АВТОМАТ МАШИН ХЭРЭГЛЭХ ЮМ ЧИНЬ АМАРХАН ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ

УИХ-ын сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байгаатай холбогдуулан СЕХ-оос өчигдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд СЕХ-ны дарга Н.Лувсанжав, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нар оролцлоо. Сонгуулийг угтаж СЕХ бэлтгэл ажлыг зохион байгуулдаг. Нийт 80 гаруй арга хэмжээг зохион байгуулах юм. Өнгөрсөн онд хийсэн иргэний шинэчилсэн бүртгэлийн дагуу сонгуулийг зохион байгуулна.

Энэ жил анх удаа гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд сонгуульд санал өгнө. Харин гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байхаас гадна, тухайн иргэн өөрийн хүсэлтээр сонгууль өгөх иргэдийн бүртгэлд хүсэлтээ гаргасан байх шаардлагатай юм байна. Гэхдээ гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэн зөвхөн намд санал өгөхөөр хуульд тусгасан байна. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн саналыг сонгууль болохоос 15-аас доошгүй өдрийн өмнө СЕХ-нд хүргүүлэх бөгөөд саналыг сонгуулийн санал авсан өдөр хамт тоолох аж.
СЕХ-ны дарга Н.Лувсанжав мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-СЕХ Дээд шүүхэд нэлээд асуудлаар тайлбар авахаар хандсан. Дээд шүүх ямар ямар зүйл заалтаар тайлбар өгөх вэ?
-Дээд шүүхээс тайлбар авахаар 40-өөд асуудлаар хандсан. Гэхдээ үүний зарим нь уламжлал болсон сонгуулийн өмнө гардаг тайлбарууд. 2008 онд ч гэсэн гарч байсан. Шашны зан үйл гэж юу вэ, хууран мэхлэх, гүтгэн доромжлох гэж юу гэх мэтээр. Үүний хажуугаар шинээр батлагдсан хуультай холбоотой зайлшгүй тайлбарлах асуудлууд бий. Сонгуулийн санал авах хугацаа 7-20 цагт болно. Сонгуулийн үйл явцыг автоматжуулж байгаатай холбоотой энэ цагийг ямар байдлаар ойлгох вэ гэдгийг тайлбарлах ёстой. Монгол өргөн уудам нутагтай. Цагийн зөрүүтэй хөдөө орон нутагт байдаг. Тэгэхээр энэ талаар нэгдмэл ойлголт өгөх тайлбар гаргах хэрэгтэй байгаа юм. Энэ нь програмчлал хийхэд хэрэгтэй.
Түүнчлэн аливаа этгээдээс, эрх бүхий байгууллагаас гэсэн үгтэй заалтууд бий. Үүнд тухайн байгууллага, эрх бүхий байгууллага гэх мэтээр тусгасан. Тэгэхээр энэ нэр томъёоллыг тайлбарлах ёстой. Улсын дээд шүүх хэм хэмжээг тогтоохгүй. УИХ-аас тогтоосон хэм хэмжээг тайлбарлана.
-Орон нутгийн сонгуулийг хамтран явуулах боломжтой юу?
-УИХ-ын сонгуулийг Орон нут­гийн сонгуультай хамт явуулна гэдгийг янз бүрээр ойлгож байгаа. УИХ-ын сонгуулийг автоматжуулна гэсэн шийд гарсан.

Автомат машин хэрэглэх юм чинь амархан гэсэн ойлголт явж байгаа байх. Гэхдээ энэ хоёрыг автоматжуулна гэх юм бол үүнтэй холбоотой зохион бай­гуулалтын болон техник, техно­логийн шийдлүүд тодорхой болох ёстой. Нөгөө талаар УИХ-ын сонгуулийн тухай хуулиар Сон­гуулийн төв байгууллага сонгуулиа зохион байгуулдаг. Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар орон нутгийн сонгуулийн хороод байгуулагдаж зохион байгуулдаг. УИХ-ын сонгуулийн хороо шууд энэ ажлыг хийх заалт байхгүй. Хуулийн процедур болон олон асуудал зөрж байгаа. Хууль эрх зүйн орчин нэг байх шаардлагатай. Ийм хуулийн төслүүд УИХ дээр яригдаж байгаа юм билээ. Үүнийг УИХ шийдэх байх. Нэр дэвшигчдийн нэрс са­налын хуудсанд бичигдэнэ. Энэ олон саналын хуудсыг автоматаар тоолох боломж байгаа юм уу гэдгийг мэдэхгүй байна. Мөн энэ олон шатны нэр дэвшигчдийн нэр эцсийн байдлаар санал авахаас 20-иод хоногийн өмнө гардаг. Тэгэхээр саналын хуудсуудыг ялгавартай хэвлүүлэх шаардлагатай. УИХ-ын сонгуулиар 26 төрлийн саналын хуу­дас хэвлэгдэнэ. Аймаг, сум, дүүр­гийн гээд хийвэл сум гэхэд 300 гаруй сум бий. Ялгавартай хэв­лэснийгээ ялгавартай уншихаар прог­раммаа зохиох хэрэгтэй. Энэ нь цаг хугацааны хувьд боломж­той эсэхийг мэдэхгүй байна. Иймээс цаг хугацааны хувьд СЕХ их бол­гоомжилж байгаа юм. Техно­логийн хувьд боломжтой ч цаг хугацааны хувьд тун хэцүү. Энэ асуудлыг СЕХ биш УИХ-ын шийдэх асуудал. Хэрэв хууль батлагдвал СЕХ хэрэгжүүлэх л үүрэгтэй.
-Хуулийн хэрэгжилтэд хяналтыг хэрхэн тавих бол?
-Хуульд сонгуульд оролцогчид аль аль талын үүрэг хариуцлагыг тодорхой болгосон. Сонгуульд олон субьект оролцоно. Нам эвсэл нэр дэвшигч, тэдний ухуулагч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, сонгуулийн шат шатны хороодын ажилтнууд байна. Гол нь сонгогч өөрөө бас байна. Сонгогч өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгөх ёс­той. Ингэж байж шударга сон­гууль бол­но. Аливаа нэгэн этгээд нө­лөө­лөхийг хориглосон. Энэ тухай зохицуулалт Эрүүгийн хуульд хүр­тэл тодорхой орсон байгаа. Нөгөө талаар сонгогч өөрөө са­налаа худалдахгүй байх ёстой. Дахин санал өгөх оролдлого хийх зэргийг хориглосон. Энэ бүх зүйл дээр Захиргааны болон Эрүүгийн ха­риуцлага хүлээлгэхээр тусгасан. Энэ нь нэг талаас сонгогчийг нэлээн хариуцлагажуулсан зүйл. Нөгөө талд нь саналыг будилуулах оролдлого хийгээд байгаа этгээдэд хүлээлгэх хариуцлага чангатгасан. Нэгдүгээр сарын 1-нээс хориглосон олон үйлдэл бий. СЕХ хэдэн хүнтэйг мэдэж байгаа. Дангаар хяналт тавих боломжгүй нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс энэ хяналт бол сонгуульд оролцож байгаа нам эвслүүд, нэр дэвшиж байгаа субьектууд, хэв­лэл мэдээллийнхэн, төрийн бус байгууллагууд хамтран хийнэ. Тэр­нээс хэн нэгэнд хариуцуулаад хүн бүх­ний хойноос хяналт тавих боломжгүй. Тодорхой үйл ажил­лагаа­ны талаар мэдээллээ хууль хяналтын байгууллагад мэдээлэх эрхтэй. Нотолчихсон бол СЕХ, нотлогдоогүй бол зохих эрх бүхий байгууллагаар шалгуулна.
- Автомат машины ханган нийлүүлэлтийн талаар мэдээлэл өгөөч?
-Санал тоолох машин авахаар Америкийн компанитай гэрээ хий­сэн. Технологийн хувьд үл ойл­гол­цол байхгүй. Эхний таван машин ирчихсэн. II сарын дундаас эхлээд 5 сарын 10 хүртэл санал тоолох машиныг нийлүүлнэ.

Шалгарсан компанитай дотоодын мэдээллийн технологийн компани хамтарч ажиллаж, санал тоолж дүн гаргах программчлалыг хийж байгаа. Үүн­тэй холбоотой саналын хуудасны загвар, саналын хуудсан дээр байх мэдээллийг СЕХ гаргаж өгөх ёс­той. Нийтдээ 2500 ширхэг машин захиал­сан. II сарын 15 гэхэд ИТХ сонгуулийн хэсгүүдээ байгуулна. Хэсгийн тоо нэмэгдээд нэмэгдээд 1800 гаруй болох байх. Нийслэлд олон хүнтэй том хэсэгт гэхэд 1-3 машин тавьж ажиллуулах тооцоо байна. Мэдээлийн технологийн боловсролтой хүнийг сонгож 1800 гаруй хүнийг сургана.
Ш.Эрдэнэ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих