Булганы нэг мандат МАН-ын дотоодод хүчтэй өрнөж эхэлжээ

Булган аймгийн тухай ярихаар л нэгэн ёозгүй хэлц санаанд буудаг юм. Гэхдээ бодит байдал дээр ард түмнийг нь “…Будаан дээрээ зодоонтой” гэхээсээ илүүтэй, тойрог горилсон эрхмүүдэд нь зориулсан хэлц гэлтэй. Учир нь сонгууль бүрээр л энэ тойрогт хэрүүл гарч, нэг намын нөхдүүд ч өөр хоорондоо ам мурийж, гар зөрүүлэх нь энүүхэнд.

Ядаж тойргийн мандатынх нь тоо ч цөөхөн юм. Тэр утгаараа УИХ-ын сонгууль нэлээд ээдрээтэй явагддаг гэж байгаа. Энэ жилийн тухайд, Сонгуулийн шинэ хуулиар нэг мандаттай зургаан аймаг байх бөгөөд үүнд Булганы тойрог багтаж буй. Тэгэхээр ирэх зуны их сунгаа энэ тойрогт нэлээд ширүүхэн өрнөх нь гарцаагүй.

Одоогийн байдлаар улс төрийн хүрээнийхэн ганц мандат дээрх өрсөлдөөн МАН-ын дотоодод нэлээд хүчтэй өрнөж буйг хэлж байна. Энэ нь ч бодит байдалд хамгийн ойр прогноз юм. Учир нь Монгол Улс ардчилсан сонгууль хийж эхэлсэн жилүүдээс л энэ аймагт “улаан хавсарга” болж, МАХН (одоогийн МАН) ялалт байгуулж ирсэн түүхтэй. Гэхдээ 1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл бөөн юм болж байж, Эрхэмбаяр, Д.Дашпүрэв нараа төрийн улаан буйданд залж байсныг эс тооцвол шүү дээ.

Тэгэхээр өнгөрөгч 2008 оны УИХ-ын сонгуулиар булганчууд дадсан зангаараа улааныг эрхэмлэн, хууль тогтоох танхимд хоёр төлөөлөл илгээсэн нь МАН-ын Ц.Цэнгэл, Э.Мөнх-Очир нар юм. Тэд хоёр мандаттай байхад эв эеийг түшиглэн, ёстой л нутгийн ахан дүүс шиг хөтөлгөө морьтой Төрийн ордноо бууж байв. Харин ирэх сонгуулийн ганц мандат хоёр эрхмийг чулуу чулуугаа хага түншдэг ёгт үлгэрийг сануулахад хүргэсэн нь ойлгомжтой.

Тэгээд ч улс төрд мөнхийн нөхөр, эсвэл мөнхийн дайсан гэж байдаггүй гэсэн теором жинхэнэ утгаараа үйлчилдэг шүү дээ. Тиймд дээрх мессеж нь магадлалын хувьд байж болох хувилбарыг мэдээлж буй юм. Одоогийн яригдаж буй таавраар хоёр түшээгээс гадна НИТХ-ын төлөөлөгч Г.Идэрмаа болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарын нэр хүчтэй яригдаж байна.

Сайдын тухайд, аль эртнээс л Булганы тойрогт нэр дэвших санаатай, зам мөрөө засаад л явсан юм байх. Тийм ч учраас тус аймгийн 16 сумын сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд салбарынхаа сайдтай нүүр тулж үзээгүй хүн ганц ч үгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, эрхэм сайд албан тушаалынхаа буянаар салбарынхаа хүмүүсийн сэтгэл санааг өөрийн зүг чиглүүж чаджээ. Тэрбээр хавар хаврын эхэнд атар газрыг зорьж, багш нартайгаа уулзалт зохион байгуулдаг уламжлалтай болсон аж.

Тэгэхээр Г.Идэрмаа бүсгүйн хувьд, Сонгуулийн тухай шинэ хууль ивээлээ хайрлах өндөр магадпалтай. Учир нь нам эвслээс нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэй байхаар батлагдсан гэдэг утгаараа буюу нэг намаас сонгогдож болох 76 горилогчийн 15 нь эмэгтэй байна гэсэн зарчмын дагуу энэ тойрогт нэр дэвших бололцоо нь өндөр юм. Түүнээс өнөө цагт тойрог олдохгүйн зовлон их байна. Тэгээд ч УИХ-ын сонгуульд нэр дэвшээд, суудал зулгаах эмэгтэйчүүд аль аль намд үнэндээ ховор.

Хамгийн гол нь нийт масс буюу олон нийтэд танигдаагүй гэдгээс эхлээд тэднээс намынхаа шалгуурыг давах эмэгтэйчүүд цөөхөн гэдгийг тооцох нь бодит байдалд нийцнэ. Тийм ч учраас энэ бүсгүй НИТХ-ын тэргүүлэгч, Ардчилсан социалмист эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан гээд сонгуульт ажилд гар бие оролцож явсны хувьд, түүнд нэр дэвших тойрог олдоцтой л байгаа сурагтай. Уг нь тэрбээр Хутаг-Өндөр сумын харьяат юм билээ. Гэвч улстөрч бүсгүй одоогоор нутгийн дэвжээнээ танигдаж амжаагүй л явна.

Түүнчлэн энд нэг зүйлийг сануулахад, МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд энэ аймагт 17 мянган хүний санал авч, АН-ын лидер Ц.Элбэгдоржид тавхан хувиар ялагдсан түүхтэй. Тэгэхээр булганчууд ардчилалд найр тавих сэтгэлтэй болов уу, эсвэл хувь хүнийг нь сонгов уу. Ямартай ч час улаан тойргоос сэртхийлгэсэн сонголт байсныг улс төр судлаачид гайхах юм билээ. Шатрын хөлгөөр төсөөлбөл, өөрийн талынх нь нүүдэл таалагдахгүй бол ноёноо бэрстэй нь хамт түлхэн унагаад, шинээр өрөг хийх гэсэн түмний оролдлого ч байсан юм бил үү, хэн мэдэх вэ.

Энэ тааврын хариуг ирэх сунгааны үр дүнгээс л харж болох юм. Түүнчлэн энэ удаад экс “ноёнтон” М.Энхсайханы намтай эвсч, сонгуульдах болсноо мэдэгдээд байгаа. Тэгэхээр энэ эвслээс яах аргагүй 2004 онд АН-аас, 2008 онд ҮШН-аас Булганд зодоглож явсан Б.Цогтгэрэл нэр дэвших нь гарцаагүй л болов уу. Тэгээд ч намын даргын нөмөр нөөлөг ч гэсэн байнаа, байна.

Харин Энэбиш агсны хүү Мөнх-Очирийн хувьд, ирэх сонгуулиар зүй ёсны хүчтэй өрсөлдегч байх нь гарцаагүй. Сайн аавын нэрээр енгө зүстэй яваа гэж эл хүрээнийхэн амжилтыг нь үгүйсгэдэг ч булганчууд түүнд хайртай. Учир нь тэрбээр аймгийнхаа иргэдийн нийслэлд их, дээд сургуульд суралцаж байгаа бүх оюутныг 2011-2012 оны хичээлийн жилд орон байраар үнэ төлбөргүй хангаж, нийгмийн идэвхтэй ажилладаг байна.

Мэдээж түүний энэ үйлдэл нь хотод хүүхдээ сургаж байгаа Булганчуудын хувьд, томоохон хөрөнгө оруулалт шүү дээ. Түүнчлэн аавыгаа таалал төгссөнөөс хойш “Энэбиш” сан байгуулж, тэнд төвлөрсөн мөнгөнөөс 850 сая төгрөг гарган Булган аймгийн сум тус бүрт 50 саяыг хуваарилан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төслийг 2008 оноос санхүүжүүлж ирсэн нь ёстой л нутгийн зон олондоо барих хамгийн том “бэлэг” нь байсаар ирсэн юм.

О.Сэлэнгэ
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих