Цөмийн гэрээтэй харшилдсан үйлдлээсээ татгалзахыг Иранд уриалжээ

712-15782788785e129bb931fdcБЕРЛИН /TASS/. Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар Ираны эрх баригчдад хандан цөмийн гэрээтэй харшилдаж буй хүч хэрэглэсэн ажиллагаа, үйлдлээсээ татгалзахыг  уриалжээ. Гурван улсын удирдагчдын хамтарсан мэдэгдлийг Германы сайд нарын танхимын албан ёсны төлөөлөгч Штеффан Зайберт ням гарагийн орой “Twitter” сүлжээнд нийтэлсэн байна.

“Ирак дахь эвслийн хүчинд саяхан халдсаныг бид буруушааж байгаа бөгөөд Лалын хувьсгалыг хамгаалах корпус болон “Аль-Кудс” тусгай анги нэгтгэлийн зуучлалтайгаар бүс нутагт гүйцэтгэж буй Ираны эрх баригчдын “сөрөг үүрэгт” гүнээ түгшиж байна” гэж мэдэгдэлд дурджээ.
“Цаашид хүч хэрэглэсэн ажиллагаа явуулах эсвэл ийм ажиллагааг дэмжихээс татгалзахыг бид юуны өмнө Иранд уриалж байна. Бид Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх цогц төлөвлөгөөтэй нийцэхгүй байгаа бүх арга хэмжээгээ цуцлахыг уриалж байна” гэж А.Меркель, Э.Макрон, Б.Жонсон нар цохон тэмдэглэсэн байна.
Гурван улсын удирдагчид одоо бүс нутгийн байдлыг улам хурцатгахгүй байх арга хэмжээ авах нь чухал гэж үзэж байна. “Бүх талд ялангуяа Иран улсад хандан маш хүлээцтэй, хариуцлагатай байхыг бид уриалж байна. Ирак дахь хүчирхийллийн одоогийн эргүүлгийг зогсоох ёстой” гэж мэдэгдэлд дурджээ. Бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах, байдлыг тогтворжуулахад гаргаж буй хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэдгээ гурван улсын удирдагчид мэдэгдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих