Амь зуух тэмцэл буюу хогоор хооллогсод
Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн судалгаагаар Монгол Улсын хүн амын гуравны нэг нь буюу 28.4 хувь нь ядуу гэж гарчээ. Өөрөөр хэлбэл, 3.2 сая хүний 960 мянга нь ядуу байна гэдэг зүрх шимшрэм тоо. Энэ нь цөөхөн хүн амтай манай улсын хувьд гамшиг зарлах хэмжээний аюул нүүрлэсэн гэсэн үг. Гэтэл төрийн тэргүүнээс эхлээд ард түмнийг төлөөлж, сонгогдсон эрхмүүд төдийгүй хэн ч үүнд анхаарал хандуулахгүй, санаа зовохгүй байгаа нь харамсалтай.
Аав, ээжийгээ хогийн цэгээс хоолтой ирэх болов уу гэж горьдон суух бүлтгэр үрсээ өлсгөхгүйн тулд тэд өдөр шөнөгүй хог ухаж, олсон хогоо нүд салгалгүй манаж хонож байна.
Иймээс “Үндэсний шуудан” сонин нийтлэлийн бодлогоо үүнд чиглүүлж, Монголын ядуурал ямар хэмжээнд хүрээд байгааг сурвалжлан хүргэхээр “Монголчуудын амьдрал” буланг нээлээ. Бид эхлэл болгож, Улаан чулуутын хогийн цэгээс дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна. Тус хогийн цэгт архичид голцуу байдаг гэдэг нь өрөөсгөл аж. Харин ч бүр амьдралаа залгуулах, үр хүүхдээ хоногийн хоолтой өсгөх чин хүсэлтэй хүмүүс хог ухахыгаа “ажил” хэмээн нэрлэн аж төрж байв.
Үнс нурам, элдэв цаас, лааз, ундааны сав, архины шил, дугуй гэх мэт айл гэр, албан байгууллагаас гарч болох бүхий л хог Улаанчулуутын хогийн цэгт төвлөрчээ. Өдөр, шөнө харгалзахгүйгээр тус цэгт хогийн машины цуваа тасардаггүй аж. “Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар” гэсэн дуу хангинуулсаар хогийн гурван машин энхэл, донхол замаар цуваа үүсгэн, шороо татуулсаар Улаанчулуутын хогийн цэгийн хаалгаар орж ирэв. Машины хаалгаар хоёр ачигч хүрз барин бууж амжилгүй, яах ийхийн зуургүй тэвш суларлаа. Шуудай үүрсэн 40, 50 хүн машинуудыг хогоо асгахын завдалгүй тэвш рүү дайрч, эрэл хайгуул хийнэ. Шуудайтай хогийг нэг бүрчлэн задалж, ухаж, шидэлсээр хогонд дарагдах шахам ажиллаж байлаа. Ягаан өнгийн гадуур хувцас, хүрэн бойтгон гутал, саарал малгай, хар өнгийн өмд, маск зүүсэн 50 орчим насны эмэгтэй “Энд юу ч алга. Энэ машинаас юу ч гараагүй шүү. Нөгөө газраа ухаж байгаарай” гэж хог ухаж буй хүмүүсийн голд хэн нэгэнтэй ярьж байгаа нь дуулдана.
Харин 50-60 хүн Улаанчулуутын хойд хэсэгт хог самардаж байлаа. Мөн үүнтэй ижил тооны хүн хогийн цэгээс түүсэн хогоо ангилан, том шуудайнд хийж байв. Амсхийх завгүй, яг л эд зүйлсээ гээчихсэн хүн шиг зогсоо зайгүй тонголзон хог ухах энэ хүмүүс бол Улаанчулуутын хогийн цэгээс амь зуугчид. Тэд энд, тэндгүй дугуй, төмөр шатааж хааяа нэг дулаацан, хоногийн 24 цагт зарим нь гэртээ ч харьдаггүй гэнэ. Чимээ аниргүй хог ухаж байсан хүмүүсийн толгой хааяа, хааяа өндөлзөж байснаа гэнэт шаагилдаж эхлэв. Хогийн цэгийн хаалгаар ногоон өнгийн портер машин орж ирж байгаа харагдлаа. Яг л аав, ээжийгээ ажлаас нь ирэхэд тосон гүйж байгаа хүүхдүүд шиг тэнд байсан хүмүүс машины зүг хар хурдаараа уралдан гүйв. Эд хөрөнгө, элдэв янзын зүйл олох гэж байгаа аятай нүд нь гялалзана. Учир нь хувийн унаагаар авчирч байгаа айлууд хогоо ангилахгүйгээр авчирч, асгадаг болохоор хүнд хэрэгтэй олон зүйл байдаг гэнэ. Машиныг хог асгах газарт хүрч очоогүй байхад тэвшин дээр нь 10 орчим хүн гарч, хогийг нааш, цааш шидлэв. Зарим нь тэвшнийх нь түгжээг тайлж, машинаас нь зүүгдлээ. Ногоон портер машины тэвш хэдхэн минутын дотор хоосорч, жолооч нь машинаасаа буух ч шаардлага гарсангүй, буцан явав. Машины явдал дунд буулгасан хогийн захаас нэг эр “Хөөе наадахаа тавь, минийх шүү, чинийх” гэж бухимдана. Ногоон шуудайны ёроолоос хоёр килограмм орчим өөх, махны үлдэгдэл унаж, олон хүн түүн рүү гар сарвайж, тэмцэлдсэн нь энэ. 40 орчим насны махлаг эмэгтэй өөх, махыг өөрийнхөө шуудай руу хам хум авч хийлээ. “Алт олчихсон уу. Хэр их байна вэ. Ямар азтай юм бэ” зэрэг атаархлын үгс хөвөрнө. Харин тэр эмэгтэй алт, эрдэнэс олчихсон аятай, шуудайгаа байн байн нээж үзэж, байр хөөртэй нь аргагүй зогсоно. Энэ мэтчилэн хэд хэдэн машин ирээд буцав. Зарим хүн хогноос олсон хатсан талхны тал, ундааны шавхруу зэргийг олж, шуудайлж байв. Бас олсон хувцсаа эргүүлж, тойруулж, шинэ хувцас худалдаж авах гэж байна уу гэлтэй шинжиж байлаа. Үнсэн саарал манан матсан энэ хөндийгөөс 200 гаруй хүн амь, амьдралаа залгуулдаг аж. Үүний олонх нь эмэгтэйчүүд. Өвлийн улиралд сургууль, цэцэрлэг ордог учраас цөөхөн хүүхэд хогийн цэгт байгаа гэсэн юм.
ХОГИЙН ЦЭГ ДЭЭР НАЙМАН ЖИЛ АМЬДАРСАН ГЭР БҮЛ
Улаанчулуутын хогийн цэгийн голд бууриа засаж, орны өргөн матрасаар дөрвөлжин отог барьсан айл бол Б.Энхбаярынх. Тэднийх улаан, ногоон гэх мэт өнгө өнгийн дөрвөн матрасаар хана босгож, хөнжил, гудсаар дээвэр, том дугуй, хөөсөнцрөөр хаалга хийж, гэрээ төвхнүүлжээ. Шүднээс өөр цайрах зүйлгүй, өмссөн хувцас нь авах юмгүй хир, тортог болсон Б.Энхбаяр гуай том шуудайгаа үүрээд хог руу орж байх үеэр нь бид таарсан юм. Тэрбээр эхнэртэйгээ хамт найман жил хогийн цэгт ажиллаж, амьдарч байгаа гэнэ. Тэд өдөрт 40 гаруй килограмм ундааны сав, архины шил түүж, хоёрдогч түүхий эд авдаг газар борлуулдаг аж. Мөн зэс, гууль түүж, амь зуудаг байна. “Амьдрал чанга байна даа” гэж санаашран, толгой сэгсрэн зогсох энэ эрхэм долоо хоногийн таван шөнө, зургаан өдөр хогийн цэгээсээ холддоггүй. Амралтын хоёр өдрийн нэг л шөнө хүүхдүүддээ бараагаа харуулдаг тухайгаа ярив. Харин түүний эхнэр Н.Түмэннаст одоо 51 настай. Өдөртөө нөхрийнхөө түүж ирсэн хогийг ялгаж, ангилдаг бол шөнө хогоо хамт түүдэг гэнэ. Тэрбээр “Манайх Улаанчулуутын эцсийн буудалд айлын хашаа түрээсэлж, дөрвөн ханатай гэрт амьдардаг. Хүүхдүүд маань биеэ даачихсан учраас бид хоёр хагас, бүтэн сайны аль нэгэнд нь гэртээ өнждөг.
Таван хүүхдийн хичээлийн хэрэгсэл, хувцас, идэж уух зүйлсийг нь таслахгүй гэж бүхий л чадлаараа зүтгэж байна. Олсон хэдэн төгрөгөө зарим хүн шиг архинд өгдөггүй учраас хоёр идэхгүй, хоосон хонохгүй болоод л байх юм. Зуны цагт хогийн машин шөнө их ирдэг учраас олдох юм олон. Харин өвөл хогийн машин шөнө барагтаа бол ирдэггүй нь жаахан хэцүү. Өдөрт ойролцоогоор 40 гаруй киллограмм ундааны сав, архины шил түүдэг. Мөн утаснууд шатааж зэс гаргадаг. Ундааны савыг киллограммыг нь 400 төгрөгөөр борлуулдаг юм. Өдрийн орлого 20 мянга орчим байдаг. Бид түүсэн хогоо өдөр өдөрт нь биш, харих өдрийнхөө өглөө тушаадаг. Нийт 100 гаруй мянган төгрөг долоо хоногт олдог. Улсын том, том хогийн машинуудаар ундаа, архины шил ирдэггүй болохоор хүмүүс тоодоггүй. Тэд өөрсдөө хоёрдогч түүхий эдээ ялгаад авчихдаг. Харин хувийн унаагаар хогоо ачаад ирж байгаа хүний хогноос их юм олдоно. Ямар ч ангилал, үе шат дамжаагүй учраас ундааны сав, архины шил гэх мэт их юм ирдэг. Зарим хүн гайгүй хувцас, тогоо, шанага гээд айлд хэрэглэдэг бүх зүйлийг л олдог. Эндээс өөр оронгүй хүмүүс бол хогийн цэгээс олсон хувцсаараа хувцаслаж, гэр орноо товхинуулдаг. Өөр ажил хийж болно л доо. Гэхдээ цалин, мөнгөө өгдөггүй, үнэгүй ажиллуулаад байдаг болохоор эндээ суурин байдаг болсон. Нөхөр маань намар болохоор айлын хадланд явдаг ч ирэх жилээс явахгүй. Учир нь өнгөрсөн жил авсан хөлсгүй, гэртээ алхаж ирсэн. Тийм болохоор хөдөлмөрөө шулуулж байхаар хогоо түүгээд амьдралаа залгуулсан нь дээр. Нөхөр эзгүй болохоор намайг эндхийхэн элэг барьж, түүсэн хогийг маань хулгайлах гээд байдаг юм. Шөнө цурам ч хийлгүй, түүсэн хогоо манаж, шинэ ирсэн хогноос юм түүхгүй бол болохгүй. Улсаас олгодог хүүхдийн 20 мянган төгрөгөө бол авдаг” хэмээн ярив. Мөн эдний хүүхдүүд гал түлэх цаас, мод зэргийг оройдоо ирээд аваад буцдаг гэсэн.
ӨДРИЙН ЦАЛИН ЗУРГААН МЯНГАН ТӨГРӨГ
Биеэсээ том шуудайтай хогоо даахгүй шахам алхаж буй бүсгүйг Баярчимэг гэдэг. Тэрбээр Улаанчулуутын хогийн цэгээс амь зуудаг 200 гаруй хүний нэг. Энд ажиллаад хоёр жил болж байгаа, дөрвөн хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй. Хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэмжээс өөр мөнгөний эх үүсвэргүй тэрбээр арга буюу хогийн цэгээс хог түүж, борлуулдаг болсон гэнэ. Хүүхдүүд нь нялх учраас шөнө хог түүх боломжгүй, өдрөөр л ажилладаг. Ингэхдээ өдөрт хамгийн ихдээ 6000 төгрөг олдог аж. Үүрээр гараар үдшийн бүрийд гэртээ орохдоо 6000 төгрөгөөр түлэх түлээ, идэх талх гээд ахуйн хэрэглээний бараагаа таллаад ч хамаагүй аваад хүүхдүүддээ очдог гэнэ. Тэрбээр “Нөхөр маань эрүүл саруул байсан бол манайх арай ч ингэж дордохгүй байсан. Ажил хийх гэхээр цалин бага, унааны мөнгөндөө л таараад байдаг. Хогийн цэгт ажилласнаас хойш өдрийн хэрэглээний мөнгөө олоод байдаг болсон. Хүүхдүүд нялх учраас ядаж өдөртөө нэг гэртээ очиж, галаа түлэхгүй бол болохгүй. Ядарсан ганц бие ээж болохоор хогийн цэгт дээрэлхэх хүн олон. Түүсэн хогоо хулгайд алдах, хүний зөвшөөрөлтэй газраас түүж болохгүй зэрэг асуудал олон бий. Заримдаа муудаагүй өөх, мах, хуучраагүй, элэгдээгүй хувцас ч олдог. Манай энэ хавийн дэлгүүрүүд талхаа таллаж, төмсөө ширхэглэж зардаг” гэв. Эндээс бид талх таллаж, төмс ширхэглэн зардаг дэлгүүрийг зорив.
Үндэсний статистикийн хорооноос монголчуудын сарын дундаж цалинг 1.1 сая гэж зарласан. Гэтэл энэ цалин зарим хүнд сонсож, харж, барьж байгаагүй мөнгөн дүн. Монголын ажилгүйдэл, ядуурал жил ирэх тусам нэмэгдэж байгааг хэн хэнгүй мэднэ. Зургаан мянган төгрөгийн төлөө гар, хөлөө хөлдөөж, бусдад зодуулж, амь зууж байгаа олон ээж энэ хогийн цэгт аж төрж байна. Ядуурал, ажилгүйдэлтэй хатуу тэмцэхгүй бол олон зуун өрх хогийн цэгт гарах нь. Улаанчулуутын хогийн цэг орчмын дэлгүүрүүдээс талхаа таллаж, төмс, сонгино, лууван ширхэглэж авдаг өчнөөн айл байна. Түлэх түлээ, түлшгүйдээ дугуй, хаймар шатааж галтай залгадаг өрх ч цөөнгүй. Аав, ээжийгээ хогийн цэгээс хоолтой ирэх болов уу гэж горьдон суух бүлтгэр үрсээ өлсгөхгүйн тулд тэд өдөр шөнөгүй хог ухаж, олсон хогоо нүд салгалгүй манаж хонож байна. Төрийн байгууллагуудын тэнгэр харсан судалгаа, тооцооллууд, төрийн түшээдийн амьдралаас тасарсан амлалт шийдвэрүүдийн бодит төрхийг бид үргэлжлүүлэн сурвалжилна.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
URL: