Дэд консул Б.Баттүшиг хар тамхины бүлгийг илчилнэ

8038

“Монголын дипломатч өөрийн улсын хуулийн байгууллагын өндөр албан тушаалтанд мэдүүлгээ өгөхийг хүсэв” гэж Германы tag24.de мэдээллээ.

70 кг героин тээвэрлэж яваад баригдсан Истанбул дахь Монголын дэд консул Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нарыг шүүх ажиллагаа энэ сарын 18-нд дуусах байсан ч Дрезден хотын шүүх энэ хугацааг тодорхой бус хугацаагаар сунгажээ.

Учир нь Б.Баттүшигийн мэдүүлсэн “тусгай үүргийн тагнуулын ажиллагаа явуулж байсан” гэх мэдээлэл хэд хэдэн гэрчийн мэдүүлэгт мөн дурдагдсан нь Германы шүүхийн анхаарлыг татсан аж.

Мөн Б.Баттүшигийн өмгөөлөгч үйлчлүүлэгчээ Монголын хууль хяналтын өндөр албан тушаалтанд мэдүүлгээ өгөх хүсэлтэй байгааг уламжилсан байна. Шүүх энэ хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзсэн бөгөөд хаалттай хийхийг хүссэн Б.Баттүшигийн хүсэлтийг хангах эсэх нь тодорхойгүй байна.

12 дугаар сарын 27-нд Германы tag24.de мэдээллийн сайтад энэ талаар нийтлэхдээ “Өнгөрсөн тавдугаар сард 17 дугаар хурдны зам дээр Монголын дипломат С.Эрдэнэбаярын жолоодож явсан Мерседес бенз Е350 маркийн автомашиныг саатуулсан.

Хэдийгээр халдашгүй эрхтэй боловч Германы Гадаад хэргийн яамнаас шалгах зөвшөөрөл авч үзлэг хийхэд гурван сая еврогийн үнэ хүрэх 70 кг героин тээвэрлэж явсан тул хамт явсан Истанбул дахь Монголын дэд консул Б.Баттүшигийн хамт саатуулсан юм.

Тэднийг 11 дүгээр сараас шүүж эхэлсэн бөгөөд өмгөөлөгч нь “нууц ажиллагааны хүрээнд явуулсан ажил тул Монголын хууль хяналтын байгууллагын өндөр албан тушаалтанд л мэдүүлэг өгнө” гэдгийг уламжилжээ. Мөн хэд хэдэн гэрч бүрхэг мэдээлэл өгсөн тул цаашид үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзсэн байна. Дэд консул Б.Баттүшиг шүүх хурлыг хаалттай хийх, ялангуяа хэвлэлийнхнийг оруулалгүй үргэлжлүүлэх хүсэлт тавиад байгаа” тухай өгүүлжээ.

Харин ГХЯ, ТЕГ-аас Б.Баттүшигтэй холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөхийг татгалзсан бөгөөд зөвхөн дипломат шугамаар мэдээ ирсэн тохиолдолд хариулт өгөх боломжтой гэв. Жирийн нэг монгол дипломатч гурван сая евро буюу 9.1 тэрбум төгрөгөө хар тамхины наймаанд эргэлдүүлдэг гэхэд итгэмгүй.

Тэд Турк, Истанбулын мафийн бүлэглэлийн гар хөл болсон, эсвэл Монголын дипломат албанд бугшсан хууль бус наймааг илрүүлэх, задлах зорилготой шургасан нууц ажилтан гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлээд буй. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг хамгийн анхааралтай ажиглаж буй хэсэг бол харьд эх орноо төлөөлөн суугаа зарим дипломатч, тэдэнтэй “ажил хэргийн” харьцаатай бүлэглэл гэдэг нь тодорхой.

Өмнөх нь 3.9 жилийн ял аваад чимээгүй үлдсэн, харин одоо… 

Социалист нийгмийн үед янжуурын наймаагаар эхэлсэн дипломат ачаанд хууль бус бараа тээвэрлэдэг жишиг мансууруулах бодис, эм бэлдмэл, татвараас нуун дарагдуулсан их хэмжээний тамхи зэргээр төрөлжин “хөгжсөн”.

Дрезден хотноо есдүгээр сард нийт 40 мянган евро буюу 116.4 сая төгрөгийн үнэ хүрэх 150 мянган ширхэг өвчин намдаах үйлчилгээтэй “лоразепам” гэх эмийг дипломат ачаанд нууж, Будапештаас Берлин хүргэхээр явж байсан ОХУ-ын Буриад улс дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын худалдааны атташе Т.Мөнхбатад 3.9 жилийн ял оноосон.

Тэрбээр “түрээсэлсэн машинд ийм ачаа байсныг мэдээгүй бөгөөд Германд энергийн ундааны савлагааны үйлдвэрлэл судлах ажлаар явж байсан” хэмээн мэдүүлсэн. Мөн “бизнесээс олсон ашгаа мазаалай хамгаалах үйлсэд зориулах гэж байсан” гэж мэдүүлснийг Германы хэвлэлүүд элэглэн дооглож байв.

Харамсалтай нь, Т.Мөнхбат Германд үйлдвэрлэл судлах ямар ч бизнесийн уулзалт товлоогүй бөгөөд чухам “хэн мазаалай хамгаалах нь тодорхойгүй” хэмээн тус улсын хэвлэлийнхэн худал мэдүүлгийг нь ёжлон түгээж байлаа. Монголын дипломатчдын гүн гүнзгий холбогдсон хууль бус наймааны хэргүүд өмнө нь ингэж өндрөө авч, олон улсад шившиглэгдээгүй байв.

Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж буй дипломат албаны 69 хүний нэр, тэдгээрээс цөөн хоногоор хоригдож, мөн торгууль төлж байсан тохиолдлоос өөрөөр гэмт үйлдэлд нь шийтгэл оноож байсангүй. Харин энэ удаад Б.Баттүшигт есөн жилийн ял төлөвлөн, шүүх ажиллагаа үргэлжилж байна.

Тэр “үхэхийн өмнө үхэр буугаа тавина” гэгчээр бохирдоод буй Монголын дипломат албыг цэвэрлэхүйц мэдээлэл өгч чадах уу, эсвэл зөвхөн амиа хоохойлж, хугацаа хожихын тулд “үлгэр” зохиож байна уу гэдгийг шударга шүүхийн үлгэр дуурайл болсон ХБНГУ-д өрнөж буй үйл явцаас тодорхой болох юм.

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих