ШИНЭ ОН: Улс орнуудын хамгийн өвөрмөц уламжлалууд

1_bДэлхийн ихэнх улс оронд Шинэ оныг 12 дугаар сарын  31-нээс нэгдүгээр сарын нэгэнд шилжих шөнө тэмдэглэдэг. Айлчлан ирж буй хайр, аз жаргал, сайн сайхан бүхнийг авчраасай гэсэн хүсэлтэйгээр дэлхийн  ард түмнүүд төрөл бүрийн зан үйл үйлддэг аж. Эдгээрээс хамгийн өвөрмөц, сонирхолтой уламжлалуудыг түүвэрлэн хүргэж байна.

Чехд баяраар шувууны мах иддэггүй

Чех бол домог хуучаар дүүрэн орон. Шинэ жилийн баярын үеэр Чехийн иргэд баярын ширээний ард цуглан, өнгөрсөн үеийн сонирхолтой түүхүүдийг ярих дуртай байдаг гэнэ. Баярын ширээндээ ирэх онд амжилт, цэцэглэлт авчирахыг билэгдэн булуу цагаан загас жигнэн тавих нь элбэг бол шувууны мах тавихыг цээрлэдэг гэнэ. Учир нь далавчтай амьтан амжилтыг аваад нисчихнэ хэмээн үздэг аж. Мөн эзэгтэй нар эртний жороор жигнэмэг хийн, гудамжинд яваа хүмүүсийг дайлдаг уламжлалтай гэнэ. Чехийн өвлийн өвгөнийг Гэгээн Микулаш гэх бөгөөд мөн л улаан хүрэм, улаан малгатай байдаг аж.

Итали: Хуучнаа бүгдийг хая

Италичуудын дунд байх хамгийн алдартай, хачирхалтай уламжлал бол  гэрээсээ хуучин эд зүйлээ гарган хаях. Хэрэгцээгүй болсон эд зүйлсийг аль болох ихийг хаях тусам ирэх он төдий чинээ аз жаргалтай байна гэж үздэг гэнэ. Гэхдээ жилээс жилд энэ уламжлал мартагдаж байгаа бөгөөд харин Италийн өвлийн өвгөн болох Боббо Наталегийн дуртай өнгө болох улаан өнгийн хувцас өмсдөг уламжлал улам бүр дэлгэрч байгаа аж.

Өөр нэгэн сонирхолтой уламжлал нь усан үзэм идэх. Хэр ихийг идэж чадна төдий чинээ ирэх ондоо баян болно гэж үздэг гэнэ.

Испаничууд он солигдохоос өмнө 12 усан үзэм идэх ёстой

Усан үзэм иддэг уламжлалтай өөр нэгэн улс нь Испани. Цагийн зүүний харанга дэлдэж эхэлмэгц 12 усан үзэм амжиж идэх ёстой. Энэ уламжлал хэдийнэ 300 гаруй жилийн түүхтэй бөгөөд усан үзмийн ургац арвин байсан үеэс энэ уламжлал эхэлжээ. Одоо испаничууд энэ уламжлалаа хэвээр хадгалан, 12 усан үзэм идсэн хүн бүрийг ирэх онд амжилт, аз жаргал дагана гэж үздэг аж.

Даничууд аяга таваг хагалах уламжлалтай

Даничуудад олон сонирхолтой уламжлал байдгийн дундаас хамгийн хөгжилтэй нь хөршүүд, найз нөхөд, эсвэл төрөл төрөгсдийнхөө гэрийн цонхны доор сав суулга хагалах уламжлал гэнэ. Шинэ жилийн үдшийн маргааш нь цонхон доор нь хэр их хагархай байна төдий чинээгээр шинэ он нь жаргалтай байна гэж үздэг аж.

Германчуудын “мэргэ”

Шинэ он гарахын өмнө буюу 12 дугаар сарын 31-ний үдэш германчууд хайлуулсан тугалгаар мэргэлдэг уламжлалтай гэнэ. Тугалгыг халбаган дээр тавьж, лааны дөлөн дээр халаан хайлуулаад дараа нь ус руу хийн, гарсан дүрсийг нь ажилагдаг аж. Сарнай эсвэл од гарвал ирэх жил амжилт, хайрыг билэгдэж байна хэмээн үздэг гэнэ.

Австрали

Австрали дулаан цаг агаартай тул эндэхийн Өвлийн өвгөнүүд нь тун ч өвөрмөц. Тэд Санта-Клаус шиг буга, эсвэл Оросын Өвлийн өвгөн шиг морь хөлөглөхгүй харин далайн түрлэг дээгүүр серфтэйгээр гарч ирдэг гэнэ.

Грек

Грекийн эзэгтэй нар уламжлалт хоол болох төмстэй шарсан тоорой бэлтгэн, бэлэг худалдан авч, нэгнийдээ зочилдог. Мөн шинэ жилийн үдэш ганц бие бүсгүйчүүд ирээдүйн ханиа мэргэлдэг уламжлалтай гэнэ.
Түүнчлэн нэгдүгээр сарын нэгэнд өрхийн тэргүүн гүйцэт боловсорсон том анар жимс аван, гадаа гарч, гэрийнхээ хана руу шиддэг аж. Анарын үрнүүд хэдий чинээ хүчтэй цацрах тусам төдий чинээ аз жаргалтай байна гэж үздэг.

Унгар

Гэрт шүгэлдэхийг хоосроно гэж үздэг олон орон байдаг бол эсрэгээрээ сайн сайхныг билэгдэн шүгэлддэг ард түмэн ч бий. Тухайлбал, унгарчууд гэртээ шүгэл үлээснээр муу сүнснүүдийг хөөн, шинэ жилийн үдэш амжилт дуудна гэж үздэг аж. Мөн унгарчууд шинэ оныг гадаа тэмдэглэх дуртай тул 12 дугаар сарын 31-нд дэлгүүрүүд шөнөжин ажиллах нь элбэг гэнэ.

Г.Бямбасүрэн

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих