Оффшорт нуусан мөнгийг оруулж ирээд өр дарна гэснээ мартчихсан уу, Ерөнхийлөгч өө?

712-1578961992IMG_7270-1-(1)2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигч Х.Баттулгын “Оффшорт байгаа мөнгийг оруулж ирээд бүх хүний өрийг тэглэнэ” гэсэн нь яахын аргагүй тэр сонгуулийн топ ч юм уу, поп амлалтын нэг болж байв.

Нэхэн сануулахад, 2017 оны долугаар сарын 1-нд АН-ын дарга С.Эрдэнэ намаасаа нэр дэвшигч Х.Баттулгад “Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох тухай” 01/21 тоот албан бичиг өгч, түүгээрээ нэгэн үүрэг даалгавар өгсөн байдаг юм. Тэр нь “Х.Баттулга та хэрэв Ерөнхийлөгч болбол монголчуудыг өргүй болго” гэсэн байв.
Түүнийг Ерөнхийлөгч болсны маргаашаас л Монголчууд энэ амлалтыг нь сануулж эхэлсэн. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны нэгдүгээр сарын 15-нд Соёлын төв өргөөнд Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзахдаа “Сонгуулийн үеэр яригдаж байсан өрийн асуудлыг мартаагүй. Энэ асуудлаар удахгүй УИХ-д хуулийн төсөл өргөн барихаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа” гэсэн. Мөн 2018 оны хоёрдугаар сарын 4-нд Дундговь аймгийн иргэдтэй уулзахдаа “Та бүхэн өр зээл дарах асуудлыг сонирхож байна. Сонгуулийн үеэр АН хэрвээ намайг сонгогдох юм бол ард түмний өрийг тэглэх тал дээр анхаарч, санаачилгатай ажиллаарай гэдэг үүрэг өгсөн. Энэ үүргийг би мартаагүй, биелүүлнэ. Миний тооцоолж байснаар оффшор бүст байгаа хөрөнгийг АТГ, прокурортой хамтраад оруулж ирэх, хоёрдугаарт, өдөр, шөнөгүй урд хөрш рүү байгалийн баялгаа гаргаж байгаа ч мөнгө нь орж ирэхгүй байгаад анхаарч, орлого нэмэгдүүлэх, гуравдугаарт, газрын доорх баялаг ард түмнийх. Энэ баялгийг Үндсэн хуульд заасны дагуу иргэддээ хуваарилаад ирэх юм бол иргэд өр, зээлээсээ гарах бүрэн боломжтой” гэж хэлж байв.
Түүнээс хойш таг чиг байж байгаад 2019-2020 онд шилжих шөнө мэндчилгээ дэвшүүлэхдээ “Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасан” гэлээ. Тэр шөнөөс хойш Монголчууд тэтгэврийн зээлийн өрийг тэглэх асуудлаар тасралтгүй арав хоног ярьж, эцэст нь УИХ шийдвэр гаргав. Одоо энэ өрийг Ерөнхийлөгч, МАН хоёрын хэн нь тэглэчихэв ээ гэдэг асуудал босч ирээд байна.
Уг нь Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа 2017 оны долдугаар сарын 24-нд улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэх уриалгыг гаргасан. Намар нь АТГ-аас “Оффшороос 4.3 сая ам.доллар оруулж ирсэн” гэж мэдэгдсэнээс өөрөөр дорвитой үр дүн дуулдаагүй юм. Харин оффшор бүсэд данс эзэмшсэн, мөнгө байршуулсан, үүнтэй холбоотойгоор мөнгө угаасан гэх хэргүүд өч төчнөөнөөрөө шүүх, прокурорын шатанд овоорсон байдалтай өнөөг хүрэв. Тэр ч байтугай Монгол Улс ийм хэргүүдийг шийдэж чадаагүй учраас ФАТФ-ын саарал жагсаалтад орж, санхүүгийн арга хэмжээ авахуулчихаад байгаа билээ.
Бод доо, АТГ-аас мөрдөн шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, “Петровис”-ийн Ч.Давааням, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нарын хэрэг юу болсон бэ. Өнгөрсөн оны сүүлчээр мөрдөн шалгаж эхэлсэн “Эрдэнэт үйлдвэр”-ээс оффшорт гарсан их хэмжээний мөнгөний хэрэг бас юу болов. Түүнээс гадна оффшортой холбогддог гишүүд, сайд нарын асуудал таг чиг болчихоод байна.
Үүнээс гадна 60 тэрбумын гэх хэрэг бас Х.Баттулгын Ерөнхийлөгч болохдоо хэлсэн амлалтын нэг хэсэг болдог. 2017 оны зургадугаар сарын 15-нд Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга “60 тэрбумын” гэх бичлэгийн асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “90 минутын аудио бичлэгт төрийн эрхийг хууль бусаар авах тухай, сонгуулийг луйвардах, хар машиныг Германы мэдээллийн технологийн том компанитай хамтран хакердах, сонгуулиар тараах мөнгийг олохын тулд төрийн албыг ирээдүйд олох ашгаар үнэлэн зарах, авлига авах, гадаадаас сонгуульд зориулж мөнгө босгох, Монголын баялаг, орд газруудыг мөнгө өгсөн гадаадынханд найр тавин өгөх зэрэг ярианууд орсон бөгөөд уулзалтад МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд өөрийн биеэр оролцсон нь тодорхой байгаа. Тиймээс энэ баримтыг 21 хуудас материалын хамт хүргэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийг даргалдаг. ҮАБЗ-д энэ асуудал өнөөдөр ямар хэлбэрээр тусгагдаж хэлэлцэгдсэн бэ гэдгцйг асууж, шаардлага хүргүүлж байгаа бөгөөд шаардлагын хариуг долоо хоногийн дараа авна” гэсэн шаардлагыг хүргүүлж байлаа. Ерөнхийлөгч болоод тангараг өргөхдөө, түүнээс хойших УИХ-ын чуулганы нээлтүүд дээр “60 тэрбум”-ын асуудлаар ярьж ирсэн. Тухайлбал, 2018 оны зургадугаар сарын 29-нд чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Энэ сарын 26- ны өдрийн “Вашингтон пост” сонинд Монгол оронд сонгууль хэрхэн явагддаг, албан тушаалыг яаж наймаалж буй талаар буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийн тухай дэлгэрэнгүй нийтэлсэн байна. Энэ сонин хоёр сая ширхэг хэвлэгддэг. Бидний асуудал дотоодын бус, дэлхий нийтийнх болж эхэллээ” гээд эл асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахыг дэмжсэн 19 гишүүн гарын үсэг зурсны дагуу, хэлэлцэж байж ээлжит чуулганыг завсарлуулахыг хүсч байв. Гэвч энэ хэргийг анхан шатны шүүх 2019 оны аравдугаар сарын 31-нд шийдэхэд М.Энхболд “алга” болж, Ц.Сандуй, А.Ганбаатар нар шийтгүүлсэн. Уг хэргийг одоо прокурор хянаж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө жил хагас үлдсэн. Амлалтаа ярихад оройтсон. Хэрэгжилт ярьдаг цаг сан. Гэтэл оффшороос мөнгө орж ирсэнгүй. Монгол хүн бүрийн өр ч “тэг” болсонгүй. Ерөнхийдөө шударга бустай хийнэ гэсэн Ерөнхийлөгчийн тэмцэл өрнөж эхлэлгүй сонгуульт хугацаагаа дуусгах болж байна.
Тийм учраас Монгол хүний хувиар, сонгогч иргэний хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгад “Оффшорт нуусан мөнгийг оруулж ирээд Монгол хүн бүрийн өрийг дарна гэснээ мартчихсан уу” гэдгийг сануулъя. Учир нь дээр дурдсан оффшорын хэргүүд,“60тэрбум”-ын хэргийг шийдэхэд “ханцуй шамлан” орж ажиллана гэсэн Ерөнхийлөгчийн амлалтыг ард түмэн мартаагүй, мартах ч үгүй билээ.

URL:

Сэтгэгдэл бичих