Ойрын үед ядраад байна уу?

1.    Ядаргаа гэж юу вэ?
Ядаргаа нь янз бүрийн шинж тэмдгээр илэрч болно. Тухайлбал:
Бүхий л өдрийн турш ядарна
Өдөр тутмын үйл ажиллагаагаа хийх үед амархан ядарна
Амраад сэрэхэд алжаал тайлагдсан мэдрэмж төрөхгүй байх. Хүн бүр ядардаг гэхдээ ихэнх хүмүүсийн хувьд энэ байдал нь богино хугацаагаар илэрдэг бөгөөд шалтгааныг тодорхойлоход хялбар байдаг.

2.     Ядаргаа яагаад үүсдэг вэ?
Хүмүүст ядрах мэдрэмж үүсгэх маш олон шалтгаан байдаг. Огт унтахгүй байх, удаан хугацаагаар хангалттай унтаж чадахгүй болон унтсан ч сайн амарч чадахгүй байх нь ядаргаа үүсэхэд нөлөөлөх гол шалтгаан юм. Мөн биемахбодийн эмгэгүүд болох цусны даралт ихсэх, чихрийн шижин, цус багадалт болон сэтгэл гутрал, стресс, сэтгэл түгшилт гэх мэт сэтгэл хөдлөлийн эмгэгүүд нь архаг ядаргааг үүсгэх шалтгаанууд болдог. Эцэст нь хэлэхэд хэт их ачаалалтай ажиллах, хэт бага ачаалалттай ажиллах, тогтмол дасгал хөдөлгөөн хийхгүй байх, жин ихсэх гэх мэт амьдралын хэв маягын олон өөрчлөлтүүд нь ядаргаа үүсгэх хүчин зүйлс болно.

3.    Ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ?
Хэрэв танд заримдаа ядрах мэдрэмж төрдөг бол энэ нь сэтгэцийн болон биемахбодын эмгэгийн шинжүүдээр илэрч болно. Ядаргаа үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлс:
Их унтах
Эрч хүч буурах
Анхаарал төвлөрүүлэх чадвар буурах
Шийдвэр гаргахад төвөгтэй болох
Хэт мэдрэг болох
Гонсойх
Сэтгэл гутрах
Сэтгэл түгших
Гэмтэл болон осолд өртөх эрсдэл ихсэх
Эмийн эмчилгээний талаар:

4.    Ядаргааг эмчлэх өвөрмөц эмчилгээнийн арга байхгүй гэдгийг анхаараарай.
Хэрэв биемахбодийн болон сэтгэцийн эмгэгээс болж ядаргаа илэрсэн бол суурь эмгэгийг эмчилэхэд ядаргааны шинж тэмдгүүд буурна. Зарим нэг хүмүүст сэтгэл гутралын эсрэг эмийн эмчилгээ илүү үр дүнтэй нөлөө үзүүлдэг. Эмийн эмчилгээ нь ядаргааг арилгаж тайвшруулах үйлдэлтэй хэдий ч бас донтолтыг үүсгэж болно. Энэ нь та эмчилгээний явцад эмийн тунг бага багаар нэмж байснаа эмээ хэрэглэхээ шууд зогсоомогц танд илэрч буй ядаргааны шинжүүд улам хүндэрнэ гэсэн үг юм. Эдгээр эмийн бэлдмэл нь жирэмсэн үед болон архи мансууруулах бодистой хамт хэрэглэхэд биед хортой үр дагавар үзүүлдэг.
Ядаргааг эмчлэхийн тулд хэрэглэж байгаа зарим эмийн бэлдмэлийг хэрэглэхдээ дараах зүйлийг байнга санах хэрэгтэй.
донтолт бий болгож болно
жирэмсэн үед урагт хор хөнөөлтэй
архи болон мансууруулах бодистой хамт хэрэглэсэн тохиолдолд үхэлд хүргэх аюултай.

5.    Архаг ядаргааг хэрхэн даван туулах вэ?
Ядаргаа үүсгэх шалтгаануудыг тодорхойлох Та ядраад байгаа шалтгаанаа тогтоох нь маш чухал. Та нойр, сэтгэл хөдлөлийн шалтгаан, амьдралын хэв маягын шалтгаан зэргээ жагсаан бичээд өөрт тань ядаргаа үүсгэж байгаа шалтгаануудыг мэдэж авсан байх нь чухал.
Хэрэв та одоо болтол өөртөө итгэлгүй байгаа бол та эмчийн зөвлөгөө авах шаардлагатай. Та нэгэнт шалтгаанаа тодорхойлсон бол ядаргаагаа даван туулах арга замуудыг төлөвлөж эхлэх хэрэгтэй.
Хэрэв та сайн унтаж чадахгүй байгаа бол эмчтэйгээ энэ талаар зөвлөлдөх хэрэгтэй.
Хэрэв таны ядаргаа биемахбодийн эмгэгээс үүдэлтэй гэдгээ тодорхойлсон бол энэ асуудлаа хэрхэн эмчлэх талаар эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.
Хэдийгээр архаг эмгэг нь нэн даруй эмчлэгдэхгүй боловч шинж тэмдгийн эмчилгээ хийснээр таны ядарч сульдах байдал харьцангуй багасна.
Хэрэв таны ядаргаа сэтгэл хөдлөлийн шалтгаанаас үүдэлтэй гэдгээ тодорхойлсон бол энэ асуудлаа эмчлэх талаар эмч болон зөвөлгөө өгөгчтэйгээ ярилцах хэрэгтэй. Мөн та тайвшруулах амьсгалын дасгал хийх аргыг эзэмшээрэй.
Хэрэв таны ядаргаа амьдралын хэв маягийн өөрчлөлтөөс үүдэлтэй гэдгээ тодорхойлсон бол дараах үйл ажиллагааны төлөвлөгөө рүү анхаарлаа хандуулаарай. Амьдралын хэв маягийн өөрчлөлтийг шийдвэрлэх Ядаргаа үүсэхэд нөлөөлж буй амьдралын хэв маяийг өөрчлөх нь маш чухал зүйл юм.

Та юу хийж болох талаар хэд хэдэн жишээ дурдъя.
Алжаал тайлж болох богино хугацааны амралтаа авч өөрийнхөө зарим нэг амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийж эхлээрэй.
Та доор дурьдсан тайвшруулах амьсгалын дасгал хийх аргыг эзэмшээрэй.
Хэрэв та хэт их ачаалалттай ажиллаж байгаа бол та өөрийнхөө ажлын ачааллыг багасгах арга замыг хайгаарай. Жишээлбэл, гэртээ байгаа хүмүүсээсээ туслалцаа гуйх, ажил олгогчоосоо тусламж хүсэн ажиллах цагыг багасгах талаар асуух.
Хэрэв та хэт бага ачаалалттай ажиллаж байгаа бол та хийж байгаа ажлаа эргэн харж, өөрийгөө илүү завгүй болгож болно. Жишээ нь, олон нийтийн клубын үйл ажиллагаанд оролцох, сайн дурын ажил хийх, сонирхол татах шинэ зүйл олж авч, оролдох
Хэрэв та илүүдэл жинтэй бол элсэн чихэр, өөх тосыг хязгаарлаж, аль болох бага идэхийг хичээгээрэй. Ингэснээрээ та эмчтэйгээ хоолны дэглэмийн талаар зөвлөлдөхөд үр нөлөөтэй юм.
Хэрэв та амархан залхдаг бол идэвхитэй үр бүтээлтэй амьдрахын тулд өдөр тутмын зарим нэг үйл ажиллагаагаа шинэчлэн төлөвлөх хэрэгтэй болно.
Хэрэв та дасгал хөдөлгөөн хийдэггүй бол аажим аажмаар байнгын дасгал хөдөлгөөн хийх дэглэм тогтоохыг зөвлөж байна. (Хэрэв та 65-аас дээш настай болон ямар нэгэн биемахбодын эмгэгтэй бол эмчтэйгээ зөвлөлдөөрэй)

Тайвшруулах амьсгалын дасгал
Биемахбодийн болон сэтгэлзүйн тулгамдсан асуудал нь нойронд муугаар нөлөөлж болно. Өөрийгөө тайвшруулах дасгалыг сурсанаар нойрны асуудлыг шийдвэрлэхэд тусална. Тайвшруулах олон янзын арга техник байдаг. Тэдгээрийн нэг болох амьсгалын дасгалыг дор танилцууулъя.
3 секундын турш аажим амьсгал авах
3 секундын турш аажим амьсгал гаргах
Дахин амьсгал авахын өмнө 3 секундын турш амьсгал түгжих
Энэ дасгалыг 5 минутын турш хийх буюу амьсгал гаргах үедээ “Би тайван байна” гэдэг үгийг өөртөө хэлнэ.
Хамраараа болон хэвлийгээ (цээж оролцохгүй) оролцуулж амьсгал авна
Оройд сандал дээр тухлан суугаад, 5-10 минутын турш дасгалыг хийнэ.
Дасгалыг байнга давтан хийхгүй бол тайвшруулах дасгалын үр дүн нь төдийлөн сайн гарахгүй гэдгийг санах хэрэгтэй.

6.    Хэнд хандах вэ?
Их унтах , юманд идэвхи сонирхолгүй болох, сэтгэл гонсойх, ядарч сульдах зэрэг шинж тэмдэг илэрч таны өдөр тутмын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөн та энэ байдлийг даван туулж чадахгүй байгаа бол та өрхийн болон мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.


URL:

Сэтгэгдэл бичих