Б.Отгонбат: Сэлэнгэ аймгийн цагдаа нарт зодуулж, хөдөлмөрийн чадвараа 35 хувиар алдсан

8007

Иргэн Б.Отгонбат Сэлэнгэ аймгийн цагдаа нарт зодуулж, эрүүл мэндээрээ хохирсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Би ээжтэйгээ оёдол хийж, амьдралаа залгуулдаг. 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр намайг үл таних эмэгтэйгээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт дуудуулж, тус аймгийн Цагдаагийн ахмад, Б.Батбаяр, хошууч Г.Энхтулга, хошууч Д.Бүрэнбаатар нар намайг хилс хэрэгт гүтгэн, хөл хүнд гэмтэл автал зодсон. Үүний улмаас би ажлын чадвараа 35 хувиар алдчихаад байна.

Намайг н.Зоригоо гэх хүнтэй хамт хамт дээрэм хийсэн гэж гүтгэж байна.

Гэтэл тэр хүнийг би сайн танихгүй. 2018 оны гуравдугаар сард н.Зоригоо гэж хүн надаас ажил олж өгөхийг хүсэхэд ахаасаа барилгын туслах асууж өгч байсан.

Миний биед хүнд гэмтэл учруулсан хүмүүс тухайн үедээ согтуу байсан бөгөөд 8-9 цагийн турш намайг тарчлаасан.

Гэмтлийн улмаас би Монголд хоёр ч удаа хагалгаанд орсон ч дахин Солонгос улсад 96 сая төгрөгийн хагалгаанд орох шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлт гарсан.

Гэтэл энэ хэргийг шалгах явцад буруутай этгээдүүдийн эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг шүүх хүчингүй болгосонд маш их гомдолтой байна” гэлээ.

Мөн тэрбээр, “Энэ хэргийг шүүх Иргэний шүүхийн журмаар нэхэмжлэх тогтоол гаргасан. Харин би эрүүгийн хэргээр нэг мөсөн хохирлын хэмжээгээ гаргуулж авмаар байна. Хэрэг хийсэн этгээдүүд над руу янз бүрийн хүмүүсээр утасдуулж, заналхийлж байна” хэмээн онцлов.


URL:

Сэтгэгдэл бичих