Сүржин эхэлж, даржин дарагдсан хэргүүд-III

jduАзийн цээжинд оршдог хэмээн бахархан, бардамнаж хэлдэг эх оронд маань болж бүтэхгүй бүхэн өрнөдөг болов. Ард түмэн түүнийг нь гайхаж, цочирдож, айж хүлээж авдаг ч дараагийн хэрэг ил болсноор мартаж, хэрэгт холбогдсон хэд маань өөрийнхөө эзэмшлийн компанийг нэг л өдөр олсноо зарлаж, зарим нэг нь байраа хүртэл мартсан тухайгаа, хэрэгт холбогдолгүйгээ уран шувуу адил донгодсоор, бид түүнийг нь сонссоор удав. Ард түмнийхээ төлөө хэмээн сонгогдсон эрхмүүд өөрийнхөө, хамаатан садныхаа, хамаарал бүхий компанийнхаа төлөө ажилласаар, тэр байтугай эгэл жирийн иргэдэд хүрэх ёстой мөнгийг дундаас нь зувчуулан, халаасаа зузаатгасаар, тэр хэрэг нь илэрсээр байтал хээв нэг ажлаа хийсээр суух. Ийм байтлаа шударга ёс гэж хэлдэггүй төрийн эрх мэдэлтэн, албан тушаалтан энэ нийгэмд алга. Иймээс бид энэ удаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авсан, бусдыг зээл авахад ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй төрийн албан тушаалтнуудын хэргийг эргэн сануулж байна. Тэд бол монголчуудаас уучлал гуйгаад зогсохгүй, дахин төрийн албан тушаал хаших учиргүй эрхмүүд юм. Гэтэл тэд одоо ч ажлаа хийсээр буй билээ.

ЖДҮХС-ГААС ХУУЛЬ БУСААР ЗЭЭЛ АВСАН УЛСТӨРЧДИЙГ МАРТАХ УЧИРГҮЙ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авч, хууль бус замаар иргэдийн халаасанд гар хүрсэн хүмүүс УИХ-ын гишүүд, сайд нараар зогсохгүй Засгийн газрын харьяа яам, агентлагийн албан тушаалтнуудаар хаяагаа тэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зээл авсан гишүүд, сайд нар болон нэр бүхий албан тушаалтнуудыг зээлээ төлж, ард түмнээсээ уучлалт гуйж, улмаар хуулийн хариуцлагаа хүлээх ёстой хэмээн албан ёсоор мэдэгдэж, бүр “2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй шүү” гэж хүртэл загнаж үзсэн. Мөн бүрэн эрхийнхээ хүрээнд зарим албан тушаалтанг ажлаас нь чөлөөлөөд байгаа. Гэсэн ч энэ хэрэгтэй холбоотой хариуцлага хүлээх аядсан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн эрх бүхий албан тушаалтан нарын долоон хүн. Дээрх долоон хүний хувьд гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрч, эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаасан. Харин прокурорын байгууллагаас энэ хэрэгт эсэргүүцэл бичсэнээр хэрэг яасан нь мэдэгдэхгүй, таг чиг гацчихсан гэхэд болно. Тэд энэ мэт хэргийг сунжруулсаар ялгүй, эсвэл хөнгөн шийтгүүлээд өнгөрөх магадлалтай. Монголын хууль хяналтын байгууллага шударга ёсны өмнө хэрхэн зогсохыг энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхээс харж болно. Гэхдээ зөвхөн тэднээр туг тахиад өнгөрч болохгүй. Энэ хэрэгт холбоотой хүн бүхэн зохих ёсныхоо хариуцлагыг хүлээх ёстой. Хэрэв тэд хуулийн дагуу хариуцлага хүлээвэл Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтаар найм хүртэлх жилийн хорих ял эдлэх ёстой. Анх энэ хэрэг илрэхэд тэдэнтэй дайтахаа амлаад байсан “Хэвтүүл” хөдөлгөөнийхөн ч өдгөө сураг алдарсан. Иймээс иргэд бид өөрсдөө энэ мэт хууль бус үйлдэлтэй тэмцэх хэрэгтэй. Өнөөдөр тэд өөрийн компанид давуу эрх олгож байгаа бол маргааш эх орноо худалдахаас ч сийхгүй.

Энэ онд УИХ-ын сонгууль болно. Тэгвэл ЖДҮХС-гаас хууль бусаар өөрийн болон ах, дүү, хамаарал бүхий компанидаа зээл олгоход тусалсан эрхмүүд сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, ард түмэнд хайртайгаа зарлаж, тойргоо услаад эхэлжээ. Сонгууль болохоор гэнэт хаанаас сонгогдсоноо санаж, “Миний дээр та бүхэн бий” хэмээх сайхан үгээр тархи угааж, бэлэг сэлт, аахар шаахар зүйл тарааж, тойрогтоо байн байн очиж, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүрлийтлээ гарч, “Энэ дөрвөн жил би тэгж ажиллалаа. Тойрогтоо тэгэх гэсэн болсонгүй” гэх мэт хүүхэд хуурч байгаа аятай үгсийг чулуудна. Бид ч хууртаж ханалгүй, эргээд өнөө хэдийгээ сонгож орхино. Тэгвэл энэ удаа хэдүүлээ ЖДҮХС болон бусад сангаас хууль бусаар зээл авсан болон ард иргэдийнхээ төлөө юу ч хийгээгүй эрхмүүдийг сонгохгүй байцгаая.

ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан хэрэгт УИХ-ын 50 орчим гишүүн холбогдсон бөгөөд хожим АТГ-аас 13 гишүүнийг шалгаж байгаа гэдэг мэдээлэл өгсөн. Гэвч чухам ямар гишүүд шалгагдаж байгаа талаар тодорхой мэдээлэл одоог хүртэл өгөөгүй ч доорх гишүүд байх магадлал хамгийн өндөр байгаа юм.

  1. УИХ-ын гишүүн Я.Содбаатар. Тэрбээр эхнэрийнхээ бизнесийг дэмжих зорилгоор тансаг зэрэглэлийн сувилалд нь  1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан байдаг. “Epato Anarvaan-Төрсний дараах эх, нярайн сувилал”-д эх хүүхэд долоо хоног сувилуулахад дунджаар 2.9 сая төгрөг төлдөг.
  2. УИХ-ын гишүүн Б.Батзориг. Тэрбээр эхнэрийнхээ “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас олгосон.
  3.  УИХ-ын гишүүн Н.Учрал. Аавынхаа “Хүннү” компанид ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч өгсөн нь баримтаар дэлгэгдсэн.
  4. УИХ-ын гишүүн Н.Оюундарь. Тэрбээр “Манай хүүгийн “Red star club” гэдэг компани зээл авсан. Би нөлөөлөөгүй. Хүү минь Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй байгуулахаар зээл авсан” хэмээж байсан.
  5.  УИХ-ын гишүүн Б.Саранчимэг. Төрсөн дүү Б.Одончимэгийнхээ эзэмшдэг “Сингапур Хэльт Кейр Сентер” компанид ЖДҮХС-гаас 800 сая төгрөг авсан байдаг.
  6. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн. Тэрбээр “Говь саун” ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан нь илчлэгдсэн. Тус цогцолборын эзэн нь Д.Дэнсмаа. “Говь саун”-ы эзэн Д.Дэнсмаа нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж юм.
  7. УИХ-ын гишүүн О.Батнасан. Тэрбээр төрсөн дүү О.Ганбаатартаа зээл авч өгсөн байдаг. Үүнийхээ тайлбарт бусдынхаа адил “Би нөлөөлөөгүй” хэмээж, зээл авсан мөнгөөрөө махны үйлдвэр барьж байгаагаа ярьсан.
  8. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун. Тэрбээр 950 сая төгрөгийн зээлийг хамаарал бүхий компанидаа авсан. Уг “Дорнод гурил” компаниа тэрбээр үүсгэн байгуулж, өдгөө ч ХОМ-тээ мэдүүлдэг.
  9.  УИХ-ын гишүүн Г.Солтан. Тэрбээр хамаарал бүхий компани “Монгол шаазан”-даа 950 сая төгрөгийг ЖДҮХС-аас авсан хэмээдэг. Тэрбээр өөрөө үгүйсгэдэг ч хууль, шүүхийн өмнө тус компанийг албан ёсоор төлөөлсөн эзэн нь Г.Солтан гэнэ.
  10. УИХ-ын гишүүн А.Сүхбат. Тэрбээр отгон дүү А.Баттөгсийнхөө эхнэр Г.Буяндэлгэрийн “Түгээмэл түмэн хишиг” компанид 800 сая төгрөгийн зээл авч өгсөн нь баримтаар нотлогдсон.
  11. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир. Тэрбээр “Сапфир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ.
  12. УИХ-ын гишүүн Ж.Батзандан. “Хүнс сервис” компанидаа 500 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 200 сая төгрөгийг нь эхнэрийнхээ дансанд оруулж, тэр нь банканд хүүлэгдсэн гэдэг.
  13. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг. Тэрбээр ЖДҮХС-гаас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй, мөн зээл авч өгсөн компани нь мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгуулж байгаа гэдгийг албан бус эх сурвалж хэлж байгаа юм.

ЖДҮХС-ГААС МӨНГӨ УГААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГИШҮҮД

Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн наймыг нь АТГ-аас мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж, буруутайг нь тогтоогоод прокурорт хэргийг нь шилжүүлсэн талаар ярьсан. Тэрбээр “Одоо прокурор ажлаа хийх л үлдлээ. Мөнгө угаасан гишүүдээ хэдий болтол хамгаалах вэ. Прокурор эцсийн дүнг тавих ч АТГ-аас шалгаад буруутайг нь тогтоосон. Энэ найман гишүүний нэрийг албан ёсоор зарлахгүй байна” хэмээж байлаа. Тэгвэл энэ найман гишүүнд орсон байх магадлалтай гишүүдийг танилцуулж байна. АТГ-аас мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаад буруутайг нь тогтоогоод прокурорт хавтаст хэргийг нь шилжүүлчихээд байгаа найман гишүүдийн дөрөв нь доорх гишүүд байх хамгийн өндөр магадлалтай.

  1. УИХ-ын гишүүн Б.Ундармаа. Тэрбээр ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэйгээр авсан. Б.Ундармаа гишүүний хамаарал бүхий “Капитал премиум” ББСБ-ын сарын хүү нь гурав, жилийн хүү нь 30 хувь юм.
  2. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Тэрбээр “Газар капитал”, “Газар партнерс” ББСБ-тай. ЖДҮХС-гаас хоёр жил дараалан, нийт 1.950.000.000 төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэй авсан байдаг. Ж.Энхбаяр гишүүний хамаарал бүхий ББСБ-ын зээлийн хүү нь сарын 2.5-3 хувь, жилийн 30-26 хувь юм.
  3. УИХ-ын гишүүн Я.Содбаатар. Түүний ЖДҮХС-гаас авсан зээлийн хэмжээ хоёр тэрбум. “Тэнүүн Капитал” ББСБ-ыг тэрбээр 100 хувь эзэмшдэг. Иргэдэд сарын 2.6-3 хувь, жилийн 31.2-36 хувийн хүүтэй мөнгө зээлүүлдэг.
  4. УИХ-ын гишүүн Л.Энхболд. Тэрбээр ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан. “Ирээдүй инвест” ББСБ-аараа дамжуулж сарын 3-3.5 хувь, жилийн 36-42 хувийн хүүтэй мөнгө зээлдэг.

Үндэсний шуудан


URL:

Сэтгэгдэл бичих