Төрийн залилан

Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Нямаа гэдэг эмэгтэй Ерөнхий сайд Сү.Батболдод “Эдийн засаг өслөө, өслөө л гэх. Миний амьдралд наалдаж орлого нэмэгдэж байгаа юм огт алга” гэж гомдолложээ. Энэ гомдлын хариуд Ерөнхий сайд юу ч дуугарч чадаагүй бололтой юм билээ. Бодож бодож, учир шалтгаан нь “баялгийн хуваарилалт олон түмэнд жигд хүртээмжтэй байдлаар очиж чадахгүй цөөн хэсэгт төвлөрөөд байгаа”-д байгааг намынхаа Бага хурлын III хуралдааны индрээс журмын нөхөддөө илтгэсэн юм.

Түүний зөв. Гэхдээ тэр дутуу харсан байна. Юуг дутаасан бэ гэхээр, хамаг баялгийг төвлөрүүлсэн өнөө “цөөн хэсэг” нь төрийн дотор байгааг. Магадгүй, өөрөө ч тэр цөөн хэсэгт багтах байх. Эрхэм гишүүн Д.Одбаяр, Я.Батсуурь, “молекул” Б.Батбаяр, Сангийн сайдаар саяхан томилогдсон Д.Хаянхярваа ч багтана. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтөвшин, “Ньюпрогресс” группын эзэн С.Бямбацогт ч бас орно. УИХ дахь олонхийн ч, цөөнхийн ч төлөөлөл болсон эдгээр эрхмүүд 2010 оны 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах санаачилгаараа ард түмнийг улайм цайм залилан мэхлэх гэж оролдов. Өндөр дээд эрх бүхий ийм хүмүүс үгсэн хуйвалдаж ард түмнийг хуурах гэсэн энэ оролдлогыг төрийн залилан гэхээс өөрөөр нэрлэх боломжгүй.

Гавъяагаар халхалсан луйвар

Энэ оны Улсын төсвийн тухай хуульд Тавантолгойн хувьцаанаас иргэн тус бүрт 1072 ширхэгийг олгохоор тусгасан. Мэдээж, энэ шийдвэрийг албажуулах нь тэдний үндсэн ажил л даа. Өнгөрсөн оны сүүлээр Я.Батсуурь тэргүүтэй УИХ дахь АН-ын бүлгийн хэсэг гишүүд, мөн Д.Одбаяр нарын МАН-ынхан тус тусдаа тогтоолын төсөл санаачлан хэлэлцүүлж, нөхөд ард түмнээ боддог, бусад нь “Монгол 999” нэгдлийнхний лоббид автсан болж баахан бужигнасныг хүмүүс санаж л байгаа. Тухайн үед иргэн бүрт 536 ширхэг хувьцаа ноогдохоор байсныг хоёр дахин нэмэгдүүлж байгаагаа ярьж, үнэхээр “ард түмэнч”-ээ тэд харуулж чадсан. Засгийн газраас төсөвт тусгаж оруулсан санал байсан ч гэлээ “гавъяа”-г нь тэд өөр хоорондоо булаалдан байж үүрсэн. Гэтэл ачир дээрээ гавъяа бус луйвар байсан нь өнгөрөгч долоо хоногт болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр илчлэгдлээ.

Нэр дурдсан гишүүдийн тус тусдаа санаачилсан хоёр тогтоолын төслийг нэгтгэжээ. Түүнийг байнгын хорооны хуралдаанд гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм. Тэгэхдээ мань хүн, “Ард түмэнд хувьцаа эзэмших үү, сая төгрөг авах уу гэсэн сонголт олгож байгаа юм” гэж авдаг байгаа. Юун “сонголт” хаанаас гэнэтхэн гараад ирэв? Яагаад ард түмэн авах ёстой юмсынхаа аль нэгийг сонгох учиртай гэж?

Амлалт биш ажил

УИХ-ын 2008 оны сонгуулиар намууд 1.0 сая, 1.5 сая төгрөг бэлнээр өгөхөө амалж, энэ амлалтынхаа ачаар парламентын олонхи, цөөнх болсон. Хамтарсан засгийн газар байгуулж, мөрийн хөтөлбөрт нь 1.5 саяар тусгасан. Дараа онд Хүний хөгжил сангийн тухай хууль баталж, сангаа ч байгуулсан. Сангийн хөрөнгө ашигт малтмалын өгөөжөөс бүрдэж, түүнийг монголчууд ижил тэгшээр хуваарилан хүртэж байхаар хуульчилсан. Иргэдэд, үнэндээ бол сонгогчдод үр дүнг нь мэдэгдэхүйц мэдрүүлэх гэхдээ Сү.Батболдын Засгийн газар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдаас хүүтэй зээл авч, бэлэн мөнгө тарааж эхэлсэн.

Сонгуулийн энэ амлалт хэдий популист ч гэлээ тухайн үед харьцангуй нөхцөл нь бүрдчихсэн, зайлшгүй хийх ёстой ажлын урьдчилсан төлөвлөлт байсан гэж хэлж болно. Манай орон зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр гээд эрдэс баялаг арвинтай, стратегийн ордуудаа тогтоочихсон, олон зуун “нинжа”-тай болчихсон байлаа. Хөрөнгө оруулагчид ч Монголыг аль хэдийнэ “точка”-лчихсан байв. Уул уурхай, эрдэс баялгийн нөөц бүхий орнуудын туршлага бидэнд тэртэй тэргүй хуваарилалтын болон тогтворжуулалтын сан байгуулах нь зайлшгүйг “хэлээд өгчихсөн” байсан. Мэдээллийн энэ учир зүйгээр хөөн дүгнэвэл “эх орны хувь хишиг” гэсэн гоёмсог нэршлийг нь эс тооцвол амлалт биш ажил л байсан. Гүйцэт хийж амжуулаагүй нь харин өөрсдийнх нь буруу.

Хувь хишиг бол…

Хүний хөгжил сангийн орлого хуулийн дагуу стратегийн ач холбогдолтой ордуудын хувьцааны ногдол ашиг, нөөц ашигласны төлбөр, орд ашиглахтай холбогдуулан авсан урьдчилгаа, зээл зэрэг хэдхэн эх үүсвэрээс бүрдэнэ. Эдгээрийн дотор хувьцааны ногдол ашиг гэж байгаагаас хувьцааг биетээр нь орлого болгоно гэж заагаагүй. Тэгэхээр сангаас хувьцаа хүртээх боломж байхгүй. Мөн “Хүний хөгжил сангийн тухай” хуулийн 17 дугаар зүйлд иргэд хувь хишгээ,
-тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр;
-орон сууц худалдаж авсны төлбөр;
-бэлэн мөнгө;
-эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөр гэсэн дөрвөн хэлбэрээр л авч болно гэж заасан. Хувьцаа хэлбэрээр авна гэж зүтгэвэл харин ч хууль зөрчихөөр байгаа биз? Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа хүний хөгжил сангаас хүртээх хувь хишиг биш юм. Монгол хүн бүр Үндсэн хуулийнхаа ёсоор газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бүх баялгийн эзэд нь. Тиймээс Тавантолгойн хувьцааг улстөрчид бидэнд өгч байгаа биш, зүгээр л эзэд нь юмаа мэдэж байгаа хэрэг юм. Тэгэхээр эрхэм гишүүд өөрсдийн минь мэдлийн хөрөнгийг бидний мөнгөн хувь хишгээр худалдан авах гэж оролдсон байгаа биз?

Заль мэхний томъёолол

УИХ-ын 39 дүгээр тогтоолд Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэж заасан. Гэтэл дээрх эрхэм гишүүд энэ хэсгээс “эхний ээлжинд” гэсэн үгийг хасахаас шийджээ. Ингэж иргэдэд хувьцаа олгох ажлын оочерыг хойшлуулж болох нүх гаргасан байгаа юм. Түүнчлэн “Монгол Улсын иргэнд 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компаний хувьцааг эзэмшүүлэх, бэлэн мөнгө олгохдоо иргэдэд ижил тэнцүү байх зарчмыг баримтлан зохион байгуулах” гэсэн нэмэлт оруулахаар төлөвлөсөн байна. “Үнэ төлбөргүй” гэсэн үгийг хасаагүй хэрнээ хувьцааг хувь, хишгийн үлдэгдэл болох 1.0 сая төгрөгөөр худалдах гэсэн нь тогтоолыг дотор нь зөрчилтэй болгожээ. Бас болоогүй, хачин ойлгомжгүйгээр эв хавгүй найруулж бусдыг төөрөгдүүлэх гэсэн нь илэрхий анзаарагдахаар байгаа юм. Тэгээд энэ томъёоллоо МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин “Эхний ээлжинд ард иргэдийн гар дээр 500 мянган төгрөгийг олгоод дуусч байгаа.  Үлдэж байгаа нэг сая төгрөгийг олгохдоо олон хувилбар гаргаж ирсэн. Одоо иргэн бүртээ олгох 1072 хувьцаан дээр сонголт хийлгэнэ” гэж тайлбарласнаар сая төрийн залилангийн үнэн төрх гарч ирсэн юм. Тэр цааш нь ярихдаа, “2012 оны улсын төсөвт  55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйчүүд,  мөн хөгжлийн бэрхшээлтэй 108 мянган орчим иргэн тус  бүрт нэг сая төгрөг олгох мөнгө нь туссан. Үлдэж байгаа иргэддээ мөнгийг нь хэрхэн олгох нь тусаагүй. Гэхдээ үндэсний компаниуддаа нэрлэсэн үнээр нь хувьцаагаа худалдахаар мөнгө ороод ирнэ. Тэгэхээр хувьцааны оронд нэг сая төгрөгөө авах сонголт хийсэн иргэддээ мөнгийг нь олгоно” гэснээс хувьцаа түгээх ажлын дэс дараалал ч тов тодорхой болсон юм. Тэр бүү хэл зарим иргэдэд сонголт ч байхгүй болсон байна. Тодруулбал, оюутнуудад. 170 гаруй мянган иргэний асуудал энд яригдаж буй. Тэд эх орны хишгээрээ сургалтын төлбөрөө төлчихсөн болохоор тэр аж.

Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалт бий. Оюутнуудыг ялгаварлаж байгаа нь хүнийг “байдлаар” нь гадуурхсан хэрэг. Сурч боловсрох язгуур эрх монгол хүн болгонд бий. Гэвч энэ эрх нь түүнд хохирол болж болохгүй байлтай. 2009 оноос эхлэн оюутнуудад сургалтын төлбөр хэлбэрээр хувь хишгийг нь олгож эхлэхдээ эзэмших ёстой хувьцаагаа солих уу гэж асуугаагүй. “Ид ид гэчихээд идсэний дараа гахай гэв” гэгчийн ийм нохой залийг монголчууд хужаа зан гэдэг юм.

Хударга хэссэн хулгай

Тогтоолд оруулахаар нэмсэн бас нэг заалтад, иргэд хувьцаагаа нэрлэсэн үнээр нь худалдах тохиолдолд эхний ээлжинд аж ахуйн нэгжид санал болгохоор тусгажээ. Өөрчлөлт ороогүй 39 дүгээр тогтоолд, 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө бүртгэгдсэн аж ахуйн нэгжүүдэд хувьцааны 10 хувийг худалдахаар заасан. Олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс гаргасан санал шүүмжлэлд тулгуурлан энэ шийдвэрийг өөрчлөх нь зүйтэй гэж УИХ, Засгийн газар үзээд, төсвийн тухай хуульд иргэдэд үнэ төлбөргүй олгох хувь хэмжээг 20-оор тооцож тогтоосон. Аж ахуйн нэгжүүдэд зарах байсан 10 хувийг иргэд рүү шилжүүлсэн хэрэг. Тэгэхгүй бол аж ахуйн нэгжүүдийн цаана байгаа 2000 гаруйхан эзэнд 3.0 сая шахуу хүнийхтэй ижил хэмжээний хувьцаа төвлөрчих гээд байсан юм. Гэтэл дээрх гишүүд энэ хувьцааг өөрсдөө нэмж байгаа аятай л сүржигнэцгээсэн атлаа аль болох иргэдээс аж ахуйнууд руу заруулах бүхий л арга чаргыг сүвэгчилсэн нь тов тодорхой харагдаж байна. Тэр бүү хэл, гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж хөрөнгө босгох учиртай 30 хувийг “нааш, цааш болгох” замаар яаж ийгээд аж ахуйн нэгжүүдэд өгөх 10 хувийг дахин бүрдүүлнэ гэж ичих ч үгүй цагаан дээр хараар, бүр тод хараар дурайтал бичсэн байх юм. Өнгөн дээрээ “ард түмэнч” царайлан, эздэд илүү хувь оногдуулахгүй хэмээн цээжээ дэлдэх хэрнээ УИХ, Засгийн газрын аль аль нь бүрэн бүрэлдэхүүнээрээ “больё” гэчихсэн шийдвэрийг хулгайн аргаар зүйл, заалтуудын энд тэнд бултуулж нуугдуулан, буцааж оруулж ирээд байгааг ойлгоход нэг их ухаан шаардахгүй. Учир нь тэд өөрсдөө Ерөнхий сайдын ярьсан өнөө “баялгийг төвлөрүүлсэн цөөн хэсэг”-ийн зарим нь юм шүү дээ.

Цагийн цөвийн хэв шинж

Ерөөс “ард түмний мэдэлд” буй Тавантолгойн нүүрсний ордын хувь заяа анхнаасаа мордохын хазгай болсон гэж болно. Ерөнхий сайд Сү.Батболд Засгийн газрынхаа 97 дахь хоног дээр уг орд газрыг 100 хувь төрийн өмчлөлд байлгаж, гадны хөрөнгө оруулагчдыг гэрээгээр ажиллуулах байр сууриа зарласан. Гэтэл сайд нар нь хөрөнгө оруулагчидтай хэлэлцэж тохирон, орд газрын цөм хэсгийг баруун, зүүн гэж хуваагаад, нэг хэсгийг нь төрийн мэдэлд үлдээж, нөгөөгийнх нь 82 хувийг БНХАУ, АНУ, Орост өгөхөөр болгочихоод орж ирж байсан. Хэдхэн хоногийн өмнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Нямаад Ерөнхий сайд “нийтээрээ үнэт цаас эзэмшигч үндэстэн болох” зорилт дэвшүүлсэн “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-өө танилцуулахаар боловсруулж байхад парламент дахь намын бүлгийнхэн нь дээрх залилан мэхлэлтээ хэлэлцэж суусан юм.

Уул нь Монголын төр “хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” үүргийг Үндсэн хуулиар иргэдийнхээ өмнө хариуцдаг. Гэтэл одоогийн парламент олонх, цөөнхөөрөө нийлээд хуулиа зөрчиж, иргэдээ мэхэлж суугааг юу ч гэмээр юм бэ дээ. Эртний мэргэд чухамдаа цаг нөхцлийн яг ийм хэв шинжийг “цөвүүн” гэж тодорхойлдог байж. Үнэхээр төр нь ард түмнээ залилан мэхэлж байгаа ийм цаг үеийг “цөвүүн цаг” гэхгүй бол өөр ямар цаг үеийг тэгж нэрлэх билээ.

“Үндэстний ТОЙМ” №06 (105) 2012.02.06


URL:

Сэтгэгдэл бичих