.
А.БИЛГҮҮН
URL: