Ченжүүд малчдаас авсан махаа 1000 төгрөгийн илүүгээр дамлаж байна

Амралтын өдрөөр дэлгүүр хэсч, хүнсээ цуглуулангаа хан­шийн судалгаа хийлээ. Цагаан сар дөхсөн болоод ч тэр үү, худалдааны төв, захууд хүн хөл ихтэй, худалдагч нар нь үг солих завгүй байв. Тэдний заримаас махны ханшийн та­лаар асуусан юм. Малчид, худалдааны төвийн хооронд мах дамладаг ченжүүд бий “Хүчит шонхор” захын махны тасгийн худалдагч Б.Цэнджавтай ярилцлаа.

-Ойрд завгүй байна уу. Худалдан авагч олонтой байх шиг байна?

-Цагаан сар дөхөхөөр угаасаа завгүй болно. Зах руу ирж байгаа хүмүүс гол­дуу буузны мах авдаг. Өг­лөөнөөс хойш үхрийн зургаан гуя зарлаа. Худалдан авагч олон байна. Ер нь ямар ч үед махны тасаг хүн ихтэй байдаг юм.

-Нөөцийн мах худалдаанд гарсан ч махны ханш олиг­той буухгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Махны ханш өсөхөд чен­жүүдийг буруутгадаг. Адил­хан амьдрах гэж байж бид юунд тийм олиггүй юм хийх вэ дээ. Гэхдээ малчдаас мал, мах авч, хот руу оруулж ирдэг ченжүүд дундаас нь ашиг олох явдал бий. Өглөө эрт энд ирвэл олон юм үзнэ шүү. Одоо манай зах дээр үхрийн гуяны мах кг нь 5400-5600 төгрөгийн ханш­тай байна. Хотод ийм хямд махтай газар олохгүй. Гэтэл малчид кг-ыг нь 3600-3800 төгрөгөөр өгдөг. Харин дамладаг ченжүүд үнийг нь өсгөдөг. Бид дээр нь 100-200 төгрөг л нэмж зардаг. Нөөцийн махыг хямд үнэтэй болохоор л хүмүүс авдаг байх. Түүнээс биш чанарын хувьд хэцүүхэн л харагдах юм билээ.

-Хөдөөгүүр мах тэгж ховор­доод байна уу, эсвэл үнийн хий хөөрөгдөл үү?

-Манайхан бензиний үнэ рүү хамаг буруугаа чихдэг. Түүнээс биш 40 сая малтай монголчууд махаар дутагдана гэдэг чинь зохицуулалтгүйн шинж. Махны үйлдвэрүүд байгуулна гэх юм. Хэрвээ үйлдвэр байгуулна гэвэл махны ханш бүр л өндөр бол­но гэж бодогдоод байгаа юм.

-“Хүчит шонхор” дээр хятадууд их байдаг гэсэн. Энэ үнэн үү?

-Өнгөрсөн жил нэг хэсэг гаар­сан. Өглөө мах ирэнгүүт хятадууд авчихдаг байсан. Мон­голын цагдаа нар үүнийг зохицуулдаггүй. Бид л өөрсдөө хэрүүл, тэмцэл хийж байж бага зэрэг номхруулсан. Гэхдээ л хот руу орж байгаа хэсгүүдэд хятадууд том машинтай хүлээгээд зогсож байдаг. Тэгээд ихэнхийг нь авчихдаг юм билээ. Ер нь мах гэлтгүй бусад түүхий эдийн зах зээ­лийг ч хятадууд атгаж бай­на.

Махны худалдагч ийм зүйл ярьсан юм. Үүнээс харахад малчдаас мал, мах авч ченжүүдэд дамжуулдаг “дамчин” ченж олон байдаг бололтой. Өглөө эрт ирвэл тэдэнтэй тааралдаж болно гэсэн. Гэхдээ үд болж байсан ч машинууд ирсээр л байв.

Махны үнэ өсөөгүй, худалдагч нар хуйвалдаж нэмдэг

Энэ үеэр зүүн аймгуудаас мах авч ирдэг гэх нэгэн эмэг­тэйгээс цөөн асуултад хариулт авлаа. Тэрбээр өөрийгөө Насаа гэж танил­цуулсан бөгөөд өөрийн та­лаар үүнээс илүү мэдээлэл өгөх­гүй гэсэн юм.

-Хонины гулууз ямар үнэ­тэй орж ирдэг вэ?

-Тарган, туранхайгаасаа шалт­гаалж, кг нь 2300-2600 төгрөг. Нэг гулууз ойрол­цоогоор 15 кг жинтэй байдаг.

-Гэхдээ махны худалдагч нар 100-200 төгрөг л нэмдэг гэсэн шүү дээ?

-Үгүй ээ. Хамгийн бага­даа 1000 төгрөг нэмдэг. Худ­лаа гэвэл өглөө эрт ирж, ма­шинуудад байгаа махны үнийг судалж болно. Үхрийн махыг 3800-4100 төгрөгөөр өгдөг. Гэтэл хотод үхрийн нэг кг мах 8000 төгрөг хүрч байна гэсэн. Энэ бол үнэхээр байж болшгүй гүтгэлэг. Үүнийг дуулаад сүүлийн үед мал­чид ч үнэрхдэг болсон.

Ингээд худалдагч, нийлүүлэгч хоёрын яриа алд, дэлэм зөрөх нь тэр. Гэхдээ энэ бол нийслэлд хамгийн хямд мах худалдаалдаг “Хүчит шонхор” захын ханш. Үүний дараа “Баянзүрх” зах орох бөгөөд үнийн хувьд 150-250 төгрөгөөр илүү юм билээ. Харин энд гурил, цагаан будаа, элсэн чихэр, хүнсний ногоо бусдаасаа хямд байх аж.

Гэхдээ Цагаан сарын ширээ зөвхөн эдгээр хүнсээр хязгаарлагдахгүй гэдгийг батлах гэсэн мэт ургамлын тос, хиам, зайдас, майонез, үзэм, жимс ч мөн үнэд орсон байна гэж гомдоллож яваа худалдан авагчидтай цөөнгүй таарав. Хүнсээ цуглуулж явсан Ц.Гарамханд хэмээх бүсгүйгээс энэ талаар асуухад “Цагаан сараар буузнаас гадна төмсний салат хийхэд их зардал гардаг. Төмс, лууван ч яах вэ хямд үнэтэй байна.

Харин ургамлын тос 200, хиам 1000, майонез 450 төгрөгөөр нэмэгдсэн байх юм. Худалдагч нар нь угаасаа ийм үнэтэй гэж байна билээ. 14 хоногийн өмнөхөөс өсчихөж. Цагаан сараар хэрэглэх хүнс цуглуулъя гэж 200 мянган төгрөгтэй гарч ирсэн. Хангалттай хүрнэ гэж бодсон чинь дутах шинжтэй байна” гэлээ.

Улаанбаатарын хэмжээнд хамгийн хямд гэгддэг хоёр захаар ороход үнийн өсөлт хэр байгааг харж болохоор байв. Цагаан сарын ширээ засахад 200 мянган төгрөг хүрэхгүй байна гэхээр цалингүй, орлогогүй иргэд энэ баярыг тэмдэглэж хүчрэхээ больсон мэт. Үндэсний баяраа даруухан тэмдэглэе гэж бүгд уриалдаг ч жил бүр зангараг нь чангарч байгаа Цагаан сарын дуулианаар мах ганцаараа үнэд ордоггүй бололтой.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих