Монголын түүхийг “МУУ”-гийн жишээ болгож буй Ираны эсрэг манай ГХЯ мэдэгдэл гаргах уу
Өнгөрөгч долоо хоногийн Мягмар гарагт Иракийн нийслэл Багдад хот дахь АНУ-ын элчин сайдын яамны байр руу Ираны талыг баримтлагчид дайран орж, элчин сайдын яамны үйл ажиллагааг нь зогсоосон.
-АНУ, ИРАН УЛСЫН ХАРИЛЦАА ХУРЦДАЖ БАЙНА-
Энэхүү эсэргүүцлийг Ираны талыг баримтлагчид генерал К.Солеймани гэгч зохион байгуулсан гэж АНУ буруутгаж байсан юм. Ингээд өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гарагийн шөнө Багдадын нисэх буудалд АНУ-ын зэвсэгт хүчин агаарын цохилт өгсний улмаас генерал К.Солеймани алагдсан байна. Түүнийг устгах тушаалыг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өгсөн тухай Пентагон мэдэгдээд байна.
Иймд Бямба гарагийн орой Иракийн нийслэл дахь АНУ-ын элчин сайдын яамны “Ногоон бүс” буюу “Green Zone” миномётын хоёр цохилтод өртсөн байна. Мөн энэхүү цохилтын дараа Багдадын ойролцоох АНУ-ын цэргийн бааз мөн хоёр удаагийн пуужингийн цохилтод өртсөн байна.
-ИРАНЫ САЙД НАР АНУ-ЫН ТУС ҮЙЛДЛИЙГ “МОНГОЛЧУУДЫН ДАЙРАЛТ, ЧИНГИС ХААН ШИГ СОЁЛЫГ ҮЗЭН ЯДАГЧ” ГЭЖ ШҮҮМЖЛЭВ-
Ираны Гадаад хэргийн дэд сайд Аббас Арагчи “АНУ-ын Ерөнхийлөгч манай улсын соёлын өвүүд болон онцгой цэгүүдэд халдахаар заналхийлсэн нь бидэнд Монголчууд болон алан хядагч бүлэглэлүүдийн дайралтыг санагдууллаа” гэж мэдэгджээ.
Мөн Ираны Мэдээлэл, Харилцаа Холбооны сайд Мохаммад Жавад Азари-Жахроми твиттер хуудсандаа “Исламын Улс, Хитлер, Чингис! Тэд бүгд соёлыг үзэн ядагчид байсан. Трамп бол хослол өмссөн террорист юм. Тэр түүх уншвал Аугаа Иран үндэстний соёлыг хэн ч устгаж чадахгүй гэдгийг удахгүй ойлгоно” хэмээн жиргэжээ.
Иран Улсын албаны хүмүүсийн энэхүү мэдэгдлүүд нь манай улсын бахархам түүхийг “муу”-гийн жишээ болгон тайлбарлаж байгаа нь манай Гадаад харилцааны яам /ГХЯ/-ыг өв соёлоо хамгаалсан мэдэгдэл гаргах шаардлага буйг илтгэж байгаа юм. Энэ тухай Ерөнхий сайдын зөвлөх асан Н.Энхбаяр өөрийн хуудаснаа “Улс орныг төлөөлдөг дипломатч хүн албан ёсны уулзалтад ингэж ярьж болохгүй. Энэ бол уран сайхны кино биш. Монголын түүхийг гуйвуулж, монголчуудыг алан хядагч байсан мэтээр ярьжээ” бичжээ.
Сонирхуулахад, 2019 оны арван хоёрдугаар сард Ираны алдарт бөх, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саид Моллаи эрэгтэйчүүдийн 81 кг барилддаг, 27 настай тэрбээр иргэншлээ сольж, манай улсын тамирчин болсон билээ. Учир нь Ираны Засгийн газраас тамирчдаа Израилийн бөхчүүдтэй барилдахыг хориглосон учир Саид Моллаи иргэншлээ сольсон байдаг.
iSee.mn
URL: