Албан тушаалын төлөө алаагүй баавгайн арьс шидэж ардаа хуваахаа болино уу, гурав аа!

8144

За манай энхрий хайрт Ерөнхийлөгч оны сүүлчийн шөнө галаар наадчихсан шүү дээ. Бүх ард түмнээрээ зээлтэй, зээлгүйгээрээ хуваагдаж талцаад, муудалцаж муйхарлаад, гудамжинд гарч үзэлцэх л дутаж байна. Зээл авсных нь аз, аваагүйнх нь хохь болж, төлж барагдуулсан заримынх нь төөрөг зурхай буруу эргэчихлээ. ҮАБЗ-ийн гурван гишүүний гаргасан шийдвэрийг Сангийн сайд нь, Төв банкны удирдлага нь ч мэдээгүй байж таарав. Одоо чухам би чиний өрийг төлөхгүй, үгүй чи ажил хийдэг юм чинь татвараараа төлнө гээд самардалцаж маажилцах л дутуу байна. 2012 оны сонгуулийн өмнө Хүний хөгжил сангаас нийт 1,9 их наяд төгрөгийг иргэдэд бэлнээр тараасан байдаг. Үр дүнд нь алдарт Тавантолгойгоо Хятадын “Чалко”-д ухаан алдаж унамаар хямдхан өрөнд өгч, өмнөд хөрштэй хийсэн удаан хугацааны энэ гэрээ одоо ч хүчинтэй хэвээр, нүүрсээ хямд ачуулж, нүглээ үүрээд сажилж байна. Гэрээний хугацаа нь дуусчихвал Тавантолгой дээрээ олон улсын шалгаруулалт зарлаад, хөрөнгө оруулалт татмаар л байх юм. Эрхэм Ерөнхийлөгчийн хэлснээр Салхитын мөнгөний ордыг эргэлтэнд оруулах замаар ахмадуудын тэтгэврийн зээл болох 776 тэрбум төгрөгийн өрийг тэглэх юм байх. Салхитын мөнгөний орд шүүх дээр уяатай, гурван ч хэрэг үүсчихсэн, шийдвэр нь таг нам гацаатай байгаа. Тэгээд орд газар гэдэг чинь асар их мөнгө зарлагадаж байж эргэлтэнд ордог. Судалгаа, хөрөнгө оруулалт, технологи, олборлолт, баяжуулалт, борлуулалт, маркетинг…лавтай таван жилээс наашгүй. Ядаж байхад ҮАБЗ-ийн гурван бурхны гаргасан шийдвэрийг хувийн банкууд хэрхэн биелүүлэх үү? Зээл өгсөн арилжааны банкууд данс дугуйлж дампуурлаа зарлах уу, эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэврийн зээлийг нь төлөх юм уу? Нэг бол Салхитын мөнгөний ордоо арилжааны банкуудад хувааж өгөөд өр авлага дуусах юм уу? Арга зам нь тодорхойгүй ийм нэг хэрэг дэгдэх нь ч дэгдлээ. Алаагүй баавгайн арьс шидэж ардаа хуваах нь ч хуваачихлаа. Төсвөөс гаргана, татвар төлөгчдөө луйвардана гэхээр 2020 оны төсөв 2.0 орчим их наядын алдагдалтай байгаа. Ахмадуудын зээлийг нэмчихвэл 3.0 их наяд болж, сох дутаж, солгой дуугараад эхэлнэ. Гаднаас дахиад зээл авах юм уу? Монгол Улсын гадаад өр 30 гаруй тэрбум долларт хэдийнэ хүрсэн. Энгийн үгээр бол улсынхаа 10 шахам жилийн төсвийг бүгдийг өргөн бариад ч хүүг нь гүйцэхгүйдээ тулсан. Тэгэхээр баярлах эрт, барилцаж авах бүүр эрт байна. Ер нь бол манай энхрий хайрт Ерөнхийлөгч, сэлэм эргүүлдэг Ерөнхий сайд, тэдний далласан газар далдайдаг УИХ-ын дарга гурав алаагүй баавгайн арьс ард түмнийхээ дунд шидэхдээ албан тушаалаа авч үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгээ харуулчихлаа. Одоо амласандаа хүрэх гээд улсаа барьцаалж урд хөршөөс мөнгө гуйх уу? Хойд хөршөөс хоол гуйх уу? Ийм хэмжээний мөнгөөр үйлдвэр босгоод, хот байгуулаад өгчихвөл залуус ажилтай орлоготой болж, хөгшдийн маань сэтгэл амсхийж, цээж хөнгөрөх байлаа. Шуудхан хэлэхэд хооронд нь муудалцуулан байж, эмээ өвөөгийнх нь нэрээр үр хүүхдээс нь эх орныг нь, ирээдүйг нь хулгайлахаа болино уу, гурав аа. Та гурав солгой дуугараад, сондгой тоглоод, сохрын газар доголон гүйгээд байна! Албан тушаалтайгаа энх үлдэж, мөнх жаргамаар байвал залуу үеийнхнийг үргээсэн, залгисан, үндэсний дархлаагаа сулруулсан алхмууд хийхээ болино уу. Зээл тэглэнэ гэж эдийн засгаа зэрлэгшүүлэхийн оронд тэтгэвэр нэмчихвэл нэмнээ ч болно, нэхээс ч болно. Угаасаа ч нэмэх цаг болсон. Ёстой ганц өгүүлбэрээр хэрээ таниулж, хэмжээгээ мэдүүлэх чинь энэ үү? Булчингийн сайхныг будаа тариа шиг хураахгүй, сэлэмний сэнсэнд цай буцалгаж уухгүй. Мөнгө олдож байвал гадаад өрөө дар, эсвэл өрөндөө нэг аймгаа өгөх гээд байгаа юм уу? Яг аль аймгаа өгөх гэж байгаагаа хэлнэ үү?

Р.Эмүжин


URL:

Сэтгэгдэл бичих