ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

5f862c6c32715b017034fddbb0b2c50eОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Ерөнхийлөгч Владимир Путины Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай санал гаргасантай холбогдуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсноо мэдэгджээ.

“Владимир Путин ОХУ-ын Үндсэн хуульд хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулах талаар мэдэгдсэн. Ерөнхийлөгч зөвхөн Үндсэн хуульд төдийгүй эрх мэдлийн хуваарилалтад бүхэлд нь өөрчлөлт оруулна. Засгийн газар төрийн тэргүүнд шаардлагатай шийдвэр гаргах бүх боломжийг олгох ёстой. Тиймээс Үндсэн хуулийн 117-р заалтын дагуу ОХУ-ын сайд нарын танхим бүрэн бүрэлдэхүүнээр огцрох өргөдөл өгч байна” гэж Д.Медведев Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалт дээр мэдэгджээ.

Владимир Путин Засгийн газрын гишүүдэд хамтарч ажилласанд талархал илэрхийлж, танхимын гишүүн бүртэй уулзана гэв. Тэрбээр мөн танхимын гишүүдийг шинэ засгийн газар байгуулагдах хүртэл үүргээ гүйцэтгэж байхыг хүсчээ.

В.Путин Аюулгүй байдлын зөвлөлийн дэд тэргүүн гэсэн албан тушаал бий болгож, Д.Медведевт санал болгохоор төлөвлөж байгаа аж.

Д.Медведев ОХУ-ын шинэ түүхэнд Засгийн газрыг хамгийн удаан хугацаагаар тэргүүлсэн Ерөнхий сайд болсон юм.

Тэрбээр нийт долоон жил, найман сарын хугацаанд Засгийн газрыг тэргүүлсэн байна /2012 оны тавдугаар сарын 8-нд Засгийн газрын тэргүүнд томилогдсоноос хойш хоёр мянга 808 өдөр/.

Д.Медведевийн одоогийн танхим 2018 оны тавдугаар сарын 18-нд арван орлогч дарга, нэг шадар сайд, 22 сайдын бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих