МАН-ын гишүүд өрх тусгаарлах гэв үү

МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй хүмүүс өчигдөр болсон бүлгийн хуралдаанд оролцсон гэх мэдээлэл байна. Тус намын бүлэг үдээс өмнө хуралдаж дуусаад, ямар асуудлыг яаж хэлэлцсэнээ мэдээлээд байсан ч үдээс хойш гэнэт ийн хуралдав. Тэр дундаа намын дарга С.Батболд хүртэл оролцсон гэхээр “сэжиг бүхий” байгаад байгаа юм. Ойрын эх сурвалжийн мэдээллээр шинэ сайдуудын томилгооны асуудлаас болж, МАН-ынхан дотооддоо ихээхэн бужигнаж эхэлжээ. Анхнаасаа л намаасаа гарч, Н.Энхбаярыг дагаж магадгүй хэмээн хардагдаж байсан Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар бүлгийн хурал дээр намын дарга руугаа ширүүхэн дайрсан сураг байна. Тэдний хувьд “эсэргүү дөрөв” нэр зүүгээд байсан билээ. Бүлгийн хурал болдог өдрийн өглөө “эсэргүү дөрөв” Д.Балдан-Очир гишүүний өрөөнд сэм хуралдсан сурагтай. Ер нь МАН-ын гишүүд ойрхоноо сэм сэм хуралдах болсон билээ. Сонгууль дөхсөн энэ үед МАН-ын нэр хүнд шалдаа буучихсан байгаа. Ядаж байхад сая шинэ сайд нарыг томилохдоо бүр ч нэр хүндээ алдчихсан. Н.Ганбямба тэргүүтэй зарим гишүүд сайд нарын томилгоонд бухимдахдаа намын даргаа “олигархи”-аар нь дуудсан удаатай. Ийнхүү сайд нарын томилгооны асуудал МАН-ыг юу юугүй хоёр хуваах дээрээ тулаад байгаа гэнэ. Намын дарга С.Батболд болон генсек У.Хүрэлсүх нар байдлыг намжаах гэж сандралдаж байгаа бололтой.
МАН-ын зарим гишүүн хуучин бууриа сахихийг эрмэлзэх болсонд өөр ч шалтгаан байгаа нь ойлгомжтой. Мэдээж, шинэ сонгуулийн хуулиар мандат цөөрсөн. Тэр хэрээр 26-д өрсөлдөх нэр дэвшигчдийн тухайд хамгийн шилдэг нь байх шаардлагатай. Энэ тохиолдолод Д.Балдан-Очир нарын зарим гишүүдэд зай олдохгүй нь тодорхой юм. Харин тойргоос гологдсон гишүүд Н.Энхбаярыгаа дагачихад огтхон ч харамсахгүй зүйлгүй гэх “бор шувуу” ниссээр байгаа билээ. Жишээ нь Хөвсгөл аймаг дөрвөн мандаттай байж байгаад хоёрхон болчихсон. Хоёр мандатад өрсөлдөгчдийн тоо дэндүү олон байна. Ө.Энхтүвшин байх уу, шинээр “од” болж буй Д.Сарангэрэл байх уу, эсвэл бүр цоо шинэ хүн байх уу. Ямар ч байсан Ц.Даваасүрэн биш гэдэг нь тодорхой болсон сураг байгаа. Ц.Даваасүрэн гишүүний хувьд үүнийг мэдэж байсан учраас анхнаасаа л пропорцианаль оролцсон сонгуулийн тогтолцоог эрс эсэргүүцэж, “тойроггүй болсон хүмүүс пропорцианалийг сонгож байгаа” гэх ярилцлагуудыг өгч байсан билээ. Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очироос гадна цоо шинээр Н.Ганбямба гишүүний нэр МАХН руу явахаар яригдаж эхэлсэн. Тэрбээр Батлан хамгаалахын сайдад үзээд алдсан ч Ж.Энхбаярт дийлдчихсэн. Үүндээ шаралхаж, намаа гарах нь гэх “мессеж” нисч яваа. Нөгөөтэйгүүр Хэнтий аймагт Н.Ганбямбыг дахин нэр дэвшүүлэх үү гэдэ нь ч эргэлзээтэй байгаа билээ.
Юутай ч Сонгууль ойртсон энэ өдрүүдэд МАН-ынхан өдрөөс өдөрт бужигнаж, хэзээ мөдгүй салж, сарних дээрээ тулаад байгаа нь бараг л тодорхой болчихлоо доо. Нэрээ сольж рейтингээ алдаад, дээрээс нь сайд нарын асуудал. “Муу дээр муухай, муухай дээр улцан” гэгчээр нам нь хоёр хуваагдчихвал МАН-ын хувьд ирэх сонгууль “баяртай” болох нь дамжиггүй. Намын даргын хувьд энэ асуудалд ихээр санаа чилээрхэхээс ч өөр аргагүй билээ.

Л.Дэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих