Мэлхийн үүдэл эсээс дэлхийн анхны био робот бүтээжээ
АНУ-ын эрдэмтэд дэлхийд анх удаа амьд эд эсээр бяцхан роботууд бүтээжээ. Энэ тухай “Daily Telegraph” сонин шинжлэх ухааны “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд гарсан эрдэмтдийн бүтээлийн талаарх нийтлэлээс иш татан мэдээлсэн байна.
“Энэ бол уламжлалт робот биш бөгөөд амьтны мэдэгдээгүй төрөл зүйл юм. Энэ бол программчилсан амьд организмын шинэ төрөл зүйл юм” гэж роботуудыг бүтээсэн эрлэмтдийн нэг болох Вермонтын их сургуулийн профессор Жошуа Бонгард тайлбарлажээ.
Роботуудыг “Xenopus laevis” төрөлд хамаардаг гөлгөр, урт хумст мэлхийн үр хөврөлийн эд эсээр бүтээсэн байна. Тиймээс эрдэмтэд тэднийг “xenobots” гэж нэрлэжээ. “Хenobot” бүрийг 500-1000 эд эсээр бүтээсэн бөгөөд 1 мм орчим хэмжээтэй байна. Эрдэмтэд энэхүү роботуудыг хүний биеийн өвчтэй хэсэгт судсаар эм “хүргэхэд” ашиглаж болно гэж найдаж байгаа аж.
“Хenobot”-уудын “зургийг” Вермонтын их сургуулийн “Deep Green” суперкомпьютероор гаргажээ. Алгоритмуудыг нь тооцоолохдоо хамгийн амжилттай схемүүдийг сонгосон бөгөөд үүний дагуу эрдэмтэд маш жижигхэн хямсаа, цахилгаан мэс заслын хутга ашиглан роботуудыг гараар угсарчээ. Харин мэлхийн арьсны үүдэл эс нь “хenobot”-уудын их бие болж өгсөн бол зүрхнийх нь эсийн тусламжтайгаар хөдлөх чадварыг олж авжээ.
Устай орчинд уг роботууд зөвхөн өөрийн нөөц бололцооноосоо “хооллон” хэдэн долоо хоногийн турш хөдөлж чадах гэнэ. Гэмтсэн тохиолдолд “хenobot”-ууд нь ажлаа зогсоодог бөгөөд бусад роботоос ялгаатай нь бүрэн задардаг байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: