МАН төрийн байгууллагуудыг сонгуулийн штабаа болгохоор шуурхайлав

АН хамтарсан Засгийн газраас гарсантай холбоотойгоор МАН дангаар Засгийн газраа эмхлэн байгуулав. Гэхдээ тэд зөвхөн Засгийн газраа байгуулаад зогсохыг хүссэнгүй. Улсын гэгдэх томоохон байгууллагуудын удирдлагыг ч өөрийн хүнээр солих ажиллагааг шуурхайлж байна. Үүний тод жишээ нь Улсын бүртгэлийн өрөнхий газар юм. Тус газрын дарга асан Л.Мөнхбаатар өнгөрөгч оны сүүлээр Сонгуулиин тухай хуулийн дагуу төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гарган албан тушаалаасаа түдгэлзсэн. Түүнийг чөлөөлөгдсөнөөс хойш тус газрын дэд дарга С.Энхбаатар орлон гүйцэтгэгчийн албыг хашиж байлаа. Энэ газар нь Тэргүүн шадар сайдын мэдэлд харьяалагддаг. Тиймээс МАН энэ газрыг мэдэлдээ авахаар генсекээ тэргүүн шадар сайдын суудалд зүтгүүлсэн ч бүтсэнгүй. Асуудал хуулийн дагуу өрнөж МАН-д хаалт болсон гэж болно.

Хэдий ийм ч МАН-ынхан улсын бүртгэлийн газрыг авах гэсэн санаагаа ямар ч байсан хэрэгжүүлж, намынхаа нарийн бичгийн дарга асан Л.Амарсанааг тус газрын даргаар өнгөрөгч баасан гаригт томиллоо. Ийнхүү МАН-ынхан сонгуулиин үеэр бүхий л бүртгэл мэдээллийг хариуцах Улсын бүртгэлийн ерөнхий газрыг “гартаа” авчихлаа гэсэн үг. Иргэдийг цахим үнэмлэхжүүлэх ажил ирэх сараас эхэлнэ. Нийт хүмүүсийн 98 хувь нь шинэчилсэн бүртгэлд хамрагдсан тул цахим үнэмлэхээ авах боломжтой хэмээн албаныхан мэдээлж буй. Хэдийгээр 98 хувь гэж байгаа ч энэ бол нарийн тоо биш. Үүний цаана хичнээн хүн давхар бүртгэлд хамрагдаж, сонгуулийн үеэр илүү санал өгөхөөр зэхэж байгааг хэн мэдэх билээ. Нөгөө талаас Л.Амарсанаа нь тус намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан улс төрийн албан хаагч, Гэтэл алга урвуулахын хооронд төрийн албан хаагч болчихов. Энэ нь Төрийн албаны тухай хуулийг илтэд зөрчсөн үйлдэл байв. Тэр төрийн албан хаагч болохын тулд дээрх хуульд заасан шалгалт, шаардлагыг биелүүлэх ёстой байсан. Гэсэн ч тэгсэнгүй, зөвхөн намын хэмжээлшгүй эрх мэдлийн хүрээнд төрийн томоохон байгууллагын удирдлагын суудалд заларчихлаа.

Тэргүүн шадар сайдын албан тушаал үгүй болсон тул Улсын бүртгэлийн газрыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хамааруулахаар болсон. Энэ нь ХЗДХ-ийн сайд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Нямдоржийн шууд удирдлагад орж байна гэсэн үг. Ийн харьяалах салбар өөрчлөгдөнгүүт тус газарт ажиллаж байсан газрын дарга болон мэргэжилтнүүдэд халаа, сэлгээ хийж МАН-ын гишүүдийг томилж байгаа гэх сураг сонсдож эхэллээ. Үүнийг нотлох гэсэн мэт өөр нэгэн мэдээ чих дэлсэх болов. Энэ нь МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, ЗГХЭГ-ын дарга

Ч.Хүрэлбаатар төрийн бүх байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байгаа АН-ын гишүүдийг халах ажлыг яаралтай хийхээр 100 гаруй хүний нэрс атгаад явж байна гэдэг байв.

Энэ бүх байдлаас харахад МАН-ынхныг хардах сэтгэл өөрийн эрхгүй төрөх шиг. Л.Амарсанааг тус газрын даргаар очихоос өмнө үүрэг гүйцэтгэж байсан С.Энхбаатар нь нам бус нэгэн байсан бөгөөд өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн гэх. Үүнд ямар нэг шахалт байсан гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Уг нь ийм нам бус хүн уг албан тушаалд нийцэх ёстой байв. Гэтэл түүний оронд өнгөрөгч сонгуулиар иргэдийн бүртгэлийг ашиглан булхай луйвар гэгчийн үлгэр жишээг харуулсан МАН-ын нарийн бичгийн дарга байсан хүнийг удирдлагаар нь томилдог нь ямар учиртай юм бол. МАН-ынхан 2012 оны долдугаар сарын 1-нийг хийхийг хүссэн юм биш биз.

Т.ГЭРЭЛМАА


URL:

Сэтгэгдэл бичих