Боломжгүй нэгэндээ ганц удаа боломж олгоё! Бүү барьц

olloo_mn_1426048114_tetgewer2020 оны хамгийн эхний баярт мэдээ тэтгэврийн зээлийг тэглэх Ерөнхийлөгчийн мэдэгдэл байлаа. Шинэ онтой зэрэгцсэн энэхүү мэдэгдэлд олон хөгшид магнай нь тэнийж, баярласан нь ойлгомжтой.

Гэтэл зарим нэг улс төрчдөөсөө эхлэн хариуцлага хүлээ, тэглэх боломжгүй, улс төрийн шоу гэх мэт дайралт, эсэргүүцэлтэй тулгараад ирэв. Үүнийг няцаах цөөн хэдэн үг байна.

Нэгдүгээрт, МАНАН-гийн шуурганд өртөн гаднынханд бараг л алдаад байсан “Салхитын мөнгөний орд”-ыг төрд эргүүлэн авсан сайхан үйл хэрэг өнгөрөгч онд тохиосон. Тиймээс асар их баялаг, нөөцтэй энэхүү ордоо эргэлтэд оруулан нэг удаа өндөр настнуудын тэтгэврийг тэглэж яагаад болохгүй гэж. Хөгшчүүл 30-аад жил хоёр нийгмийн хөлд чирэгдэн насаараа хөдөлмөрлөж, төлсөн татварынхаа үр шимийг тэр болгон бүрэн дүүрэн хүртээд байдаггүй. Хатуухан хэлэхэд, үхэхдээ үр хүүхдэдээ өр өвлүүлээд явдаг нийгэм шүү дээ. Тиймээс ганц удаа төрийн хайр хишгийг хүртэхэд гэмгүй санагдана.

Хоёрдугаарт, Тэтгэврийн зээл тэглэх боломж бололцоо байгаа болоод л Ерөнхийлөгч ийнхүү мэдэгдэл гаргасан байж таарна. Гэтэл зарим улс төрчид юу юуны тухад хүрэлгүй хариуцлага энэ тэр ярьж, нэгнээ үгүйсгэж суух юм. Ардчиллаас хойш Монголын улс төр “Тамын тогооны үлгэр”-ийг утгаар нь тоглож байгааг хүн бүр хэлнэ. Үүний оронд ямар бололцоо, гарц, шийдэл байна хамтраад нэг удаа ард олныхоо төлөө бодит үйл хийвэл зүгээрсэн.

Гуравдугаарт, Өнөөх л өөдлөх гэсэн нэгнээ доош татдаг сэтгэлгээ явсаар л байна. Тэтгэврийн зээл тэглэнэ гэсэн сургаар “биднийг ялгаварлаж байна, төрийн хайр хишгийн гадна орхигдлоо” гэж зээлгүй хүмүүс нь жагсах болоод ирэв. Зээл тэглэх асуудал бол дөнгөж эхний алхам. “Салхитын мөнгөний орд”-той адил улсад үр өгөөжгүй гадны улсын хоолыг бэлдсэн олон орд газраа төр цаашид ч авах байх. Тэр үед мэдээж тэр хайр хишгээс гадуур хоцорлоо гээд байгаа иргэддээ төр анхаарал хандуулна гэдэгт итгэлтэй байна. Аливаа зүйл эхлэхдээ элдэв шүүмж дагуулж л байдаг шүү дээ. Тэглээ гээд бөөн бөөнөөрөө талбай дээр жагсаж нэгнийхээ хийх гэсэн санааг харлуулахгүй байх нь зөв.

Эцэст нь хэлэхэд боломж бололцоотой хүмүүс юу л гэж хүү төлөн барин зээл аваад байхав дээ. Хөгшчүүл банкнаас авсан мөнгөө хадганд боогоод авдартаа хийхгүй. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж өдөр хоногийг аргацааж байгааг захын айл уруу ороод харахад мэдэгдэнэ. Тиймээс эсэргүүцэхээсээ өмнө боломж байна уу нэг харж сурмаар байна.

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих