Жил хүрэхгүй хугацаанд 300 гаруй иргэнээ зам дээр алдсан 3 сая МОНГОЛЧУУД

15770068715dff37175c5315041. Энэ бол сүүлийн 15 жилийн хугацаанд зөвхөн зам тээврийн ослын улмаас амиа алдагсдын тоо. Үүнээс гадна 11020 хүн бэртэл, гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа алджээ.

Бид өдөр бүр хэн нэгнийгээ ослоор нөгөө ертөнц рүү илгээгээд байх олуулаа бил үү?

Дэлхийн дайны халуун цэгт өдөр бүр дэлбэрэлт, алан хядах ажиллагаа болж олон тооны хүн амиа алдлаа гэсэн мэдээллийг бид үргэлж уншдаг. Гэтэл манай улсад тийм байдал огт үүсээгүй атал жилд  хэдэн зуун хүн хорвоог орхиж байна.

Тодруулбал, 10 жил үргэлжилсэн Иракийн дайнд АНУ жилд дунджаар 440 цэргээ алдсан байдаг. Гэтэл зам тээврийн осол гэх “зарлаагүй дайны” улмаас  бид он гарснаас хойш 11-хэн сарын хугацаанд нийт 324 иргэнээ зам дээр алджээ.

Жил хүрэхгүй хугацаанд энэ олон хүнийг тэнгэрийн орон руу илгээсэн гол хүчин зүйл бол орон нутгийн замд гарсан ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ.  Тодруулбал, он гарснаас хойш амь насаа алдсан 324 хүний 240 нь орон нутгийн замд осолджээ.

Үүний дийлэнх нь хурд хэтрүүлсэнтэй холбоотой аж. Уг нь тээврийн хэрэгслийг жолоодож яваа эрхмүүд маань бүгд л нас биед хүрсэн хүмүүс байдаг. Гэтэл орон нутгийн зам хурдны биш  дээр нь бартаа саад, хар нүх ихтэй гэдгийг тооцоолдоггүй. Үүнээсээ болж өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ аюулд оруулдаг байна.

Уг нь Монголчууд бид аян замд явж  ирсэн нэгнийгээ угтахдаа “Сайн явж ирэв үү” гэж асуудаг болохоос биш “Хурдан яваад ирэв үү” гэж хэзээ ч асуудаггүй. Гэтэл хол замд явж байгаа жолооч нар байдаг хурдаараа бие биетэйгээ уралддаг. Энэ байдал нь ганцхан секундэд ямар их хохирол учруулдгийг тээврийн цагдаагийнхан байнга л онцолж, анхааруулдаг. Гэвч аваар ослын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.

Тиймээс бид Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Он гарсаар нийслэл болоод орон нутгийн замд хэчнээн осол хэрэг бүртгэгдсэн бэ. Тоон үзүүлэлтийг өнгөрсөн жилтэй харьцуулахад ямар байна вэ?

-Энэ оны эхний 11 сарын байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1227 удаа үйлдэгдсэн. Үүнээс нийслэлд 547, орон нутагт 680 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх оны үетэй харьцуулахад,  гэмт хэрэг зургаан хувиар өсөж, хэргийн улмаас нийслэлд 84, орон нутагт 240, нийт 324 хүн амь насаа алдаж, 1004 хүн гэмтсэн.

Гэмт хэргийн улмаас үүссэн эрсдлийн тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулан үзэхэд нас барсан хүний тоо 24 нэгжээр буюу 8, гэмтсэн хүний тоо 107 нэгжээр буюу 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

-Орон нутгийн замд гардаг ослын шалтгаан нөхцөл нь юу вэ?

-Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын гол шалтгаан нь тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэх, зам орчны байдлын хурдыг тохируулдаггүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцдог, зорчигч болон бага насны хүүхдийг буруу тээвэрлэдэг, шөнө оройн цагаар гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслийг журмын дагуу хэрэглэдэггүйтэй холбоотой. Мөн гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийдэг зөрчлүүд байна. Манай улсад зорчиж байгаа тээврийн хэрэгслийн дийлэнх нь буруу талдаа жолооны хүрдтэй учраас гүйцэд түрүүлэхийн тулд тухайн эгнээнээс бүтэн гарч байж, өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийг харах боломжтой байдаг. Үүнтэй холбоотойгоор хажууд суугаа хүнээрээ өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийг харуулдаг. Нөгөө хүн нь цаашаа явж байгаа машиныг ирж байгаа мэт, ойртоод ирж байгаа машиныг зайтай байгаа мэт тайлбарлаж, урсгал сөрж орох тохиолдол бий. Орон нутгийн замд ихэнхдээ онхолдох хэлбэрээр осол үйлдэгдэж байна. Энэ нь тээврийн хэрэгсэл хурдтай явсантай холбоотой байдаг.

-Орон нутгийн замд замын нөхцөл байдлаас шалтгаалсан осол хэрэг хэр гардаг вэ?

-Зам тээврийн ослын тодорхой хувь нь замын нөхцөл байдлаас шалтгаалдаг. Дийлэнх нь хурд хэтрүүлж, дүрэм зөрчсөнтэй холбоотой байдаг.

-Орон нутгийн замын яг аль чиглэлд осол аваар хамгийн ихээр гардаг вэ?

-Цагдаагийн байгууллагын “хар цэг”-ийн судалгаагаар аль аймагт зам тээврийн осол ихэвчлэн гарч, хүний амь нас эрүүл мэнд хохирч буйг тогтоодог. Уг судалгаагаар Баян-Өлгий, Баянхонгор, Төв аймагт зам тээврийн ашиглалтын эсрэг гэмт хэрэг 2-2.5 дахин өссөн, хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоон үзүүлэлт Архангай, Баянхонгор, Булган,Төв аймагт 2-2.6 дахин өссөн үзүүлэлт гарсан.

Эрхэм хүндэт жолооч нар минь анхаарал болгоомжтой байж, хүйтэн сэрүүний улирал эхэлж, халтиргаа гулгаа үүссэн энэ үед аян замд яарч тэвдэхгүй явах нь аминд өлзийтэй гэдгийг хамгийн ихээр анхаармаар байна. Хурдан очихдоо биш, аян замдаа сайн явж хүрэх нь чухал.

URL:

Сэтгэгдэл бичих