Венесуэл криптовалютаар нефть худалдана
МОСКВА. /TASS/. Венесуэл улс нефть болон олборлосон алтныхаа зарим хэсгийг үндэсний криптовалют петрогоор худалдана гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ.
“Бид Венесуэлийн нефтийг петрогоор худалдана. Ган, төмрөө бид хэдийнэ петрогоор худалдаж борлуулж байгаа. Нефть, ган, төмөр, хөнгөн цагаан худалдах тухай гэрээ хэлэлцээрүүдийг бид хэдийнэ байгуулсан бөгөөд олборлосон алтныхаа зарим хэсгийг петрогоор зарна” гэж тэрбээр мэдэгдсэнийг “Насьональ” сонин уламжилсан байна.
Мадурогийн хэлснээр, Засгийн газар венесуэльчуудын өдөр тутмын амьдралд криптовалютыг амжилттай нэвтрүүлж байна. 12 дугаар сард Венесуэлийн эрх баригчид тэтгэврийнхэн болон төрийн албан хаагчдад шинэ жилийн баярт зориулсан тэтгэмжийг петрогоор олгожээ. “Петро криптовалют ашиглах туршилт амжилттай болж байна” гэж Венесуэлийн Ерөнхийлөгч хэлсэн байна.
Үндэсний криптовалют гаргаж байгаагаа Мадуро 2017 оны 10 дугаар сард мэдэгджээ. Криптовалютын худалдаа 2018 оны хоёрдугаар сарын 20-нд эхэлсэн байна. Түүний өртөг нь тус улсад олборлосон нэг торх нефтийн үнэтэй тэнцдэг ажээ.
Монцамэ агентлаг
URL: