Ерөнхийлөгч өө, авлигачидтай тэмцэх тэмцэл чинь зогсчихсон юм уу

8045

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү 6 хоногийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгч хаана байна аа, одоо ил гараач ээ. Прокурорыг дуудаад, загнаад байсан. Авлигачидтай тэмцэнэ, оффшорт байгаа мөнгийг оруулж ирнэ гээд яриад, мөнгөн аяга бариад яваад байсан биз дээ. Хүн солих гэж л яваад байсан юм уу, хаашаа юм” хэмээн ярьсан.  Сүүлийн үед Ерөнхийлөгч нээрээ л таг чиг болсон. Ганц нэг хуульд хориг тавих, шагнал гардуулах үеэр л ил гарч ирж байгаа. Өчигдөр хэдэн шагнал гардуулж, бөх үзэж, ард иргэддээ харагдав. Шударга ёс гэж хөлийн чигчий хуруун чинээ ч үлдээгүй, авлигачид нь мөнгөө “идээд”, цавчдагаа цавчсаар л байгаа энэ улсад иргэд нэг л зүйлийг хүсэж байгаа. Тэр нь шударга ёс. Шударга ёсыг тогтоох хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэж таныг дэмждэг иргэд хүлээсээр.

2017 оны сонгуульд өрсөлдөхдөө та сурталчилгаагаа Хэнтийгээс эхлүүлж байсан. Зүгээр ч нэг эхлүүлээгүй. АТОЗ-ийнхэнтэй гэрээ байгуулж, хэрвээ Ерөнхийлөгч болж чадвал оффшортой тууштай тэмцэж, мөнгийг нь оруулж ирнэ гэж амласан.  Түүний сонгуулийн сурталчилгааны хамгийн гол амлалтын нэг нь энэ байлаа. Сонгогдсоныхоо дараа ч гэсэн АТГ-ын дарга нарыг хоёр ч удаа дуудаж уулзсан. 2017 оны наймдугаар сарын 2-ны өдөр АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорыг дуудаж уулзаж, “Панамын хуудсуудаар ил болсон Монголын 40 гаруй хүний оффшор данстай холбоотой асуудлыг нэн даруй шйидвэрлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд 49 хоногийн хугацаа өгөөд байгаа. Энэ дээр шийдвэртэй ажиллахад Төрийн тэргүүн дэмжиж ажиллана” гэж хэлж байлаа.

2018 оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-д очиж, Ерөнхийлөгчийн  АНУ-ын төрийн тэргүүнээс Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй квотгүй оруулах болон оффшор дансыг ил болгох, мөнгийг буцааж авчрах гэсэн хоёр асуудлаар туслалцаа хүссэн.  Ирснийхээ дараа “Цензургүй яри” нэвтрүүлэгт оролцож, сонирхолтой ярилцлага өгч байлаа.  Тэр яриаг сануулъя. З.Энхболд дарга “Сонгуулийн үеэр Ерөнхийлөгчтэй АТОЗ-ийнхөн гэрээ байгуулаад, 17 тэрбум ам.доллар гээд яваад байсан даа. Ерөнхийлөгч 17 тэрбум уу, эсвэл 1 юм уу гэдгигй мэдэхгүй шүү дээ. Ямар ч байсан би сонгогдвол үүний учрыг олохын төлөө ажиллана гээд гарын үсэг зурсан.

Одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаар Ерөнхийлөгч нэг ажил хийлгэж байгаа.  1990 оноос хойш Монголын хилээр ямар баялаг гараад, хэдэн төгрөг эргэж орж ирэв гэдгийг олоодох. Жил бүрээр нь, бүтээгдэхүүн болгоноор. Гаалийн мэдээгээ Орос, Хятадын мэдээтэй тулгана. Тэгээд зөрсөн нь оффшор дансанд байна гэсэн үг. Гэхдээ оффшор руу орохын тулд хууль ёсны банкнаас дамжина. Дараа нь оффшороосоо гарахын тулд дахиад хууль ёсны банкаар дамжина шүү дээ. Тэр нь бүртгэгддэг. Энэ дэлхий дээр авлига аваад, нуугдаад, Америкт байшин аваад, сайхан амьдарна гэдэг ойлголт алга болчихсон юм байна. Манай улсын хүндэт авлигачид аа, та нар явах газар байхгүй болсон” гэж ярьж байлаа.

2018 оны аравдугаар сард Ерөнхийлөгч  Үндэсний телевизэд ярилцлага өгөхдөө “АТГ-ын даргыг сольж, офшорт байгаа мөнгийг оруулж ирье гэхэд ч УИХ хөдлөхгүй байна. Санаачилсан, хийсэн бүх л ажлыг УИХ унагаж байна” гэж хэлсэн.  Нээрээ ч өмнөх Ерөнхийлөгчийн үед томилсон хууль, хяналтын байгууллагын удирдлагууд хөдлөхгүй байна гэж иргэд бодож байсан байх. Энэ онд АТГ-ын дарга, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг солилоо.  Энэ байгууллагуудын даргыг солиод даруй 7 сар гаруйн хугацаа өнгөрчихлөө.  Нөгөө гишгэх газаргүй болсон хүндэт авлигачид нь ном бичсэн шиг л “зугаацаж” байна. Зарим нь Монголоос зугтаж алга болоод, байршлаа үе үе солиод, тэрийг нь хэвлэлүүд мэдээлээд.

Нөгөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хийлгээд байгаа ажил нь яасан юм, бүү мэд. Авлигачид оффшор дансанд хэдэн төгрөг аваачиж хийснийг олох болоогүй юу. Жил гаруй судалсан, хайсан байлтай. Одоо болтол материал нь бүрдэж дуусаагүй юм байлгүй.  Хууль, хяналтын байгууллагын удирдлагууд чинь юу хийгээд байна аа. Дуудаж загнах болоогүй юу.  Тэр дундаа Ерөнхий шүүгчээ дуудаж уулзаад, шахах болоогүй юм уу.

АТГ-ын шинэ дарга тун ч гайгүй ажиллаж байгаа.  Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийн хэргийг илрүүлээд л байна. Оймсондоо ам.доллар нуусан, паар, ширээнийхээ араар мөнгөө шидсэн авлигачин гаруудыг барилаа. Оффшор дансанд мөнгө угаасан Элчин сайдын хэргийг хүртэл илрүүлчихлээ.  Тэд ажиллаж, томчуудыг барьж байгаа. “Чонын ав” ч гэж нэрлэж байна.   “Хөгжлийн банк”-ны удирдлагууд албан тушаалаа урвуулсан, Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох авлигын, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалын арилжааны банкуудаас хахуульд авсан мөнгөө бусдын нэрээр Австрали руу шилжүүлж хотын төвд хаус авч угаасан хэрэг байна. Цаашлаад  Олон жил гацсан “Оюу толгой”-н гэрээтэй холбоотой, түүнийг дагаад Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг АТГ-ынхан шуурхай шалгаж дуусган, прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.

Сангийн сайд С.Баярцогт нарын оффшорт хууль бус хөрөнгө хадгалж, Монгол руу бусдын нэрээр банкаар дамжуулж авч угаасан, Ховд аймгийнхны лицензийн, Салхитын ордын хэрэгт холбогдсон зургаан шүүгч,  Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвийн 3.5 сая долларын хахуулын, Уул уурхайн дэд сайд асан Эрдэнэбулганы “Арева” компаниас 1,2 сая евро хахуулд авч тусгай зөвшөөрөл гаргаж өгсөн хэргүүд ч эдүгээ шүүх хурлын товоо хүлээж байна. Тоон үзүүлэлтээр бол АТГ-т шалгагдаж эхэлсэн хэргүүдийн 80 хувь нь шүүхэд шилжсэн гэгдэж буй. Гэтэл шүүхээр шийдэгдсэн хэрэг бараг алга.  Албан тушаалтнууд мөрдөн хэд хоночихоод, гарч ирж ном бичиж хэвлүүлж, мөнгөө үрж ядаад явж байна.

Шүүхэд очсон хэргүүдийн ихэнхийг мөрдөн байцаалтад буцаадаг жишиг тогтчихсон. Үүний цаана янз бүрийн л шалтгаан бий байх. Гэхдээ иргэд бол хэрэгтнийг газар дээр нь барилаа, шүүх л шийдэхгүй байна гэж харж байгаа. Тиймээс хууль, хяналтын байгууллагуудынхаа дарга нарыг дуудаж, нэг уулзах болоогүй юу. Тэр дундаа Ерөнхий шүүгчтэйгээ уулзах болоогүй юу. Иргэд 2017 оны наймдугаар сард ажиллаж байсан. Саяхныг болтол авлига, албан тушаалын хэрэгтнүүд, оффшор бүсэд мөнгө нуусан авлигачидтай тэмцэж байсан Ерөнхийлөгчийг хүлээж байна. Бүх солих ёстой хүнээ сольчихоод юу хүлээгээд байгааг ч гайхаж эхэллээ.  Шударга ёсны хэлтэрхийг ч болов бариад, бидэнд нэг харуулаач. Иргэд хэлтэрхийг нь ч болов харж баясмаар байна.

ПУНЦАГБОЛД

ZALUU.COM


URL:

Нэр: зөв санаа Огноо: 31 December 2019

ХЭРЭГ албаар гацааж байгааг бүгдээрээ мэдэж байна. ТӨР минь АВЛИГАЧИН прокурор, шүүгч нарын өмнө хүч мөхөсдөж байна. УЛС орноо адаглаад саарал жагсаалтаас гаргая гэвэл ПРОКУРОР, шүүгч нартай хатуухан тэмцэл хиймээрсэн. ЕРӨНХИЙЛӨГЧийг 17 чингэлэг СПИРТЭЭР нь барьцаалаад байна уу? л гэж тааж байна.

Сэтгэгдэл бичих