Эрдэнэт үйлдвэр, Шинжлэх ухааны академитай 2019 оны хамтын ажиллагаагаа дүгнэлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түүхэн 41 жилийн ой, “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт 2019” жилийн хүрээнд үйлдвэрийн газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академи хоорондын энэ оны хамтын ажиллагааг дүгнэх тайлангийн хурал амжилттай зохиогдлоо.

Тайлангийн хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Хөгжлийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд, Шинжлэх ухааны академийн судлаач, эрдэмтэн, инженерүүд оролцсон юм. 2019 онд хоёр байгууллага 8 чиглэлд хамтран ажиллахдаа бодит үр дүнд хүрснийг онцлон, хурлын үеэр судлаачдын хийсэн судалгааны ажлын талаар танилцууллаа. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсэг, Шинжлэх ухааны академийн хамтран хэрэгжүүлсэн цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах, инновацийн түвшний томоохон ажлын туршилт судалгааны үр дүн ирэх хавар харагдах юм. Мөн Эрдэнэт хотын агаарын бохирдлыг бууруулах, цагаан тоосны дэгдэлтийг багасгах зэрэг байгаль орчны чиглэлээр хийгдэж байгаа туршилт судалгааны ажлуудыг онцоллоо.

Шинжлэх ухааны академи, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд 2019 онд үйлдвэрийн газрын цех, нэгжүүдийн бүтээмжийн менежер, инженер техникийн ажилтнуудад “Оюуны өмчийн менежмент”, “Химийн хорт болон аюултай бодисын менежментийг сайжруулах”, “Хаягдлын далангийн сейсмик мониторинг хийх” сэдвээр сургалт явуулсан нь ажилтнуудыг чадавхижуулах, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, холбогдох хууль дүрмийг биелүүлэхэд үр дүнгээ өгч байна. Уул уурхайн үйлдвэрлэл нь ашигт малтмал, орд, уурхайн ашиглалтын технологи, үйлдвэрлэл, эрчим хүчний хангамж, дэд бүтэц, ложистик, эдийн засаг, менежмент, байгаль орчин, аюулгүй ажиллагаа гэсэн олон салбарыг хамарсан нарийн төлөвлөлт бүхий үйл ажиллагаатай. Эрдэнэт үйлдвэр 41 жилийн турш шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үндсэн дээр үйл ажиллагаагаа удирдан чиглүүлсээр ирсэн бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт хоёр тал итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

URL:

Сэтгэгдэл бичих