“Гацуурт”-ын Л.Чинбат Монголын алтаар ганцаар баяжиж байна
“Монголын баялгаар ганцаар баяжигсад буюу З.Номундарийн ашигтай бизнес” нэртэй нийтлэлийг бид өмнөх
дугаараараа уншигчдын хүртээл болгосон билээ. Харин энэ удаа “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг онцоллоо.
“Гацуурт” ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Чинбатыг өдгөө мэдэхгүй хүн үгүй болжээ. Уул уурхай, газар тариалангийн талбарт чамгүй амжилт гаргаж буй тэрбээр биеийн тамир, спортын салбарт чадал чинээгээрээ хөрөнгө оруулж яваа нэгэн.
Тэгвэл сүүлийн арван жилийн хугацаанд гэнэт тодорч, Монголын толгой бизнесмэнүүдийг хөрөнгө мөнгөөрөө илт давуу “цавчих” болсон “Гацуурт” компанийн босс Л.Чинбат Монголын хамаг алтыг ухаж дуусгасан бололтой. Зарим лиценз бүхий талбайгаа мэдээж зарж борлуулж, эсвэл хамтран ашигласан нь ойлгомжтой.
Нэг хүнд ийм олон лиценз олгож болдог юм уу гэж бодогдмоор их алтны орд бүхий талбайг Л.Чинбат захирал 1995 оноос эзэмшилдээ авч эхэлсэн байна.
Дандаа алтны орд бүхий талбайн лицензүүд манай сонины нүүр хуудаст арай хийж багталцаж байсныг дурдах хэрэгтэй.
Гэргий Н.Наранчимэг буюу “Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирлынх нь нэр дээр нийт 60 орчим лиценз анх бүртгэгдэж байснаас хойш арав гаруй жил өнгөрсөн учраас аль хэдийнэ алтыг нь аваад авдрыг нь хаясан нь тодорхой.
Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Ховд, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дундговь гээд газрыг нь ухаж, алтыг нь аваагүй аймаг, орон нутаг ч гэж үгүй бололтой. Тэгэхдээ дандаа хар биш шар алттай ордыг сонгож эзэмшилдээ авсан нь анхаарал татахгүй байхын аргагүй.
Тэгэхээр нийт 60 орчим алтны ордоос Л.Чинбат захирал гэргий Н.Наранчимэгийнхээ хамт хэдэн төгрөгийн өртөг бүхий хичнээн тонн алт хураасан бол гэдэг асуудал хэн бүхний шуналыг хөдөлгөж буй биз ээ. Тооны машинд ч багтахгүй их тоо гарах нь ойлгомжтой шүү дээ.
Монголын нэг хэсэг байтугай нэлээд хэсэг гэр бүл, хүн амыг тэжээх хэмжээний алт, хөрөнгө мөнгө хураасан тэрбээр 2007 оноос л нийгмийн зарим нэг эмзэг салбарт эдийн засгийн тусламж үзүүлэх болсон гэдэг.
Өөрөөр хэлбэл өөрийн шүтэн биширдэг бөх, Монгол Улсын даян аварга А.Сүхбаттай хамтран “Олимп” дээд сургуулийг 2007 онд байгуулж, 2009 онд Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч болсноор биеийн тамир, спортын салбарт багахан хэмжээний хөрөнгө хаях болжээ.
Гэсэн ч эмэгтэй бөхчүүдийг эс тооцвол манай чөлөөт бөхийн тамирчид уналтаасаа сэвхийтэл өндийж чадахгүй л байна.
Мөн Л.Эрдэнэбулган найруулагчийн бүтээл “Үхэж үл болно” Монголын уран сайхны кинонд 800 сая төгрөг хандивласан гэдэг юм билээ. Үүнээс өөр урлаг, спорт болон нийгмийн бусад салбарт хөрөнгө мөнгөөрөө туслалцаа үзүүлснийг нь бид лав мэдэхгүй юм байна.
Гэтэл 60 орчим лицензийнхээ ачаар Монголын хичнээн тонн алтыг ухаж, хэр хэмжээний хөрөнгө мөнгө босгосныг өдгөө тоолж барахгүй шүү дээ. Ингээд бодохоор Л.Чинбат энэ байтугай хөрөнгө мөнгийг Монголын эмзэг салбарт зарцуулж болох л байлаа.
Ер нь тэгээд уул ус, газар шорооны ажил хийж байгаа хүмүүс дараагийн үйл буянаа бодсон ч энэ мэтийн жижиг сажиг зүйлд хөрөнгө мөнгө цацаж, нүглээ цайруулдаг нь гэм биш зан юм гэнэ лээ шүү дээ. Энэ утгаар нь харлуулж бодвол нийгмийн хариуцлагаа ухамсарлаж буй нэрийн дор өөрийн гэм зэмээ л цайруулж яваа арга хэлбэр юм биш үү.
Түүнээс гадна Л.Чинбат захирал газар тариалангийн салбарт авьяастай нэгэн гэдгээ ч харуулж эхэлсэн.
Тодруулбал, С.Баяр даргын эхлүүлсэн Атрын III аяны хүрээнд төр засгаас багагүй санхүүжилт авч, Монгол Улсын хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр хангаж ирсэн билээ.
Ийнхүү тооцоод байвал Л.Чинбат захиралд сайн, муу олон л үйл бий биз.
Ямартай ч тэрбээр “Гацуурт” компаниа 1993 онд үүсгэн байгуулж байжээ. “Гурван гол” ХК-ийн харьяа компани болж байгуулагдсан “Гацуурт”ХХК 1998 онд бие дааж, өрх тусгаарласан гэдэг юм билээ.
Өдгөө “Гацуурт” ХХК геологи, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга, гадаад дотоод худалдаа, спорт сургууль, телевиз гэсэн есөн чиглэлд 25 салбар, аж ахуйн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
Уншигч та “Өглөөний сонин”-оос Л.Чинбатын эзэмшлийн лиценз бүхий талбайнуудыг сонирхоно уу.
Өглөөний сонин
URL: