12 жилийн өмнө гарсан хүн амины хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлэв

8017

Одоогоос 12 жилийн өмнө буюу 2007 оны 08 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны аркны ойролцоо 30  орчим насны эрэгтэй хүн гадны нөлөөтэй нас барсан хэрэг гарсан байна. Дээрх хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч гэмт хэрэг үйлдсэн хүн нь тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн байжээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2018 оны 11 дүгээр сард эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг татаж хянах явцдаа уг хэрэгт зарим гэрчээс мэдүүлэг аваагүй байсныг илрүүлж, дутуу ажиллагааг явуулах даалгаврыг мөрдөгчид өгч шалгуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд урьд нь 3 удаагийн ял шийтгэлтэй С.О гэгч нь дээрх ноцтой гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож, тус дүүргийн прокурорын газраас энэ оны 9 дүгээр сард хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих