Хотын иргэд хорт утааны багаар ”гоёх” боллоо
Гудамжаар алхаж яваад хорт утаанаас хамгаалах баг өмссөн хүнтэй таарлаа. Кино, клипнээс л ийм зураглал үзэж, байснаас биш хэн нэг иргэн жирийн үед багтай алхаж байхтай таарна чинээ бодож явсангүй ээ. Гэхдээ онцгой байдлынхны хэрэглэдэг шиг том баллонгүй ч төмөр хамгаалалт бүхий хор нэвтрэхээргүй гадаргуутай “сүрхий” эд харагдана билээ. Үүнийг гэнэт хараад гайхширсан ч энэ явдал ичиж, нэрэлхээд байх зүйл биш юм. Өнөөгийн бодит байдал нийслэлчүүд биднийг ийм “гоёл” зүүхэд хүргэж буйг ойлгох цаг иржээ.
Энэхүү багны тухай сураг тавихад Замын цагдаагийн газраас ажилтнууддаа хорт утаанаас хамгаалах багийг хамгийн түрүүнд олгож, эрүүл мэндэд нь анхаарал тавьсан байна. Түүнчлэн иргэд ч энэ багийг хэрэглэж эхэлжээ. Харамсалтай нь үүнийг нэгдсэн журмаар худалдаалж буй газар одоогоор байхгүй бөгөөд Замын цагдаагийн газар ажилтныхаа хэрэгцээнд зориулж гадаадаас авч ирсэн гэнэ. Мөн гаднаас бараа авч ирдэг хүмүүс өөрсдөө зүүхээр оруулж ирдэг гэж сонслоо.
Өнөөгийн байдлаар Улаанбаатарыг утаанд умбуулах болсон гол хүчин зүйлээр жилд таван сая тонн түүхий нүүрс шатаадаг, техникийн элэгдэлд орсон гурван том цахилгаан станц, мөн хугацаанд сая шахам тонн нүүрс түлдэг гэр хорооллын 80 мянган айл, хотын замыг мөнхийн түгжрэлд оруулдаг 70 гаруй мянган хуучин автомашин тодорсон. Эдгээр хор үйлдвэрлэгчээс болж жил бүр 4000 орчим монгол хүн цагаасаа эрт хорвоог орхидог гэх тоог Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан байх юм.
ХСҮТ-ийн судалгаагаар жилд 4400 хүн хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөр өвчилж, үүний 70 хувь нь мөн амиа алдаж байна. Тэдний 80 орчим хувь нь уушги, элэгний хорт хавдар бөгөөд буруутан нь “УТАА”. Хамгийн эмгэнэлтэй нь утааны хор хөнөөл 0-7 настай хүүхдүүдэд хамгийн их тусдаг бөгөөд мөнөөх хорт хавдар сүүлийн жилүүдэд эрс залуужиж байгаа аж. Тодруулбал, утаатай орчинд эхийн хэвлийд торниж, төрж өссөн хүүхдүүдийн уушги маш эмзэг болдог тул үргэлж шахам хатгалгаа, бронхитод ээрүүлдэг. Үүнээс болж уушгины салст гэмтсээр эцэст нь хорт мөөгөнцөр ургах нөхцөлийг бий болгодог аж.
Энэ онд улсын төсвөөс утааг бууруулахын тулд 34 тэрбум төгрөг баталж, дээр нь “Цэвэр агаар” сан 31 тэрбум, “Монголын мянганы сорилтын сан” 21.5 тэрбум төгрөг хандивлажээ. Маш их хөрөнгө. Гэтэл зарцуулах төлөвлөгөө нь инээд хүрмээр. Энэ мөнгөөр нийт 10 мянган ширхэг утаагүй зуух, 30 мянган ширхэг сайжруулсан зуух худалдан авахаас гадна Дэнжийн-1000-ын зуухуудыг дахин сайжруулахаар болсон байна. 90 гаруй сумын төсөвт элбэг хүрэлцэхүйц дээрх мөнгө ердөө хэн нэгний шахааны бизнесийн хөрөнгө оруулалт болоод дуусах бололтой.
Яг үнэндээ утаагүй зуух дэлбэрлээ, халдаггүй хэрнээ нүүрс их зарцуулдаг гэж сонссоноос биш утааг багасгасан гэж дуулаагүй юм байна. Утаагүй зуух мэтхэнээр оролдож, бизнесээ өргөжүүлж байх хооронд үр хүүхэд нь утаанд идэгдэж байгааг мэддэггүй бололтой. Эсвэл улсын хөрөнгийг утаагаар дамжуулан сорогсод хорноос хамгаалах баг хэрэглэдэг байж таарна. Үгүй бол утаа бууруулахад зарцуулж, үр дүнгүй цацаж байгаа мөнгөөрөө хорт утааны баг худалдан авч иргэддээ үнэгүй тараамаар юм.
URL: