Монголчууд бидний асуудлууд

712-157887844181961709_2802844066464749_216578188371820544_nMoнголдоо ирснээс хойш олон хүмүүс Монгол минь ямар байна? Хѳгжиж байна уу? Монголдоо дасч байна уу? хэмээн шимтэн асууцгааж байна. Ирээд удаагүй болохоор ийм асуултуудад шууд дүгнэн хариулах амаргүй. хальт тѳрсѳн сэтгэгдэлээрээ мэдэмхийрээд байх хэцүү. Товчхондоо бол, бид ѳсѳн торниж амьдраад байсан эх орондоо дасахгүй гэх шалтаг юу билээ, харь орноос ирсэн биш. Идэр есийн хүйтэнд тэсгим жавар гаднаас хайрч байвч сэтгэлд минь дулаахан байна. Сайн муу, сайхан муухай бүгд холилдож байдаг орчлон боловч үндсэндээ хѳгжиж байна, бага багаар ч болов хүмүүс ѳѳрчлѳгдѳж байна.

Хуучин шинэ үеүдийн сэтгэлгээний атмосфер илт ялгарч эхэлжээ. Хуучраагүй байгаа дээрээ тѳрсѳн сэтгэгдлээ та нартай хуваалцаж байгаа нь сонин байж магад хэдий ч энэ нь туйлын үнэн дүгнэлт биш гэдгийг анзаараарай. Гэхдээ харьцуулалт нь сонирхолтой байж магадгүй.
 1. НАРАНТУУЛ ЗАХ
 
Аль социализмын үеэс л монголчуудын амьдралын түвшинг тодорхойлж байсан Нарантуул захын амьдрал хэвээрээ шахуу. Худалдаж буй барааны нэр тѳрѳл чанар нь сайжирсан, сонголт ихтэй боловч худалдаачид нь хахир хүйтэнд гадна зогсож, хааяадаа халуун цай, дарсаар дотроо бүлээцүүлэн хэд хэдээрээ бѳѳгнѳн хѳзѳрдѳж тоглосон хэвээрээ. Манай улстѳрчид ЖДҮС ийн зээлээс дэгжиж болох боломжийг нь булаасан болохоор тэд хувь заяатайгаа эвлэрсэн мэт. Ѳѳрсдийн бүх амьдралаа наймаачин хэлбрээр тѳсѳѳлж түүнээсээ сэтгэлийн тайтгарал авдаг мэт санагдсан. Ѳргѳн хэрэглээний барааны хангалтын ихэнх хувийг нийлүүлдэг болохоор бараа нийлүүлэгч болон барааг бѳѳнѳѳр худалдан авдаг сүлжээ бий болсон нь анзаарагдаж байв. Тэр тусмаа орон нутгийн хэмжээнд. Ѳѳрийн энэ ертѳнцѳѳ ѳѳрчлѳхийг нэг их хүсдэггүй тэд ѳѳрийн амьдралаа бор зүрхээрээ авч яваа хүмүүс.
Миний бодлоор, Монголын нийгмийн дундаж давхаргыг бүрдүүлж чадах сэтгэлгээтэй, туршлагатай ийм хүмүүсийн ЖДҮС ийн зээлээр дэмжээд боломжийг нь олгоод бас сургаад ѳгвѳл нийгмийн давхаргыг шинэчлэхэд их л тус дэм болно доо.
Наймаачин сэтгэлгээнээс нь үйлдвэрлэгч боломж руу дэмжээд ѳгѳх ахул халуун хүйтэнд ажралгүй, уналт босолтыг даваад гарсан, хүний хэрэглээний хамгийн торгон мэдрэмжтэй энэ хүмүүс Монголын хѳгжилд багагүй нѳлѳѳ үзүүлж чаднаа.
Архичид гуйлгачид, халаасны хулгайчид, наймаачид, борлуулагчид, худалдааны эзэд, түрээслэгчид бүгдээрээ эв найртай зэрэгцэн оршдог Нарантуул захаас Монголын эгэл жирийн хүмүүсийн амьдралын хэв загварыг анзаарч болохоор байлаа. Ямартай ч 14 жилийн ѳмнѳхѳѳс бага зэрэг дээшилжээ. Гэхдээ л …
2.НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Хэд хэдэн удаа автобусанд сууж үйлчлүүлэв. Бүх хүмүүс билетийн картаа уншуулдаг болжээ. “Баярлалаа”, “Ахмад настан”, “Оюутан”, “Дамжин суугч” гэхчилэн карт уншигч тѳхѳѳрѳмж нь зарлаж байгаа нь надад таатай санагдсан. Мѳн 1 р эгнээгээр автобус зорчих болсон нь түгжрэлд яарсан хүмүүс нийтийн унааг сонгох шалтгаан болжээ. Ажил цуглах болон тарах үед үндсэндээ ачаалал ихэсч, хүмүүс нилээд чихэлдэн явж байх аж. Яг оргил ачааллын үед үйлчлэх автобусныхаа тоог нэмэгдүүлэн замыг нь сайн чѳлѳѳлж ѳгвѳл түгжрэлийг багасгахад сайнаар нѳлѳѳлѳх мэт. Тѳрийн байгууллагууд болон Яамдууд ажилтнуудаа ѳѳрсдийн автобусаар зѳѳж, 1 р эгнээгээр зорчих боломж олговол түгжрэлийг шийдэхэд дэм болмоор санагдаж байв. Хотын тѳвд хүрсэн хойноо нийтийн унаагаар бус явганаар алхах нь илүү боломжтой юм билээ.
ЗТХЯ нд уулзалт хийчихээд Багшийн Дээд орчимд очихоор такси зогсоолоо. Очих газраа жолоочид нь хэлтэл “Хаана байдаг юм бэ?” гэж сѳргүүлэн асууж байна. Замын эсрэг урсгалаас суусан болохоор Энхтайвны гүүр даваад эргэж урсгалдаа ороод зорьсон газраа иртэл жолооч маань 4000 тѳгрѳг нэхэж байна. “Миний дүү баримжаагүй ингэж болохгүй дээ, тэгээд ч таксинд явж байгаа бол очих газраа мэдэж замаа зѳв сонгож бай” гэж хэлээд 3000 тѳгрѳг ѳгсѳн. 1р хорооллоос хотын тѳв ороход такси 5000 орчим тѳгрѳгѳѳр үйлчилдэг юм билээ. Нэг бус удаа ийм зүйл тохиолдсон. “UB Cab” ын залуус Америкийн Uber, Lift үйлчилгээний монгол хувилбарыг бүтээж хѳгжүүлэхээр ажиллаж байгаа юм билээ. Харин тэднийг дэмжиж ХАЯГЖИЛТЫН СТАНДАРТ, ZIP COD ыг нэвтрүүлэхэд ЗГ заавал оролцох ёстой. Үүний дараа таксины үйлчилгээ болон хүргэлтийн үйлчилгээнд үсрэнгүй хѳгжил нэвтэрч  олон асуудлыг хурдан шийдэхээр байна.
3.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛ
 
Хэд хэдэн дэлгүүр болон хоолны газруудаар үйлчлүүллээ. Үйлчлэгчийн хувцас болон харилцаа, үйлчилгээний соёл нилээд ѳндѳр түвшинд хүрчээ. Үйлчлүүлж буй хүн нь хэн байлаа ч үйлчилгээний хѳлсѳнд тѳлсѳн мѳнгѳ нь тэр байгууллагуудын хувьд хѳрѳнгѳ оруулалт гэдгийг ойлгодог болсон байна. Үйлчлэгчид гарын мѳнгѳ ѳгѳх соёл хараахан дэлгэрээгүй боловч аажимдаа нэвтрэх биз. Тийм тохиолдолд үйлчлэгч хувь хүнийхээ талаасаа илүү хѳгжих байх гэж бодогдож байлаа. Яамдуудаар ороход үүдэндэх хамгаалалтын албаныхан ёслон мэндэлж дүрэм журмаараа биед үзлэг хийж хэвшжээ. Америктай харьцуулахад үйлчилгээний газруудын соёл, харилцаа хамаагүй илүү болсон мэт санагдаж байва. Үйлчилгээний газруудын соёлын үндэс нь болсон инээмсэглэл их нэвтэрчээ, тэр тусмаа залуучууд.
“Дүнжингарав” худалдааны тѳвийн дэргэд “Тѳрийн албаны нэг цэгийн үйлчилгээ”-гээр үйлчлүүлж үзэв. Tѳрийн албаны хүнд сурталыг багасгаж иргэдэд ойр байдлаар үйлчлэхэд зориулсан энэ газрын үйлчилгээ давгүй байлаа. Хэрвээ хаягжилт болон zip cod оо шийдэж чадвал Тѳрийн албаны ихэнхи үйлчилгээг онлайн болон дижитал хэлбэрт шилжүүлэх бүрэн боломж харагдаж байна. Энэ газраар үйлчлүүлэгчдийн ихэнхи нь миний насны болон надаас дүү хүмүүс байлаа. Тэр хүмүүсийн нилээд нь хѳмсгѳѳ зангидсан, хүн болгон руу ууртай хардсан харцаар харж, харилцаа нь бүдүүлэг турэмгий байдалтай байгааг анзаараад харамсах сэтгэл тѳрсѳн. Яг л социаллизмын үеийн хардсан, шүүмжилсэн сэтгэлгээ, энэ нийгэмд үл итгэсэн, үзэн ядсан тѳрх анзаарагдаж байв. Мэдээж тэднййг ѳѳрчилж чадахгүй ч, тэднээс олон залуус сонгуульд оролцож байж нийгмийн хандлага ѳѳрчлѳгдѳх бололтой.
 4.ГУДАМЖНЫ СОЁЛ
Хүмүүс гудамжинд болон автобусанд хэтэрхий чанга чангаар ярьдгийг сая ихэд анзаарав. Ѳмнѳ нь тийм байсан ч тэгтлээ анзаардаггүй байж. Хэн нэгний тухай, эсвэл ѳѳрийн амьдралын тухай, наймаа арилжааны тухай, найз хүүхнийх нь тухай гээд амьдралын олон асуудлуудыг хамтдаа сонсож байгаа нь сонин байсан ч сайхан санагдаагүй. Яг л хээр талдаа яваа мэт хашгиралдаж ярьдаг энэ зуршилаа халж арай намуухан дуугаар, эсвэл утсаа тур унтраагаад ѳѳр боломжтой газар очоод ярьж болмоор. Гудамжинд нус шүлс цэрээ их дуу чимээ гарган тургилж хаядаг хэвээр. “Гхх Гхх түй” гэсэн хархираа чимээ одоо их л таагүй сонсогдоод байх. Гудамжинд энд тэндгүй нус цэр наалдан хѳлдсѳн байгаа нь бас л таагүй. Харин хогоо хогийн саванд хаяж сурч байгаа юм байна. Ахуй хүнийг ѳѳрчилдѳг болохоор явган хүний зам талбайгаа илүү гоё тансаг болговол дээрхи үйлдэл гайгүй болох байхаа.
Авто замын хѳдѳлгѳѳн сайжирч байгаа боловч “Хошуугаа шургуулаад зүтгээд байх хэрэгтэй” гэсэн дурэм нь хэвээрээ. Учиргүй хэрэлдээд байхгүй ч дор бүрнээ зүтгэлдээд л байна. “Алалцаж байж л зорьсон газраа хурдан хүрнэ шүү” гэж цѳѳн биш хүний амнаас сонсов хэхэхэ. Ѳвлийн цагт замаа цэвэрлэж амждаггүй болохоор замын хязгаарын цагаан шугам харагдахгүй болж бараан замаар нь зүтгэлэх тэднийг буруутгах хэцүү. Замын хязгаарын цагаан шугамуудаа илүү тод болгон будаж авто машинуудыг хязгаар дотор нь явуулж сургавал бас л сайн үр дүнд хүрэх байх. Замын тэмдэглэгээ хотод ч хѳдѳѳд ч боломжийн сайн болсон байлаа. Замуудын эгнээгээ ѳргѳсгѳж, авто машинуудын зогсоолоо шийдэж, автбусбуудын тоогоо нэмэгдүүлж чадвал замын түгжрэл багасахад сайнаар нѳлѳѳлж магадгүй мэт.
…Идэр есийн энэ хүйтэнд уур савсуулан зѳрѳлдѳж алхах хүмүүс хаа нэг газар нь ороод үйлчилгээний тав тухыг мэдрэх мэдрэмжин дунд цѳѳн биш хоногийг ѳнгѳрүүлж байна. Монгол хѳгжиж эхэлж байнаа. Бухимдалтай, хардамтгай, ядруухан амьдралын хэмнэлээсээ хүмүүс залхаж шинэ амьдрал, илүү итгэлтэй үнэ цэнэтэй амьдралыг хүсч байна, бас хэрээрээ хичээж байна. Эднийг дэмжиж чаддаггүй юм гэхэд хѳгжихэд нь саад болохгүй бол урагшилна даа. Тѳрийн гажсан тогтолцоо болон улстѳрѳѳр бизнес хийж амташсан нѳхдүүд саад болж байна. Шууд ингэж анзаарагдаж байна шүү. Амьдрал нь, ажил нь, тэтгэвэр нь улстѳрѳѳс шалтгаалаад байгаа болохоор хүмүүс илүү улстѳржиж ѳѳрийн аргаа, ѳрѳѳлийн аргыг олох гэж аргаа барж байна. Айдастай итгэлгүй, аргаа барсан зусар, боломж хайж тэвдсэн олон хүмүүстэй уулзан үгийг нь сонсож байна. Гэхдээ цаг ирж байнаа. Зальтай улстѳрчид живж буй завинаас дайжиж буй харх шиг тэвдэлдэн сүүлийн аргаа хэрэглэж буй энэ цаг үед шинэ үеийн шинэ мэдрэмжтэй залуус улстѳрд ирж байна. Багагүй цаг хугацааг элээх авч Монгол улам сайнаар мандан бадрана гэдэгт би лав итгэж байна. Монголдоо зорьж ирсэн миний амьдрал дѳнгѳж л эхэлж байна.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2020 оны 01 сарын 13
Улаанбаатар хот

URL:

Сэтгэгдэл бичих