Хийжүүлсэн ундаанд онцгой албан татвар ногдуулах шаардлагатай байна
Монголчууд 2017 онд 292 сая литр шингэн хүнс хэрэглэжээ. Үүний 22 хувийг шүүс, 8 хувийг цай, 12 хувийг ус, 56 хувийг нь хийжүүлсэн ундаа эзэлсэн байна. Эдгээр тоон мэдээллийг тогтож сайн харвал ясны сийрэгжилт,чихрийн шижин зүрх судасны өвчлөлийг эрс нэмэгдүүлж буй хийжүүлсэн ундаа өндөр хувь эзэлжээ. Гэтэл хийжүүлсэн ундааны хэрэглээг эх орны ирээдүй болсон хүүхэд, залуус түлхүү хэрэглэж байгаа нь сэтгэл эмзэглүүлэх сэдэв юм.Тиймээс бид эрүүл мэндэд хор хөнөөл ихтэй хийжүүлсэн ундааны хэрэглээг хязгаарлаж, олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлэх шаардлага үүсч байна.
Дэлхий нийтийн хандлага элсэн чихрийн агууламжгүй ундаа,усыг илүүд үзэх болж цэвэр усны зах зээл жил бүр 10 хувиар өсөж байна. Австралид л гэхэд эрүүл мэндэд хортой, ундаа усанд онцгой албан татвар ногдуулдаг болсон. Гэтэл манай улс архи,тамхи зэрэг бүтээгдэхүүнээс онцгой албан татвар авдаг бол өндөр хөгжилтэй орнууд хийжүүлсэн ундаа зэрэг бүтээгдэхүүнийг архи,тамхины хор хөнөөлтэй адилтган үзэж байгаа юм.Түүнчлэн дэлхийн бусад орнуудад хийжүүлсэн болон чихэрлэг ундааны хэрэглээг багасгах зорилгоор эрүүл зан үйлийг дэмжих боловсрол олгох, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн орчинд эрүүл хооллолтыг дэмжих,чихэрлэг ундаанд албан татвар ногдуулах, эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх,чихэрлэг ундааны шошгожилт, стандарт, хүүхдэд чиглэсэн зар сурталчилгааг хориглох зэргээр хэрэглээг хязгаарлаж байна.
Харин манай улсад өнөөдрийг хүртэл хийжүүлсэн ундааны хэрэглээнд тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйгээс болж хэрэглээ жил тутам нэмэгдэж тэр хэрээрээ өвчлөл газар авчээ. Иймд Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос / НАМЭХ/ Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, газар, агентлагийн удирдлагууд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид зэрэг 80 гаруй хүнийг оролцуулсан “Хийжүүлсэн ундааны хэрэглээ-эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, дүгнэлт, хэлэлцүүлэгт оролцогчдын санал, зөвлөмжийг үндэслэн гурван үндсэн чиглэлээр Зөвлөмж гаргалаа.
Зөвлөмжийг бүрэн эрхээр нь хүргэе…
“ХИЙЖҮҮЛСЭН УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ-ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГЭЭС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
Улаанбаатар хот, Монгол улс
2020 оны 01 сарын 10
“Хийжүүлсэн ундааны хэрэглээ-Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” сэдэвт хэлэлцүүлэг Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны санаачлагаар Улаанбаатар хотноо 2020 оны 01 сарын 10-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт С.Өнөрсайхан – Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Химийн ухааны доктор, дэд профессор, М.Ундрам – Анагаах Ухааны Сургуулийн Өрхийн анагаах ухааны тэнхэмийн багш, Анагаах Ухааны доктор, М.Пүрэвжав – ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор, Ж.Цолмон – Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирал, Анагаах Ухааны доктор нар урилгаар оролцон Хийжүүлсэн ундааны химийн бүтэц найрлага, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, хэрэглээ ба нөлөөлөх хүчин зүйл, олон улсын дэвшилтэт туршлагын талаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулав. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын гишүүд, яам, газар, агентлагын удирдлагууд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид зэрэг 80 гаруй хүн оролцов. Эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, дүгнэлт, хэлэлцүүлэгт оролцогчдын санал, зөвлөмжийг үндэслэн гурван үндсэн чиглэлээр Зөвлөмж гаргалаа.
НЭГ. БОДЛОГЫН ТҮВШИНД
1. ЭМС-ын 2013 оны 207 тоот тушаалаар батлагдсан “Монгол улсын сургуулийн орчинд хориглох хоол хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний жагсаалт”, “Тусгай дэглэмтэй хүн, нярай, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд тавих шаардлага”-ыг мөрдөж ажиллах. Чихэрлэг ундаа, чихэр агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг сургуулийн орчинд худалдан борлуулахыг хориглох, таслан зогсоох.
2. Хийжүүлсэн ундааны хэрэглээнээс үүсэх таргалалт, чихрийн шижин, ясны сийрэгжилт, цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, цусан дахь холестерины хэмжээ ихсэх зэрэг халдварт бус өвчний эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж хэрэглээг багасгах.
3. Хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа будагч, тогтворжуулагч, нөөшлөгч, хүчиллэгжүүлэгч химийн бодисыг байгалийн гаралтай нэмэлт бодисоор орлуулах арга хэмжээг дэмжих.
4. Хийжүүлсэн болон чихэрлэг ундааны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөөний талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээ, орон нутгийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд түгээх ажлыг өрнүүлэх
5. Чихэрлэг ундаанд агуулагдах чихрийн хэмжээнд стандарт тогтоох.
6. Чихэрлэг ундааны үйлдвэрлэл, худалдаа, импорт, үнийн дэлгэрэнгүй статистик мэдээллийн санг бий болгох.
7. ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн таргалалтай тэмцэх нийгэмлэг зэрэг байгууллагын зөвлөмжийг дагаж чихэрлэг ундаанд онцгой татвар ноогдуулах, татварын хувь хэмжээг шатлан нэмэгдүүлэх. Чихэрлэг ундаанд агуулагдах чихрийн агууламжаас хамааруулан татварын хувь хэмжээг ялгавартайгаар тогтоох асуудлыг судлан шийдвэрлэх.
8. Чихэрлэг ундааны сурталчилгааг сургууль, цэцэрлэгийн орчинд цацах, байрлуулахыг хориглох.
9. Бүх төрлийн чихэрлэг ундааны чихрийн хэмжээнд дээд хязгаар тогтоох, фруктозын өндөр агууламжтай эрдэнэ шишийн өтгөрүүлсэн сиропоор амтлахыг хориглох.
10. Бүх төрлийн чихэрлэг ундаа болон бусад эрүүл мэндэд сөрөг нөлөөтөй хүнсний бүтээгдэхүүнд “хар шошго” байрлуулах.
11. Шошгын шим тэжээлийн мэдээллийг ашиглан эрүүл мэндэд тустай хоол, хүнс сонгон хэрэглэх дадлыг хүн амд хэвшүүлэх.
ХОЁР. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ ТҮВШИНД
Хийжүүлсэн ундааны эрүүл мэндийн сөрөг нөлөөллийн талаар шинжлэх ухаанч, шинэ мэдлэг, нотолгоог бүрдүүлэх чиглэлд анхаарч дараахь чиглэлээр судалгаа хийхийг зөвлөж байна. Үүнд:
1. Хийжүүлсэн ундааны хэрэглээг багасгахад чиглэсэн хувь хүний өртөлтийг бууруулах интервенцийн үр дүнг судлан үнэлэх.
2. Хувь хүн, гэр бүл, хамт олонд чиглэсэн хийжүүлсэн ундааны хэрэглээг бууруулах хувь хүний оролцоо, өртөлтөөс сэргийлэх талаар мэдлэг олгох, хандлага, дадлыг өөрчлөх интервенци хийх, түүний өөрчлөлт, үр дүнг судалж, судалгааны үр дүнд үндэслэн ард иргэдийн эрүүл мэндийн зан үйлийг дэмжих, улмаар хувь хүний өртөлтийг багасгахыг зорих
3. Хийжүүлсэн ундаанд агуулагдах сахар орлуулагч, хийжүүлэгч, нэмэлт бодисуудын нөлөөг судлах чиглэлээр эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг ахисан төвшинд судлах
4. Хийжүүлсэн ундааны эрүүл мэндийн сөрөг нөлөөг судлан хэрэглээг хянах, багасгах аргыг ирд иргэдэд зөвлөх, мэдээлэх
5. Хийжүүлсэн ундааны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөлөөлөл, хожуу үүсэх сөрөг үр дагавар, хавдар үүсгэгч болон донтох урт хугацааны хоруу нөлөөллийг дэлгэрүүлэн судлах
6. Хийжүүлсэн ундааны хүний эрүүл мэндэд учруулах нөлөөллийг оношилох, эмчлэх зэрэгт зарцуулах төсвөөр зарцуулалтыг судлах, түүнтэй тэмцэх арга замуудын үр нөлөөг тооцоолох
ГУРАВ. ОЛОН НИЙТИЙН ТҮВШИНД
“Хүүхдийн эрүүл мэнд-өрхийн хэрэглээнээс эхэлнэ” зарчимд тулгуурлан дараах зөвлөмжийг иргэд, айл өрх, албан газруудад зөвлөж байна. Үүнд:
1. Гэр бүлийн хэрэглээнээс хийжүүлсэн ундааг хасч, цэвэр жүүс, сүү, усыг сонгох
2. Хүүхэд ус тогтмол уух боломжийг бүрдүүлж, сургууль, цэцэрлэг, хүүхэд хөгжлийн байгууллагуудын анги танхим бүрт эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усны зориулалтын төхөөрөмж байршуулах.
3. Хийжүүлсэн ундааны эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг харуулсан видео кино, зурагт хуудсыг хүүхдүүдэд тогтмол үзүүлэх.
URL: