-НАМАЙГ ХОРИН ХЭДЭН ЖИЛ МӨРӨӨДӨЖ ЯВАХ ХООРОНД СОЛОНГОСЧУУД МААНЬ ӨӨРСДӨӨ “БҮРГЭДИЙН ДЭВЭЛТТЭЙ БҮСГҮЙ” ХЭМЭЭХ 51 АНГИТАЙ КИНО БҮТЭЭГЭЭД МАНАЙ TB-5-ААР ХҮРТЭЛ ЦАЦАЖ БАЙХ ЮМ-
Одоогоос 7-8 зууны тэртээ амьдарч байсан Ки хатан буюу Өлзийхутаг бол, монгол эмэгтэйчүүдийн бахархал болсон домогт хүн. Саяхан Б.Эгшиглэн “Ардчилал таймс” сонинд “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй буюу Ки хатны үнэн түүх” гэсэн сонирхолтой материал хэвлүүлсэн байна. Энэ өгүүлэлдээ, Ки хатны тухай “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй” киног үзээд төрсөн сэтгэгдлээ, бас түүхийн нэгэн үеийн сонирхолтой баримтуудыг дэлгэн тавьжээ. Өлзийхутаг бүсгүй XIV зууны эхэн үед Солонгосын хойгийн төв хэсэгт орших Хэнжү хэмээх жижигхэн хотод дунд зэргийн зиндааны цэргийн түшмэлийнд мэндэлж, угийн царайлаг энэ охин шивэгчнээс Хаан эзний их хатан болтлоо дэвшсэн гээд түүний амьдралын олон адал явдлыг “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй” кинонд үзүүлсэн байна. Би 51 ангитай цуврал киног бүрэн үзэж амжаагүй байгаа учир, Өлзийхутагийн маань хувь заяа ямраар төгсөхийг мэдэхгүй байна. Б.Эгшиглэнгийн бичсэнээр бол, манай тооллын 1370 оны тавдугаар сарын 23-нд 51 настай Тогоонтөмөр хаан, цусан суулга өвчнөөр таалал төгсч Ки хатан (Өлзийхутаг) бэлэвсрэн үлдсэн байна. Тэгээд “Ки хатан хаана хэрхэн амьсгал хураасан нь түүхийн оньсого болон үлджээ” гэсэн байна. Энэ өгүүллийг бичигч маань Ки хатны тухай түүхийн олон эх сурвалжаас эш татан, хөдөлшгүй баримт материал цуглуулан, тун сонирхолтой зүйл бичсэнд олзуурхаж байна.
Одоо, би яагаад Ки хатны тухай сонирхох болсон, энэ гоо үзэсгэлэнт эмэгтэй тухай кино жүжиг бичих хүртлээ сэтгэл догдолж, зүүдэлж, зөн совинд итгэж хүртэл явснаа бичье гэсэн юм.
1990-ээд оны дунд үед миний бие Ү.Хүрэлбаатар эрхлэгчтэй “Улаанбаатар” сонинд редакцаа хариуцсан орлогч эрхлэгчээр ажиллаж байлаа. Манай сонины эрхлэгч Ү.Хүрэлбаатар бол маш авхаалж самбаатай, шинэ сэргэг зүйл бүхнийг сэдэж байдаг хүн л дээ. Тэгээд ч тухайн үедээ “Улаанбаатар” сонин 20000 хувь хэвлэгдэж, захиалгаараа өдөр тутмын сонинуудаас тэргүүлж байсан юм. Гадаад харилцаагаа энэ үед маш сайн өргөжүүлж тэлсэн. Түүний нэг баримт нь манай сонин БНАСАУ (Хойд Солонгос)-ын нийслэлийн сонинтой хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуран, хамтарч ажиллаж байсан явдал. Жил болгон сонины ажилтнуудаа харилцан солилцож, туршлага судалдаг байлаа. Нэг удаа миний бие сониныхоо төлөөлөгчдийг ахлан БНАСАУ-д зочилсон юм. Манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд надаас гадна “Улаанбаатар” сонины албаны дарга асан зохиолч сэтгүүлч У.Галсансүх, сонины гар зурагчин Ү.Болдсайхан, сонины хэвлэх үйлдвэрийн дарга Баясгалан, сонины борлуулалтын албаны менежер Д.Хоролсүрэн нар байлаа. Орчуулагч нь Солонгосоос манай улсад суугаа элчин сайдын яамны ажилтан Ан Си. Биднийг Солонгосын нийслэлийн төв хэвлэлийнхэн маш сайхан хүлээн авч, үйлдвэр аж ахуй, соёл гэгээрлийн олон газраар оруулж, асар их зүйлийг үзүүлж харуулан, бодит амьдралаа танилцуулсан. Ер нь солонгосчууд манай улсыг, манай ард түмнийг их хүндэтгэдэг, нөхөрсөг, эвсэг хүмүүс л дээ. Би Өмнөд Солонгост, парламентын сурвалжлагч байх үеэрээ зочилж, туршлага судалж л байсан. Аль ч Солонгос нь монголчуудад их нөхөрсөг сайхан ханддаг л даа.
1990-ээд оны үед манай УИХ чинь парламентын сурвалжлагчдаа хэсэг бүлгээр гадаадад явуулж, туршлага судлуулдаг байсан юм шүү дээ. Т.Баасансүрэн тэргүүтэй 10 сурвалжлагч Өмнөд Солонгост зочилж тэндхийн парламент яаж ажилладгийг нэгд нэгэнгүй үзэж харж ирсэн сэн. Одоо манай УИХ парламентын сурвалжлагчдаа тэгж анхаарал тавьдаг юм уу, үгүй юм уу, мэдэхгүй юм даа. Хойд Солонгост бид долоо хоносон. Ер нь үзэсгэлэнт гоё газруудаараа бараг бүгдийг үзүүлсэн дээ. Их ч гоё нутаг юм, их ч хөдөлмөрч ард түмэн юм. Энд, онцгой анхаарал татсан зарим зүйлийг сонирхуулмаар байна. Солонгосын дайны үед хойд Солонгост Ж.Самбуу гуай элчин сайдаар сууж байсан юм билээ. Музейд нь нэг шатар байдаг юм. “Монгол Улсын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуайн тоглож байсан шатар” гэсэн хаягтай, элэгдэж хуучирсан шатар л даа. Ж.Самбуу дарга Солонгост элчин сайд байхдаа шатар их тоглодог, тэндхийн нэртэй мастеруудыг хожчихдог байсан гэнэ. Пхеньян хотыг Америкийн онгоцууд байнга бөмбөгддөг байсан учир байшин болгон нь доороо түр хоргодох байртай, түгшүүрийн дохио өгмөгц л тийшээ гүйлдэж ордог байсан юмсанж. Нэг удаа түгшүүрийн дохио өгсөн чинь Самбуу гуай шатар тоглоод “ухаан алга” гэнэ. Өчнөөн дуудуулсны дараа Ж.Самбуу дарга амандаа нэг юм үглэчихсэн, шатраа өрөөтэй нь өргөөд нуувч руу орж байсан гэж танилууд нь ярьдаг гэнэ. Хойд Солонгост хамгийн сайхан юм, хулгай дээрэм байхгүй. Дэлгүүрийн лангуун дээр мартчихсан зүйл хичнээн хоносон ч байж л байна. Хүмүүсийнх нь соёлч боловсон байдал, үнэхээр гайхамшигтай. Манай буудлын дэргэдүүр Их мөрөн урсдаг юм. Мөрний хөвөөнд шөнө дөл болтол наадам наргиан, дуу хуур болно. Өглөө эрэг хавиар нь очиход ганц ч тамхины иш, цаасны цөвдөл байхгүй, цэвэр цэмцгэр хэвээрээ байна… гэхчлэн Солонгосын ард түмнээс сурах юм их бий дээ.
Нэг өглөө биднийг холын замд авч явах боллоо. Хэдэн машинтай, урдаа гупертэй, хачин тансаг хөдөлж байгаа юм чинь. Хоёр Солонгосын хилийн зааг дээр очих гэж байгаа нь тэр. Зам ч гэж хачин шүү дээ. Уулуудыг нүхлээд засмал-зам тавьчихсан, хурдны зам нь толь л гэсэн үг. Ууланд ойртоод очиход хоёр нүх л харагдаж байна. Очих, буцах хоёр зам байгаа нь тэр. Хоёр Солонгосын хил гэдэг маань, нэг жижигхэн байшин дундуур л заагласан байх юм. Хилийн шугамын цаад талд нь Өмнөд Солонгосын бүрэн зэвсэглэсэн харуул хойшоо хараад зогсож байгаа. Наана нь Хойд Солонгосын хилийн харуул урагшаа хараад зогсож байна. Тэр хилийн шугам дээр байгаа өндөр цамхаг дээр гарч, зүг бүр тийш нь ажигласан. Өмнөд Солонгосын хилийн цаана хот тосгод, барилга байшин зөндөө, бараг л хашгираад хоорондоо ярьчихмаар юм билээ. Ийм сонирхолтой бүс нутгийг үзээд, бид буцах замдаа, нэгэн их модтой сүрлэг уулын аман дахь Ки хатны бунханыг үзэж сонирхсон юм. Манайхны 10 ханатай гэрээс ч том юмуу даа, хоёр чулуун бунхан байна. Хоорондоо ойрхон, хүн босоогоороо явж болмоор хонгилоор холбогдсон байх юм. Бунханы гадна талыг монгол хээ угалзаар сийлж, эргэн тойронд нь чулуун баримал босгожээ. Тэр баримлуудад нь манай таван хошуу мал, тэмээ л алга. Биднийг бунханд оруулаагүй. Эргэн тойрч үзээд, тайлбарлагчаас үнэн түүхийг сонсож билээ. Бунханы гадна талд чулуугаар сандал ширээ зассан байна. Тэр ширээ сандал дээр суугаад тайлбарлагчийн яриаг сонсож, бичиж тэмдэглэж авснаа та нартаа товчхон хүргэж байна.
Дээр үед Солонгосын ханхүү, Монголоос голдуухан гүнж буулгадаг байж. Нэгэн ханхүү (кинонд бол Тогоонтөмөр хааныг гэсэн байна билээ) Монголоос Өлзийхутаг хэмээх охиныг хатан болгож авчирсан гэнэ. Хориод насны, царайлаг, их гоё охин байсан гэнэ. Тэгээд охиныг Ки хатан хэмээн өргөмжилсөн гэх.
Хаан хатан хоёр жил гаруй жаргалтай сайхан амьдраад Ки хатан хүүхэд төрүүлэхийн улмаас тэнгэрт хальсан гэнэ. Хаан ихэд гашуудаж, Солонгосын хамгийн үзэсгэлэнт байгальтай тэр ууланд бунхлан оршуулахыг зарлигласан юм билээ. Тэгэхдээ, эхний том чулуун бунханыг бариулаад хатнаа оршуулж, дэргэд нь яг ижил бунхан бариулан Ки хатныхтай холбоод “хэзээ нэг цагт намайг насан эцэслэхэд энэ бунханд нойрсуулаарай” хэмээн амьдын гэрээслэл үлдээсэн юмсанж. Ханхүү амьд сэрүүндээ жил болгоны зуны дэлгэр цагт Ки хатныхаа бунхан дээр ирж эмгэнэдэг, тэр чулуун ширээ сандал дээр арван төрлийн амттан, архи дарс дэлгэж зочдоо дайлж цайлдаг байсан гэнэ.
Тэгээд тав зургаан жилийн дараа Ханхүү өөд болоход гэрээсэлсэн ёсоор Ки хатных нь дэргэдэх бунханд оршуулсан. Одоо хаан хатан хоёр энд зэрэгцээ нойрсож байгаа хэмээн тайлбарлаж билээ. Бид, эрдэмтэн тайлбарлагчид талархал илэрхийлээд аяны замаа үргэлжлүүлсэн. Энэ үзэсгэлэнт уулын аманд өөр ямар ч барилга байгууламж байгаагүй. Ганцхан тайлбарлагч л байсан. Хаана яаж аж төрдөгийг ч мэдээгүй. Биднийг очно гэснээр тэр эрдэмтэн тайлбарлагчийг хаа нэг газраас авчирсан юм болов уу л гэж бодож байсан. Ингээд Монголын нэгэн үзэсгэлэнт охин Өлзийхутаг буюу Ки хатан холын улс гүрэн, эзгүй хээр газар хэдэн зууны турш нойрсож байгааг бодоод, бид ямар их сэтгэл хөдөлсөн гээ. Нутагтаа иртэл, ярьдаг л юм Ки хатан байсан даа. Монголдоо ирсэн хойно ч гэсэн нэг хэсэгтээ энэ үзсэн, сонссон зүйл сэтгэлээс гараагүй. Би хүртэл зүүдэлж, чулуун морийг нь уначихаад “Чүү! Чүү!” гээд сэрчихэж байсансан. Уран бүтээлч хүний хувьд олон янзаар дүрсэлж бодсон. Кино хиймээр ч юм шиг. Эмгэнэлт драмын жүжиг хийвэл илүү сонин ч юм шиг. Янз бүрээр бодоод, сэтгэл дэвэрч “Ки хатны домгоор кино юм уу жүжиг хийнэ” хэмээн хэвлэлүүдэд бичиж байж билээ. Хэзээ ч бүтэхгүй санаа байсан юм билээ л дээ. Ядаж солонгос хэлээр А-ч байхгүй, эртний холбогдолтой түүх шастир үзэж уншаагүй миний хувьд хэзээ ч бүтэшгүй хий мөрөөдөл байсан юм билээ.
Тэгтэл ч хорин хэдэн жилийн дараа Солонгосын уран бүтээлчид маань “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй” хэмээх 51 ангитай кино хийж олон улс оронд цацлаа. Миний мөрөөдөл биеллээ. Нэлээд ангийг нь үзээгүй ч гэсэн, монгол эмэгтэй олон улсын дэлгэцнээ амилсанд туйлын баяртай байна. Уран бүтээлчдэд нь баярласнаа дахин дахин хэлмээр байна. Эрдэмтэн судлаачид, киноныхон, миний үзэж сонссон зүйлийн дунд зөрүүтэй зүйл олон байгаа ч, долоо найман зуун жилийн өмнөх явдал учраас хагархай шаазан шиг ханхийтэл нийлэхгүй нь мэдээж. Гол нь Ки хатан монгол хүн. Монгол Солонгосын ард түмний найрамдал хамтын ажиллагаа өнө мөнхийн уламжлалтай, ариун нандин зүйл гэдгийг ойлголцож байвал болох нь тэр.
Г.ЖАМЬЯН (Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч)