Хар муур
Маргааш би үхнэ.Тийм ээ, маргааш би үхэх болно, тиймээс өнөөдөр би надад чухам юу тохиолдсоныг нэр бүрчлэн хорвоо дэлхийд дуулгаюу, сүнс сэтгэлээ тэр л аймшигт хар дарсан зүүднээс хөнгөлж нэг мөр амаръюу гэсэн юм л даа
Сонсогтун! Яаж баларсныг минь сэтгэл тавин сонсогтун!
Би хүүхэд байхдаа амьтанд их хайртай байлаа.Ялангуяа гэрийн гэж нэрлэгддэг, хүнтэй хамт амьдарч нэг гэрт байж чаддаг тийм амьтанд их хайртай байлаа.Хүний зүрх сэтгэл шууд тусах ямар нэг юм тэдгээр амьтдыг хайрлахад хүргэдэг юм.Бусдыг хайрлах хайр ямар их урамтай байдгийг хүн гэдэг амьтан амьдралынхаа туршлагаас мэддэг билээ.
Би их залуудаа гэрлэсэн юм.Надтай адил амьтанд хайртай эхнэр авч суусандаа баяртай байсныг та лав ойлгох биз.Тэр маань төдсөн ч үгүй олон амьтан олж цуглуулав.Бид шувуу, хэдэн алтан загас, нэг сайхан нохой, бас мууртай байв.
Муур маань их том биетэй, тас хар, тун ч сайхан амьтан.Би түүнийг Плуто гэж дуудна.Хамгийн их хайртай амьтан маань тэр байв.Түүнийгээ би өөрөө хооллоно.Намайг хаашаа л явна тэр үргэлж дагана.Гудамжаар дагаж явахыг нь болиулах гэж бүр ядна.
Бид энэ мэтээр олон жил эв түнжинтэй байлаа.Харин энэ хооронд миний ааш зан их хувирсан байв.Архи дарс их хэрэглэдэг болов.Хоног өнгөрөх тутам муураа хайрлах минь багасч амархан ундууцдаг боллоо.Наадаж эрхэлдгээ ч мартав.Эхнэр маань болон муурнаас бусад амьтан ч миний ааш зан хувирч байгааг мэдрэх болов.
Нэг шөнө би архидан ихэнх цагаа өнгөрөөдөг болсон гуанзнаас нэлээд оройтож ирлээ.Гуйвж туйвсаар гэртээ арай ядан ороход Плута муур надаас цэрвэж байгаа юм шиг харагдаж.Чухам харагдсан ч юм уу, тэгж бодогдсон ч юм уу бас сайн мэдэхгүй байв.
Миний хайртай гэж бодож асан энэ амьтны ийм байдал намайг хэмжээлшгүй их уурлуулав.Сүнс сүлд маань нисээд явчих шиг л болсон.Би халаасандаа байгаа тонгоргоо гаргаж тэнийлгэв.Тэгээд л тэр муу амьтныг хүзүүнээс нь шүүрэн авч аймшиг дүүрэн нэг нүдийг нь ухаж гаргалаа.
Муур аяндаа эдгэрэв.Нүдний хоосон ухархайг нь харахад тун ч эвгүй байсан нь үнэн.Тэр маань удалгүй гайгүй болоод би түүнийгээ бодож ойртох гэхэд айж зугтах болов.Арга ч үгүй биз.Энэ яагаад зугтахгүй байна гэх ч үе бас гарна.Гэлээ ч миний зэвүү улам бүр л хүрээд байх болов.Санаа сэтгэлд минь урьд байгаагүй нэг муу ёрын юм шүглэчихэж.Буруу юм хийж байна, нүгэл үйлддэг байна гэж хэн л өөрийгөө мэдэж байлаа.Хүмүүс бид дандаа юманд хөөгдөж, хууль ёсыг эвдэж, үл мэдэх зам руу орж явдаг бус уу? Яагаад гэвэл, бид үүнийгээ хууль гэж ойлгож байдгаас болой.
Нэг өдөр миний цус хөөрсөний улмаас муурын хүзүүг олсоор чанга боогоод байшингийн доод хонгилд аваачаад толгой дээрээ байсан хөндлөн модноос дүүжлэн уяв.Би нулимс асгаруулсаар байсан ч түүнийг дүүжилсээр.Ингэж би түүнийгээ алсан юм.Яагаад гэвэл, түүнийг тэгж зовоох шалтгаан надад байхгүйг би мэдэж байв.Яагаад гэвэл, ийн үйлдэж байгаа минь сүнс сүлдээ бурхны хайр ивээлд хүрэх замаас бүр мөсөн ангижруулах их нүгэл гэдгийг би мэдэрч байв.
Тэр шөнө би унтахаар хэвттэл хажуу айлын хүний хашгирах чимээ нээлттэй цонхоор сонсогдов,Би орноосоо босон харайж байшин маань бүхэлдээ галд автсаныг сая мэдэв.Эхнэр бид хоёр арайхийж галаас гарав.Бид галаас гараад шатаж унаж байгаа байшингаа харж зогсохоос өөр юу ч хийж чадсангүй.Шатаж байгаа байшингаа харж зогсоход үхсэн муурын минь сэг хонгилд дүжлээстэй байгаа гэсэн бодол салахгүй байв.Байшин шатах оньсого шиг учир шалтгаан муурт л байсан байх.Ингэснээрээ энэ миний нүгэлт үйлийн төлөөс болж тэр надаас өш хонзонгоо авч байгаа юм шиг.
Хэдэн сар өнгөрөв.Муурын тухай бодол сэтгэл санаанаас минь ер гардаггүй.Нэг шөнө мөнөөх гуанзандаа архидаж байв.Урьд үзээгүй нэг хар юм буланд байхыг би олж хараад босч очив.Плутотой яг адилхан нэг хар муур байв.Би нурууг нь эвтэйхэн илж зөөлөн алгадав.Муур босч нуруугаараа гарыг минь шүргэлээ.
Гэнэт надад түүнийг авмаар бодогдоод явчихав.Гуанзны эрхлэгчээс худалдаж авахаар үнэ өгтөл эрхлэгч тэр амьтныг хэзээ ч үзээгүй юм байна гэв.Намайг гуанзнаас гарахад тэр хойноос дагав.Би ч дургүйцсэнгүй.Тэр төдсөн ч үгүй манай гэрийн амьтан боллоо.
Авчирсныхаа маргааш өглөө тэр муур Плутотой адилхан бас өрөөсөн нүдтэй болохыг мэдэв.Ийм болохыг нь урьд шөнө би яагаад мэдээгүй байдаг билээ.Энэ нь манай авгайг түүнд бүр ч хайртай болгов.Тэгэхдээ би дотроо нэг л аягүй байв.Би түүнд дургүйцэх тусам тэр надад хайртай болсон.Тэр намайг хаана л явна дагаад байна.Суусан газар, сандал доогуур орж хэвтэнэ.Босоод явахад хоёр хөлийн дундуур орж унагачих гээд байна.Хаана би явна, тэр тэнд явна.Шөнө би түүнийг зүүдэлдэг болов.Тэгээд ч би түүнд улам зэвүү хүрэх болов.
Нэг өдөр хуучин муу байшингийн хонгилоос манай авгай намайг дуудав.Би шатаар доош бууж очтол дандаа дагаж явдаг муур маань хөл доогуур гүйн орж золтой л унагачихсангүй.
Миний уур гэнэт хүрч хутгаа гарган муур руу хайр найргүй дүрэв.Авгай минь гараас бушуухан барьж зогсоов.Энэ нь миний уурыг бүр хүргэж би эргэж хутганыхаа үзүүрээр авгайнхаа зүрх рүү дүрэв.Тэрбээр шалан дээр унаж дуу шуу ч үгүй үхлээ.
Би муурыг хэдэн мөч эрэв.Гэвч тэр алга болжээ.Тэгээд ч би дараагийн юмыг хийх хэрэгтэй болов.Авгайн хүүрийг түргэхэн нуух ёстой.Хонгилд хэрэглэгдэхээ больсон хананы хуучин пийшингийн нүхийг чулуугаар тагласныг би гэнэт олж харлаа.Тагласан чулууг авахад тийм ч бэрх биш байв.Миний мэдэж байснаар түүний ард хүүрийг багтаах хангалттай зай байлаа.Би нэлээд хүч гаргаж байж хүүрийг тэнд байрлуулж чулуунуудыг хуучин янзаар нь эргүүлэн тавилаа.Чулууг хөдөлгөсөн гэдгийг хэн ч мэдэхээргүй болгосноо хараад аминдаа додигор байв.
Өдөр, хоног өнгөрсөөр л…Муур байдаггүй, хүмүүс манайхаар орж гарч авгайг асууж сураглав.Төвөггүйхэн хариу өгнө.Тэгтэл цагдаагийн хэсэг офицер манайд ирлээ.Би тэднийг нэгжихэд нь хамт дагаж явсаар байв.Эцэст нь тэд хонгилд орж булан тохойгүй нэгжив.Би тэднийг тайвнаар харж, юу ч олохгүй нь мэдээж гэж бодов.Тэгээд тэднийг шат өөд өгсөн дээш гаргах гэхэд миний дотор нэг хачин бодол гэнэт зурсхийн орж ирдэг юм байна.
“Энэ байшингийн хана их бат бөх баригдсан” гэж би хэлээд авгайн хүүр араар нь байгаа хананы тус газар таягаар цохив.Тэгсэн чинь яг тэр мөчид аймшигт чарлах дуу хананы цаанаас, яг араас нь дуулдлаа.Ар нуруу руу хүйт оргих шиг бие хачин болов.Офицерууд нэгэн агшин хэртэй бие бие рүүгээ харж таг дуугүй зогсов.Тэгээд тэд дорхноо чулуунуудыг зайлууллаа.Төдсөн ч үгүй манай эхнэрийн ялзарч, үнэр орсон, цус нь хатаж харласан хүүр өмнөө байхыг харлаа.Түүний толгой дээр өрөөсөн нүд нь цог шиг бадарсан, цуст хүзүүтэй, амаа том ангайсан муур суучихаад хорсолтойёо чарлаж байв!
-Эдгар Аллан По
URL: