М.Уранцэцэг: Гиннесийн рекорд эзэмшиж буйгаа мэдээгүй байсан
- Дэлхийн цуврал тэмцээнүүдээс нийт 35 медаль хүртсэн
МУГТ М.Уранцэцэг Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ “Хамгийн олон медаль хүртсэн тамирчин” хэмээн бүртгэгджээ. Тэрбээр дэлхийн цуврал тэмцээнүүдэд сүүлийн есөн жил тасралтгүй амжилттай оролцож, 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн хооронд 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл буюу нийт 35 медаль хүртсэн байна. Түүний хувьд олимпоос бусад дэлхийн чансааны бүх л тэмцээнээс медаль хүртсэн бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс иж бүрэн медаль хүртсэн анхны тамирчин юм. М.Уранцэцэгтэй холбогдож сэтгэгдлийг нь сонслоо.
-Танд баяр хүргэе. Гиннесийн номонд бүртгэгдсэнээ хэзээ мэдсэн бэ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, би энэ талаар саяхан мэдсэн. Уг нь өнгөрсөн дөрвөн сард бүртгэгдсэн юм билээ. Сэтгэл маш өндөр байна.
-Гиннест бүртгэгдсэнийг гэрчлэх батламж олгох уу. Тамирчдын зүгээс ямар нэг үүрэг оролцоо бий юу?
-Миний зүгээс ямар нэг үүрэг оролцоо байгаагүй. Тасралтгүй, тогтвортой амжилт гаргасан маань Гиннест бүртгэгдэх үндэс болсон. Батламж олгох талаар мэдээлэл ирээгүй байна.
-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байна вэ?
- Хоёрдугаар сарын эхээр Парисын Их дуулгад оролцоно. Бэлтгэлээ Австрид базаана.
Т.Намуунболор
Засгийн газрын мэдээ
URL: