У.Хүрэлсүхийн “Монгол цэргийн нэгдсэн холбоо” Тэтгэврийн зээл тэглэхийг МЭДЭЖ байсан уу
ИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2020.01.08/ хуралдаанаар “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ноцтой мэдээлэл хийснийг хууль, хяналтын байгууллагынхан нягтлан шалгах шаардлага үүсч байна.Тодруулбал, Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “12 дугаар сард нэмэлт зээлийг хэдэгн хүн авсан байна. Тэдэн дунд ҮАБЗ, Монголбанк, Засгийн газрын гишүүдтэй төрөл садны холбоотой хүн байна уу. Миний ойлгосноор 10 буюу түүнээс дээш сая төгрөгийн зээл оны сүүлээр гарсан байна лээ шүү. Нийт үнийн дүн нь 100 гаруй тэрбум төгрөг болоод байгаа юм билээ. ҮАБЗ-өөс зээл тэглэх зөвлөмжийг гаргах нь аль эрт тодорхой болсон юм билээ шүү” гэсэн юм.
-ГАНЦХАН САРЫН ДОТОР 100 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ
ТЭТГЭВРИЙН ХЭДХЭН ХӨГШИН АВАХ БОЛОМЖГҮЙ-
Ц.Мөнх-Оргил гишүүний мэдээллээр “тэтгэврийн зээл тэглэх” тухай мэдээллийг аль эрт хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар мэдсэн, ингээд 12 дугаар сард багтаан банкнаас зээл авсан болж таарч байгаа юм. Энэ нь ямар хүмүүс байж болох вэ?
Ганцхан сарын дотор, нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийн зээл авах нь хоёр, гуравхан тэтгэврийн хөгшинд бол боломжгүй зүйл.
Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн толгойлдог “Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бусбайгууллага “Тэтгэврийн зээл тэглэх” гэж буйг түрүүлж мэдсэн байж болзошгүй гэж хардаж болох юм.
-ЦЭРГИЙН АЛБА ХААСНЫ ТЭТГЭВЭР АВАГЧИД
“ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ”-ЭЭ ТЭГЛҮҮЛНЭ-
Ингэж хардах үндэслэл бий юм. Учир нь дан ганц өндөр настнууд бус “Цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэд”-ийн тэтгэврийн зээлийг ч мөн энэ удаа тэглэхээр хуульчилж байгаа ажээ.
Тодруулбал, “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэдийн тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс нэг удаа хариуцан төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ.
Мөн хуулийн төслийн 3 дугаар зүйлийн 1.2-д “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3 дахь заалтад тус тус хамаарах тэтгэвэр авагч иргэний” тэтгэвэр авагч гэнэ” гэжээ. Үүнд: Цэргийн албаны “Цэргийн алба хаасны тэтгэвэр, Тахир дутуугийн тэтгэвэр, Тэжээгчээ алдсаны тэтгэвэр”хамаардаг байна.
Мөн цэргийн албан хаагчид жирийн иргэдтэй харьцуулбал тэтгэвэрт эрт гардаг. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
-МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО ТТБ ГЭЖ ЮУ ВЭ-
“Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллага 2019 оны дөрөвдүгээр сарын 04-ны өдөр анхдугаар хуралдаанаа Төрийн ордонд хийж, холбооны тэргүүнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлж, 100 хувийн саналаар томилсон байдаг. Тус холбоо нь Монгол улсын цэргийн байгууллагуудын цэргийн жинхэнэ албан хаагчид, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын ажилтан, албан хаагчид, түрүүч, байлдагчид болон иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагын байгууллага ба 1000 гаруй гишүүнтэй гэсэн мэдээлэл бий.
Тэгэхээр тус холбооны гишүүдийг мэдээлэлд ойр байж тэтгэвэр авсан байх магадлалтай гэх хардлага нийгмийн зарим хэсэгт байна. Учир нь Монгол цэргийн нэгдсэн холбоо нь сонгуулийн үеэр хамгийн их хүнтэй, системтэй ажиллах сүбьект юм.
Эх сурвалж: iSee.mn
URL: