Иран vs АНУ: Сулейманий өшөөг заавал авна, гэхдээ яарахгүй

5e16a25f0c3f1Сүүлийн хэдэн сарын турш АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ улам чангатгаж, тус улсыг үг хэлээрээ олонтоо сүрдүүлж байлаа. Гэхдээ Америкийн  ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаа учраас Трамп Иранд цэргийн цохилт өгөх хүртлээ эрсдэлтэй алхам хийхгүй болов уу гэж шинжээчид үзэж байсан юм. Гэтэл өнгөрсөн баасан гарагт америкчууд Иранд нэр нөлөөгөөрөө хоёрдугаарт ордог хүнийг хөнөөсөн нь гэнэтийн явдал болж, дээрх таамаглалыг үгүйсгэлээ.

Хэдийгээр албан тушаалын нэр нь даруухан боловч Иранд нэр нөлөөгөөрөө аятолла Хаменеи-гийн дараа ордог талийгаач Касем Сулеймани бол Исламын хувьсгалын үзэл санааг Ойрхи Дорнодод түгээхэд гол үүргийг гүйцэтгэж байсан хүн юм. Тэрбээр Иранд үндэсний баатрын хэмжээнд өргөмжлөгдөж байсан бөгөөд түүний тухай олон тооны уран сайхны болон баримтат кинонууд дэлгэцэнд гарчээ. Тэр ч байтугай Сулеймани Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл шууд ялна гэж үзэж байв.

Генерал К.Сулейманийг оршуулах ёслол

Харин америкчууд Ираны генералыг аль эртнээс ангуучилж,  бууныхаа овоо хараанд оруулаад байжээ. Иракийн дайны үеийн цэргийн зарим материалыг үзвэл, Сулейманийг устгах боломжийг Америкийн цэргийн командлал бүр 2006 онд судалж байв. Ойрхи Дорнодод явуулж буй Америкийн цэргийн ажиллагааг зохицуулдаг АНУ-ын Төв командлалын тэргүүн асан генерал Жозеф Вотел ярихдаа “хаана л Ираны ажиллагаа идэвхжиж байна, тэнд Касем Сулеймани байж л байдаг” хэмээн талийгаач генералын гүйцэтгэж байсан үүргийг тодорхойлсон нь бий.

Америкчууд генерал Сулейманий амийг хөнөөсөн нь тэртэй тэргүй түгшүүртэй байгаа Ойрхи Дорнодод сөргөлдөөнийг улам даамжруулж, хэтрүүлж хэлэхэд дарьтай торхон дээр сууж буйтай адил нөхцөл байдлыг үүсгэлээ.

Үйл явдлын өрнөл, түүний учир шалтгааны талаар хэвлэлүүдэд хангалттай мэдээлсэн учраас энэ удаад Америк-Ираны сөргөлдөөн бүс нутгийн хэмжээний дайнд хүргэх үү гэдэг талаар цэрэг-улс төрийн шинжээчдийн хийсэн дүгнэлтүүдийг багцлан хүргэе.

Олон улсын хоригт орсны улмаас Ираны эдийн засгийн байдал хүндэрч, сөрөг хүчний эсэргүүцэл хүчтэй болж буй үед америкчууд цохилт өглөө. Тегеран хариу цохилт өгнө гэж заналхийлэх нь мэдээж, гэхдээ энэ нь стратегийн нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй гэж Трамп урьдчилан тооцоолсон бололтой.

Ираны эрх баригчид Сулейманийг хөнөөсний өшөөг заавал авна гэдэг нь тодорхой, гэхдээ хэзээ, хаана америкчуудад хариу цохилт өгөх вэ гэдэгт л асуудлын гол нь оршино. Хэрвээ цэргийн гол стратегич бөгөөд Ираны гадаад бодлогын чиглэлийг тодорхойлогч байсан Сулейманий өшөөг авч чадахгүй бол Ираны удирдлага өөрсдийгөө сул дорой гэдгийг харуулах ба ингэснээр сүүлийн 40 жилийн хугацаанд Иран улсын бүс нутагт олж авсан нэр хүнд, нөлөө буурна хэмээн The Washington Post сонинд дүгнэн бичжээ.

Өшөө авах хувилбарууд

Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Шамхани мэдэгдэл хийхдээ “Сулейманий өшөөг авах 13 хувилбар бидэнд бий. Хамгийн өршөөнгүй зөөлөн хувилбар гэхэд л АНУ-ын хувьд түүхэнд байгаагүй аймшигт зүйл байх болно” гэжээ.

Гэсэн хэдий ч Ираны тал АНУ-ын эсрэг өргөн хэмжээний дайн өдөөх хувилбарыг сонгох нь юу л бол. Учир нь, иранчууд том дайнд ялах магадлал тун бага бөгөөд дайн дэгдсэн тохиолдолд эдийн засгийн хоригт талхиулсан тус улсын мөнгөн сан хөмрөг хоосорч, Ираны одоогийн дэглэмийн байр суурь ихэд ганхах болно.

Сулейманийг оршуулах ёслолын үеэр Ираны удирдагчдын хэлсэн үгэнд “өшөө авах” гэдгээс гадна “хүлээц тэвчээр” гэсэн үг цухалзаж байсныг  ажиглагчид анзаарчээ. Тухайлбал, Ираны зэвсэгт хүчний төлөөлөгч, генерал Абольфазль Шекарчи “Мер” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Исламын Бүгд найрамдах Иран улс сэтгэлийн хөдлөлөөр хэт яарсан алхам хийхгүй” гэж мэдэгдсэн байна. Үүний сацуу Сулейманий өшөөг авах ажиллагааг Ираны арми бус харин бүс нутаг дахь Ираны төлөөний хүчнүүд гүйцэтгэнэ гэдгийг цэргийнхэн битүүхнээр ойлгуулж байна.

Өнгөрснийг сануулан дурдахад, сүүлийн хэдэн сарын хугацаанд иранчууд АНУ болон түүний холбоотнуудыг айлгах, үүний сацуу жинхэнэ том хэмжээний дайн дэгдээхгүйн тулд хэд хэдэн жижиг дайралт хийсэн. Тухайлбал, 6 дугаар сард иранчууд Америкийн тагнуулын дроныг сөнөөсөн хэдий ч Трамп хариу цохилт өгөөгүй. Гурван сарын дараа Ираны дэмжлэгийг авдаг Йемений хуситууд Саудын Аравийн нефтийн байгууламжуудад пуужингийн цохилт өгснийг АНУ таг дуугүй өнгөрөөсөн. Халдлагын цаана нь иранчууд байгаа гэдгийг Трамп мэдсэн боловч Ойрхи Дорнодод дахин нэг дайнд татагдан орохоос болгоомжлон цэргийн ажиллагаа явуулах тушаал өгөөгүй аж.

1 дүгээр сарын 8-нд шилжих шөнө Ираны нутгаас Ирак дахь Америкийн цэргийн баазууд руу пуужин харвасан нь дээрх 13 хувилбарын нэг нь байсан бололтой. Өшөө авах тухай Тегераны мэдэгдлийн хариуд Д.Трамп хэлэхдээ “Америкийн объектууд руу халдвал Ираны нутаг дахь 52 объектод цохилт өгнө” гэж анхааруулсан ба Ираны пуужингийн цохилтын хариуд ямар арга хэмжээ авах вэ гэдгээ цэргийнхэнтэй зөвлөлдөж байна. 52 гэдэг нь 1979 онд АНУ-ын ЭСЯ руу Ираны оюутнууд дайрах үеэрээ барьцаанд авсан америк иргэдийн тоо юм.

Дашрамд дурдахад, Ойрхи Дорнодын орнууд болох Катар, Бахрейн, Саудын Арави, Иордани болон Кувейтэд Америкийн 68 мянган цэрэг байрлаж байгаа бол Ираны нөлөө их байдаг Сири болон Иракт 6800 америк цэрэг бий. Түүний дээр, байдал хурцдангуут нэмж 3500 цэрэг илгээхээр шийдвэрлэснээ Вашингтон мэдэгдээд байгаа. Тэгэхээр Ираны баллистик пуужингууд, дронууд Персийн булан дахь Америкийн 80 орчим мянган цэргийг онилж байгаа нь тодорхой.

Ираны баллистик пуужингуудын цохилтын хамрах хүрээ 

Ер нь бол, Ираны арми болон Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусыг шууд ашиглахгүйгээр, харин бусад орон дахь Ираны нөлөөнд байдаг зэвсэгт бүлэглэлүүдийн хүчээр АНУ болон түүний холбоотнуудын эсрэг дайралт хийх магадлал илүү өндөр. Тухайлбал, Йемений хусит босогчдын зүгээс Саудын Арави, АНЭУ-ын нутаг дэвсгэрт пуужингийн цохилт өгөх ажиллагаагаа идэвхжүүлж, эдгээр улс дахь Америкийн цэргийн баазууд дайрч болзошгүй. Түүнчлэн хуситууд Улаан тэнгист явж буй нефть тээвэрлэгч танкерууд руу хийж буй дайралтаа сэргээж магадгүй.

Онолын хувьд байж болох өөр нэгэн хувилбар бол, Афганистаны талибуудад пуужингийн цогцолбор, зенитийн пуужингийн зөөврийн цогцолбор, нисгэгчгүй нисэх аппарат зэргийг нийлүүлж, АНУ-ын ба Америкийн тал баримтлагч засгийн газрын цэргүүдийн эсрэг явуулж буй байлдааны ажиллагааг дэмжих явдал юм.

Түүнчлэн Ирак болон Сирийн зүүн нутагт амьдардаг шиит шашинтнууд Америкийн цэргүүд рүү халдлага үйлдээд хариуцлагыг нь өөртөө хүлээж магадгүй.

Үүнтэй зэрэгцэн Тегераны зүгээс Иракийн эрх баригчдад шахалт үзүүлснээр Америкийн цэргийг Иракаас гаргах тухай шийдвэрийг Иракийн парламентаар  гаргуулна гэсэн бас нэгэн хувилбар бий. Энэ нь Америкийн Ерөнхийлөгчид маш эмзэг тусах бөгөөд 2020 оноос хойш Цагаан ордонд дахиад суух гэсэн түүний төлөвлөгөөг бүрмөсөн нурааж магадгүй юм.

Саудын Арави дахин цохилтод өртөх магадлал

 Өнгөрсөн онд Йемений хусит босогчид Саудын Аравийн нефтийн объектуудад дрон ашиглан цохилт өгснөөр олборлолт 50 хувиар буурч байсан билээ. Хэдийгээр халдлагын хариуцлагыг хуситууд өөртөө хүлээсэн боловч тэдний ард Тегеран байгаа гэдэг нь тодорхой байв. Тухайн үед саудчууд хариу цохилт өгөөгүйн дээр АНУ-ын эрх баригчид энэ явдлыг тэгсхийгээд дуугүй өнгөрөөсөн гэж хэлж болно. Энэ удаад Сулейманийг хөнөөсөнтэй холбоотойгоор хурцдаж буй Америк-Ираны сөргөлдөөний золиос болох вий хэмээн саудчууд маш ихээр түгшиж байна.

Израильчууд байлдааны бүрэн бэлэн байдалд

 Сулейманийг хөнөөсөн тухай мэдээллийг авсан даруйдаа Израилийн засгийн газар яаралтай хуралдаан хийж, тагнуулын байгууллага болон армийг байлдааны бүрэн бэлэн байдалд оруулсан байна.  3-ны өглөөнөөс эхлэн Хермон уулан дахь цанын баазыг хааж, Голаны өндөрлөгт жуулчдыг хүлээж авахыг зогсоожээ.

Иракийн шиитүүдийн бүлэглэлийн толгойлогчийг хөнөөсөн нь

Сулейманитай цуг явж байсан Иракийн шиитүүдийн зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Абу Махди Мухандис пуужингийн цохилтод өртөн амиа алдсан нь Иракт байдлыг хүндрүүллээ. Энэ явдлаас хойш хэдхэн цагийн дараа Иракийн цэрэгжсэн бүлэглэлүүдийн толгойлогчид АНУ-аас өшөө авах тухайгаа мэдэгдэж эхэлсэн байна. Ингэснээр Иракт байрлаж буй Америкийн 5 мянган цэрэг бүхий баазууд руу халдах эрсдэл эрс нэмэгдлээ.

Том дайн дэгдэх магадлал

Зэвсгийн технологийн тал дээр Америкийн арми Ираны зэвсэгт хүчнээс илт давуу гэдэг нь цэргийн мэргэжлийн бус, цэрэг-улс төр сонирхдоггүй хүмүүст ч ойлгомжтой. Үүний дээр, Иракийн дайнаас өмнө Персийн булангийн маш давчуу нарийхан орон зайд десант буулгах гэж санаагаа зовоодог байсан америкчууд  одоо Иракийн нутгаас байлдааны ажиллагаа явуулах боломжтой болсон нь тэдний давуу юм.

АНУ ба Израилийн армид хамгийн их аюул учруулах Ираны зэвсэг бол баллистик пуужингууд юм. Эдгээр пуужин нь Америкийн цэргийн баазууд ба Израилийн хотуудад маш их хохирол учруулж магадгүй учраас Америкийн агаарын цэргийн хүчний гол зорилго нь тэдгээрийг устгах явдал юм. Бөөн хүчээр агаарын цохилт өгсний дараа далавчит пуужингууд харваж, үүний дараа Америкийн хуурай замын цэрэг Иранд нэвтрэн орох магадлал хэдийгээр бага боловч бий.

Үнэхээр Ираны нутаг дэвсгэрт тулалдаан болох аваас иранчууд хүн хүчний хувьд хамаагүй давуу байх болно. Ираны армийн бие бүрэлдэхүүний тоо 350 мянга орчим бөгөөд үүн дээр Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус нэмэгдэнэ. Ерөнхийлөгч болон Батлан хамгаалахын сайдын хэнд нь ч захирагддагүй, шууд аятолла Хаменеи-гийн мэдэлд байдаг уг корпуст 125 мянган цэрэг, офицер алба хаадаг гэсэн тоо бий. Түүнээс гадна, дайчилгаанд хамрагдах цэргийн насны хүмүүсийн тоо 20 орчим сая бол тэдний 11 сая нь цэргийн анхан шатны бэлтгэлтэй бөгөөд “Басиж” гэдэг цэрэгжсэн байгууллагад харьяалагддаг ажээ. Үүнээс харвал, америкчууд газрын ажиллагаа явуулах нь хүн хүчний ихээхэн хохирол дагуулж мэдэхээр эрсдэлтэй алхам юм. Иранчууд дайны эхний өдрүүдэд эргийн шугамын дагуу болон агаарын орон зай дахь хяналтаа бүрэн алдсан ч гэсэн Америкийн хуурай замын цэргийг тогтоон барих боломжтой гэж Оросын цэргийн шинжээч Александр Тимошенко үзэж байна. Гэхдээ 1990-ээд оны сүүлчээр НАТО-гийн агаарын цэргийн хүчин Югославт цохилт өгч байсан тактикаар америкчууд контактгүй байлдааны ажиллагаа явуулж, хүн хүчний хохирол амсахгүйгээр Ираны дэд бүтцүүдийг устгах магадлал илүүтэй.

Генерал Сулейманий удирдлага дахь “Кудс” тусгай анги нэгтгэлийн цэргүүд 

Ер нь бол, АНУ, Ираны хооронд том дайн дэгдэх нь гарцаагүй гэж 1979 оны Ираны лалын хувьсгалаас хойш бүхэл бүтэн 40 жилийн турш ярьж байгаа боловч олон удаагийн сөргөлдөөн нь цэргийн халз мөргөлдөөнд хүргэж байгаагүй билээ.

Кибер дайн

Америкийн давуу хүчний эсрэг шууд халз тулалдахаас зайлсхийж буй иранчууд Америкийн аж үйлдвэрийн объектууд, сүлжээний дэд бүтцүүд рүү кибер халдлага үйлдэх нь илүү магадлалтай хувилбар юм. Тэгээд ч өнөө үед дайн явуулах хамгийн зардал багатай, хамгийн нууцлаг бөгөөд хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл нь кибер халдлага болоод байна.

Өнгөрсөн явдлыг сануулан дурдахад, 2007 онд АНУ, Израиль хоёр хамтран Stuxnet гэдэг вирусыг Ираны компьютерын системд халдварлуулснаар Натанз дахь уран баяжуулах үйлдвэрийн 1000 орчим центрифуг ажиллагаагүй болж байв. Үүнээс сургамж авсан Ираны эрх баригчид кибер аюулгүй байдлын асуудлыг онцгой анхаарч, засгийн газрын хяналтан дор хакеруудын бүлгүүдийг байгуулж эхэлжээ.

 Сүүлийн 10 жилийн хугацаанд Ираны хакерууд дор хаяж 4 том кибер халдлагыг АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдсэн гэж үздэг. Тухайлбал, 2010 -2011 онд үйлдсэн халдлагад JP Morgan, Bank of America, Capital One гэсэн 3 том банк өртөж байжээ.

Мөн 2013 онд Ираны хакерууд Нью-Йорк хотын ойролцоох усан далангийн удирдлагын компьютерийн системийг эвдсэн байна. Азаар кибер халдлага болохоос хэдхэн хоногийн өмнө далангийн усыг буулгадаг хаалтыг засварлахын тулд түүнийг компютерийн удирдлагын системээс түр салгасан байжээ. Уг хэрэгт Ираны 7 иргэнийг сэжиглэж байгаагаа Америкийн эрх баригчид мэдэгдсэн байна.

Түүнээс гадна, 2018 онд SamSam гэдэг вирусыг ашиглан Атланта хотын захиргааны серверүүдийг эвдсэн хэрэг гарч, олон арван сая долларын хохирол учирч байсан ба эл хэрэгт Ираны 2 иргэнийг буруутгаж байсан гэх мэт жишээнүүд бий.

Б.Адъяахүү

https://montsame.mn/mn/read/212053


URL:

Сэтгэгдэл бичих